Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчний төлөөллүүд тус улсад үүсээд буй хямралыг шийдвэрлэх зорилгоор Норвегийн Осло хотноо пүрэв гарагт /2019.05.16/ хэлэлцээ хийжээ. Тус улс Венесуэлийн хямралыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор зуучлах үүрэг гүйцэтгэх санал тавьсан билээ.
Ослоо хотноо Венесуэлийн эрх баригчдыг харилцаа, мэдээллийн сайд Хорхе Родригес, Миранда мужийн амбан захирагч Эктор Родригес нар төлөөлсөн бол сөрөг хүчнийг Венесуэлийн Үндэсний ассамблейн /парламент/ дэд дарга Сталин Гонсалес, сөрөг хүчний намын Херардо Блайд Фернандо Мартинес нар төлөөлжээ.
Хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа ба хэлэлцээ болсон газрыг мөн нууцалсан байна. Норвегийн NRK телевизийн мэдээлснээр, талууд хоёр ч удаа Ослоо хотноо уулзаад байна. Эхний уулзалтын талаар өмнө нь мэдээлээгүй билээ.
Николас Мадуро, Хуан Гуаидо нарын төлөөлөгчид хэлэлцээний ширээний ард хэд хэдэн удаа суусан гэж NRK телевиз мэдээлэв.
Норвегийн гадаад хэргийн яам хэлэлцээний талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан ба эх сурвалжийн мэдээллээр, Норвегийн ГХЯ АНУ-ын эрх баригчидтай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү уулзалтыг зохион байгуулсан аж. Венесуэлийн төлөөлөгчид мөн өдөр Каракас руу буцсан байна.
Европын олон улс орныг бодвол Норвеги улс Хуан Гуаидог Венесуэлийн төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Венесуэлийн хямралын асуудал дээр өнөөг хүртэл төвийг сахих байр суурийг баримталж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )