“Электорат” хөдөлгөөн буюу бие даагчдын хувь заяа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Улс төр сонирхогч бүхэн нам байгуулж байгааг шууд утгаараа буруутгах аргагүй. Монгол Улсын иргэн нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, дуу хоолойгоо хүргэе, бүр цаашлаад шийдвэр гаргах түвшинд оролцоотой болох сонирхол ч байна. Тийм дээ ч мафижсан улс төрийн бүлэглэлүүдээс зайлсхийж бие даан нэр дэвших, эсвэл шинээр нам байгуулан улс төрд хүч үзэх сонирхол давамгайлж байх шиг. Нөгөө талаар нийгэм үнэхээр шударга ёсыг эрэлхийлж байна гэж “мөрөөдөж” болохоор.

Гэгээн талаас нь харахад нийгмийн сайн сайхны төлөө “Биеэ засаад гэрээ засчихсан” төрөө засах сонирхолтой хүмүүс байна уу гэсэн горьдлого төрнө. Харин бараан талаас нь харвал монгол төрийн бүхий л шийдвэр гаргах түвшинд нэгэн насаа элээж ажилласан Н.Энхбаяр, М.Энхсайхан нар бол өнөөх л эрх ашгийнхаа төлөө явж байгаа хэрэг. Нийгмийг өөрчлөх байсан бол тэдэнд өөрчлөх эрх мэдэл нь ч өндөр байв, цаг хугацаа нь ч хангалттай байв. Тэр тусмаа өнөөдрийн мафижсан төрд ажиллаж байгаа бүлэглэлүүд бол бүр ч хэрэггүй. Гагцхүү энэ мафижсан бүлэглэлийг тараах сонирхолгүй, тэдгээрээр дамжуулан өөрсдийнхөө хүслийг гүйцэтгэдэг хэсэг бүлэг алдартнууд ч байна уу гэх хардлага нийгмийн тал илүү хувьд бий.

Тэгвэл мафижсан бүлэглэлээс 2016 оны сонгуулийн өмнө буюу тавдугаар сарын 05-ны өдөр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ бие даагчдыг шахсан заалт оруулсан гэж болохоор харагдана. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 127.2-д “Бие даан нэрээ дэвшүүлэгч тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулна” гэж заасан бий. Энэ бол хуучин хуульд мөрдөгдөж байсан заалт юм. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн 129.1.6-д “бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан” гэх тохиолдолд бие даагчийг бүртгэхээс татгалзах буюу нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа тохиолдолд нэрийг нь эргүүлэн заалт юм. Ингэхдээ тус хуулийн 129.1.6-д заасныг үндэслэн 129.1.2-т зааснаар “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” хэмээх үндэслэлээр бие даагчийг эргүүлэн татах, нэр дэвшүүлэхээс татгалзах юм байна. Жишээлэхэд мафижсан бүлгийн Бат... дугаар тойрогт нэрээ дэвшүүлээд байтал өрсөлдөгч бие даагч Доржийн рейтэнг нь өндөр байна гэж үзье. Ийм тохиолдолд мафижсан бүлгийн Бат тухайн тойргийн нэг нөхөрт мөнгө өгөх замаар нөлөөлж, Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргуулах аж. Ингэхдээ “Манай дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Дорж намайг согтуу байхад гарын үсэг авсан байна”, “Энэ миний гарын үсэг биш”, “Манай хүүг хуурч мэхлэх замаар гарын үсэг авсан”, “Надад гарын бэлэг, мөнгө өгсөн” гэх зэрэг олон шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороонд “Алтан хошуу” өргөхөөр нэрийг нь татах заалтыг хуулийн өөрчлөлтөөр хийгээд өгчихөж. Олигархиуд өөрсдийгөө өрсөлдөгчгүй байлгах гэсэн санаа. Бие даагчид чуулганы танхимд орж ирээд бүлэглэлийн хулгайг нь яриад, худлааг нь уудлаад байх боломжгүй болголоо гэсэн үг. Энэ нь Үндсэн хуулийн “Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн сонгох сонгогдох эрхтэй” гэсэн заалтын суурь зарчимтай харшилдаж байгаа тал ч бий.

Олигархиуд өнгөрөгч хугацаанд Сонгуулийн хуулиа өөрсдөдөө тохируулан ээлжлэх замаар тохиролцож ирсэн. Хамгийн сүүлийн жишээнээс харахад 2012 онд пропорцониаль тогтолцоонд шилжүүлтэл Н.Энхбаяр тэргүүтэй гуравдагчид УИХ-д 10 гаруй суудал авч мафийн бүлэглэлд чамгүй саад болсон. Учир нь МАН, АН нийлж байгаад 2009 онд мафийнхаа сүлжээнээс арай гэж гаргасан заналт дайсан Н.Энхбаяр нь бусдын хүчийг ашиглаад ороод ирсэн хэрэг. Ингэхээр нь 2016 онд эргээд мажоратори тогтолцоонд шилжүүлснээр тэднийг шахаж УИХ-д ганцхан суудалтай үлдээгээд байгаа.

Өнөөгийн парламентад буй цор ганцхан бие даагч С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан намд орж байгаа нь тэднийг шударга замаар явж байгаа гэж сонгосон хэрэг огт биш. Парламентад байх гурван жилийн хугацаанд бүлэглэлийн хуульд хийж өгсөн заалтыг таньсан хэрэг. Өөрөөр хэлбэл ахин нэр дэвших субекьтээ хайж байна гэсэн үг. Энэ мэтээр айсуй сонгуульд рейтэнг өндөртэй бие даагчдын хувьд бол хатуухан зам тосч уулзана. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу гэхэд л “Үнэн ба зөв” намыг санхүүжүүлээд явж байна. Мөнгөний үнэ цэнийг дэндүү сайн мэдэх Ш.Сайхансамбууд “Үнэн ба зөв” намд хөрөнгө зарах нь дэндүү харамсалтай ч аргагүй байдалд орсон нь энэ. Бие даах гэхээр хуулийн шахалтад орно, МАН, АН-аас мандат авах гэхээр цаадуул нь өгөхгүй. Жижиг намуудад хөрөнгө хаях гэхээр олон жил улс төр хийж сурсан хэсэг нөхдөд зүгээр залгиулчих гээд тал талд хэцүү байгаа хэрэг.

