Өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр өргөмжлөөд буй тус улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, хурцадмал байдлыг шийдэхийн тулд хэлэлцээ хийхэд бэлэн гэж тэрбээр онцолсон байна. Тэр мөн Венесуэлд олон улсын ажиглагчдыг байлцуулан сонгууль явуулахыг шаарджээ.
Үүнээс гадна, Хуан Гуаидо ОХУ-тай хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Владимир Путин Венесуэлийн хямралыг ардчилсан зарчмыг удирдлага болгон сонгууль хийх замаар шийдвэрлэхийг уриалж байсан” хэмээн иш татаад өөрөө ч тэр, түүний дэмжигчид ч тэр Оросын болон Францын төрийн тэргүүн нарын байр суурь, хэлсэн үгийг анхааралдаа сонсдог хэмээн ярьжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Каракас хотноо болсон Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн бүх нийтийн цуглааны үеэр тус улсын парламентын дарга, сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )