Японд хамгийн шинэ үеийн хурдан галт тэргийг туршжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Японы “Шинканзен” хурдан галт тэрэгний шинэ загварыг туршжээ. 2030 онд ашиглалтад орох Шинканзены шинэ загвар 360 км/ц хурдалж, туршилтыг амжилттай давсан байна.
NHK телевизийн мэдээлснээр, хэвлэлийнхэнд ALFA-X загварын галт тэрэгний туршилтыг танилцуулсан байна. Хар саарал өнгөтэй галт тэрэг Мориока галт тэрэгний буудалд амжилттай ирсэн байна.
ALFA-X толгой вагоны урд хэсэн нь шовх хэлбэртэй бөгөөд 16 метр урт гэнэ. Сүүл вагон нь 22 метр урт хаалттай байх бөгөөд Японы “JR East” төмөр замын компани энэ хоёр загварыг хоёуланг /16 м, 22 м/ нь туршиж үзсэний дараа аль загварыг нь үйлдвэрлэхээ тодорхойлох гэнэ. Хамгийн сүүлийн үеийн хурдан галт тэрэгнүүд 15 метр урт хаалттай байдаг байна.
2014 онд Шинканзен хурдан галт тэрэг 50 нас хүрчээ. Шинканзен 1964 оны Токиогийн Олимп эхлэхээс өмнөхөн Токио, Осакагийн чиглэлд анхны аяллаа хийж байсан түүхтэй. Тухайн үед 210 км/ц хурд авах хүчин чадалтай байсан ба дэлхийд хамгийн хурдан галт тэрэгт тооцогддог байжээ. Өдгөө хурдан галт тэрэгнүүд дунджаар 270 км/ц хурдалдаг ба зарим хэсэгт 300-320 км/ц хурд авдаг байна.
Японы Шинканзен өдөрт 400 мянга гаруй зорчигчдыг тээвэрлэдэг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top