НИЙГМИЙН ЗҮТГЭЛТНҮҮДЭЭС БҮРДСЭН ХӨДӨЛГӨӨН 

Нийтлэлч Баабар тэргүүлэн “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн доор Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүмүүсийг тодруулах “Электорат” хөдөлгөөн байгуулаад удаагүй байна. Айсуй 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших эрхмүүдийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилго бүхий энэ хөдөлгөөнд урлаг, утга зохиол, төр нийгмийн зүтгэлтнүүд нэгдсэн байна.  Тухайлбал, нэрт зохиолч Д.Урианхай, Л.Дашням нарын хүмүүс утга зохиолын салбараас төлөөлж байгаа бол Н.Жанцанноров, Б.Долгион нар хөгжмийн ертөнцөөс, Д.Чойжамц хамба гэхэд шашнаас, улс төрөөс Ерөнхий сайд асан Д.Содном тэргүүтэй нөхөд гээд олон алдартнууд энэ хөдөлгөөнийг байгуулцан, дэмжиж байгаа аж. Үүгээрээ бол гарцаагүй нийгэмд нөлөөлж, бие даагчдад тус болохоор харагдах авч тэдний зорилго биелэх боломжгүй нь дээрх хуулиас харагдана. Тэр ч бүү хэл энэ хөдөлгөөн нь бие даагчдыг хөөргөж хорлох зүйл гэж үзэх ч хүмүүс байна. Уг нь хөдөлгөөнийг манлайлагч Баабар Сонгуулийн тухай хуулийг мэдэхгүй байна гэж үгүй. Тус хөдөлгөөнийг дэмжин оролцож байгаа нийгмийн зүтгэлтнүүд ч үүнийг гадарлах учиртай хүмүүс харагдана лээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн асан С.Оюун нарыг хууль мэдэхгүй гэх ямар ч арга алга. Тэр тусмаа С.Оюун 2016 оны тавдугаар сард Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж бие даагчдын боломжийг хааж байхад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гэхээр үүнийг мэдэхгүй байна гэж үгүй. 

Тэгэхээр үүний цаана ямар нэгэн шалтгаан байна гэж хардахад болохгүй зүйл алга. Нийгэмд танил эрхмүүд энэ хөдөлгөөнөө УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш хэмээсэн ч бие даагчдыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжинэ гэснээрээ цааш явах байх. Уг нь юуны өмнө “Электорат” хөдөлгөөн нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тал дээр нийгмийг уухайлах хэрэгтэй байв уу гэсэн нэг санаа урган гарч байна. Аливаа зүйлийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчны дагуу л гүйцэтгэх учиртай. Уг нь нийтлэлч Баабар хэлэхдээ “2000 оноос нийгмийн судалгаа хийж ирсэн. Хамтарч ажилладаг хэд хэдэн судалгааны баг бий. Сонгуулийн өмнө хойно ч судалгаа хийж байсан. Зөвхөн улс төр, сонгууль гэлтгүй компаниудын захиалгаар ч судалгаа хийдэг. Энэ нь манай ажлын нэг хэсэг л дээ. Сонгуулийн судалгаанууд амархан шалгагддаг. Сонгуулиар дүн нь гараад ирнэ. Манай судалгааны дүн сайн таардаг” гэснээс харвал үүндээ итгэл төгс байгаа бололтой.

Ямартай ч “Электорат” хөдөлгөөний бодлого нь Сонгуулийн тухай хуультай үл нийцэж байгааг тунгаах буй заа. Яагаад гэхээр манайхан өөрсдөдөө хуулиа тааруулж хийгээд түүгээрээ тоглож, цоорхойг далимдуулдаг гойд авьяастай гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Түүнээс бус нийгмийн сайн сайхны төлөө байгуулагдсан хөдөлгөөн, итгэл үнэмшлээ өгсөн дэмжигчдийг буруутгах гэсэнгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.179.25.193) 2019 оны 05 сарын 16

Өөрсдийгөө хэт өндөр үнэлэгчид Монголд бий. Нийгмийн элит хэсэг гэж байгаа ухаантай юм биз дээ. Ихэнх нь өөртэйгөө хүртэл зөрчилддөг, амбицаа дийлж дийлэхээ байсан нөхөд байна. Эднийг хүн сонсох юм уу. Долгион гээд нэг ураг сайханч байна. Д.Содном гэхэд 1990 онд энэ улс орныг эзэнгүй хаяад зугтаасан, улсын нууцыг хулгайч нарт дэлгэж, алт ухуулж амиа хоохойлж яваа бас нэгэн хамилеон этгээд. Ер нь бие даагчид гэж дандаа л хутган үймүүлэгчид байсан. Ганц байлаа гээд тарих гай нь дундардаггүй этгээдүүд. Хуулиар хорьсон ч болно. Төр түмэн амгалан байг, цаашаа.

0  |  0
Zochin (66.181.161.12) 2019 оны 05 сарын 16

Mongol ulsiin maani sudalgaa statistik ch oilgomjgvi vvlend hubsun Vil bolood bgaa yum bish vv

0  |  0
Top