Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагаас цаг үеийн урсгал, мэдээллийн ширүүн давалгаанд гэр бүл салалт ихэссэн үзүүлэлттэй явж ирсэн тухай судлаачдын баримт бий. Тиймээс Монгол Улсын төрөөс энэ тал дээр анхаарал хандуулахын зэрэгцээ төрийн болон Төрийн бус байгууллагаас ч олон талын ажил зохион байгуулах болжээ.
Тэгвэл Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газраас Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Гэр бүл судлалын тэнхимтэй хамтран “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “XXI зуун Монгол гэр бүл” 20 дахь удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Уг хуралд их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, дүүргүүдийн төлөөлөл оролцож туршлага, мэдээллэл солилцов. Энэ нь ч гэр бүлийн чиглэлд зохион байгуулж байгаа олон ажлуудын нэг гэж хэлж болно. Тэгэхээр Монгол Улсад гэр бүлийн хүрээнд өрнөсөн хамгийн сүүлийн үеийн статистик баримтаас харъя.
Гуравхан сая хүн амтай улс гэхэд өнгөрөгч 2018 онын байдлаар 2945 хос гэр бүлээ цуцлуулж, 36 мянган хүүхэд ээжгүй, эсвэл аавгүй орчинд өсч байгаагаас харахад хангалттай. Гэтэл 2019 оны эхний дөрвөн сард гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 492 бүртгэгдэж, өмнөх оныхоос 105 гэмт хэргээр өссөн нь ч хэтийдсэн тоо. Тиймээс гэр бүл дэх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тодорхой зохицуулалтыг “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад тусгаж өгөх шаардлагатайг хаа хаанаа анхааруулж байгааг энэ үеэр хамгийн ихээр дурдаж байв.
Тус хурал нь гэр бүлийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал, аж байдлын талаар судалгаа шинжилгээ хийх, баримт нотолгоо бий болгох зорилготой юм. Хурлыг хамтран зохион байгуулагч сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн эрхлэгч доктор Б.Оюун-Эрдэнэ “Монгол гэр бүлд сүүлийн жилүүдэд гэр бүлийн задрал бий болж байна. Улс дамнасан гэр бүл, ганц бие гэр бүл, хамтран амьдрагч гэр бүл, гэрээт гэр бүл, ижил хүйстэн гэр бүл гэх мэт байгаа нь гэр бүлийн тогтвортой харилцаа биш юм. Уламжлалт цөмт гэр бүлээ авч үлдэх нь хамгийн чухал. Цахим орчин бий болсноор хүмүүс бие биедээ зориулдаг цаг хугацаагаа цахим орчинд өнгөрөөж, амьд харилцаа үгүй болжээ. Бие даасан хараат бус амьдралыг эрхэмлэх хандлага ихсэж байгаа нь ганц бие өрх толгойлсон гэр бүлийг нэмэгдүүлж байна” хэмээсэн юм. Б.Оюун-Эрдэнэ докторын хэлсэнчлэн гэр бүлийн амьд харилцаа үгүй болсны зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өдөр бүр хүчирхийллийн тухай сонсоход бэрх мэдээ урсах болсон. Өнгөрсөн 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийн тоо 94,9 хувиар буюу өнгөрсөн оны мөн үеэс нэг дахин өссөн үзүүлэлт гарч байгаа нь ч үндэсний хэмжээнд цогц бодлого хэрэгжүүлэх болсныг харуулж байна.
“Гэр бүлийн тухай хууль”-ийн 5.5-д “Гэр бүлийн тогтвортой байдал, хүчирхийллийн эсрэг, гэр бүлийн гишүүдийн хүнлэг нандин харилцаа, уламжлалт зан заншлын тухай урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээлийг дэмжиж, урамшуулах арга хэмжээ авна” гэсэн заалт байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд иргэдэд соён гэгээрүүлэх, оюуны боловсролд нөлөөтэй соёл урлаг болоод танин мэдэхүйн контентыг бодлогоор явуулах хэрэгтэй байна. Манай төрд ийм бодлого илт дутагдаж байгаа юм. Хойд хөрш ОХУ-д тусгай дунд сургуулийн сурагчид бие биенээ буудан хөнөөсөн хэрэг гарахад Ерөнхийлөгч В.Путин тэр дариуд нь зарлиг гаргаж ОХУ-ын Ерөнхий боловсролын сургуулиудад оросын утга зохиол заах цагийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдаг нь өдгөө соён гэгээрүүлэхэд ихээхэн ач тусаа өгснийг дэлхийн шинжээчид дурдсан нь байдаг. Үүн лугаа адил хуралд оролцогсод гэр бүлийн тогтвортой байдлыг хангах тал дээр төрөөс бодлого явуулж, залууст гэр бүлийн боловсролыг дэлхийн жишгээр ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд сургалтын хөтөлбөрт оруулах нь зүйтэй гэж үзэцгээж байв. Үндсэн хуульд “гэр бүл бат бэх, сайхан оршиход нөлөөлөх хүчин зүйлс эрүүл мэнд, сайн сайхан харилцаа, ёс суртахуун, амьдралын утга учир, санхүү, итгэлцэл хүндлэл гээд олон талын үндэсний язгуур эрх ашгийн нэн түрүүнд гэр бүл орно” гэсэн нь бий. Энэ бол яах аргагүй гэр бүлийн язгуур эрх ашиг хэдий ч өнөөдрийн нийгмийн аж байдал, төрийн бодлого нь монголчуудын энэхүү язгуур эрх ашгийг хангаж үл чадна.
Хамгийн наад зах нь “Гэр бүлийн хууль”-ийн 5.2-т “Иргэн гэр бүл болох, гэр бүлээрээ эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах, гэр оронтой байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, хөдөлмөр, аж ахуй эрхлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, гэр бүлийн бат бэх тогтвортой байдлаа бэхжүүлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт, бидний язгуур эрх ашиг хаана байна. Өдгөөгөөс олон жилийн өмнө шинээр гэр бүл болж буй хосуудад гэрлэлтийн баталгааг нь үндэслэж төрөөс 500 мянган төгрөг олгож байсан нь гэрлэгсэдийн тоог нэмсэн ч эргээд салалтын тоог нэмэгдүүлсэн үзүүлэлт бий. Энэ нь бодлогогүй дэмжлэг байсан учраас ийнхүү удаагүй, зарим газарт сүүдрээ тусгаад өнгөрсөн. Энэ нь төрөөс сайн зохицуулалт, тусгай бодлого бүхий үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгтэйг харуулсан хэрэг. Тэгвэл Солонгос улсад “Эрүүл гэр бүлийг дэмжих тухай хууль”-даа гэр бүл салвал хүүхдийг аавд нь өгдөг аж. Учир нь хүүхэд ээжгүй байх боломжгүй учир гэр бүл салах нь харьцангуй бага байдаг. Орон байрны тогтвортой дэмжлэг зээлийн тогтолцоо нь иргэдийг эрх ашгийг хангах, амаржсан нялх биетэй ээжийг тэнхрэх хүртэл 3-6 сар хүүхэд асрагчаар асруулж, асрагчийн цалингийн 80 хувийг улс, 20 хувийг хосууд төлдөг байх жишээтэй. Энэ бол төрөөс явуулж буй бодлогын бодит тусгал гэр бүл хэмээх зүйлийн язгуур эрх ашгийг тэтгэж байна гэсэн үг. Мөн Япон улсад аливаа байгууллагаас үндсэн ажилтан амаржихад хоёр нас хүртэл хүүхдээ асрахад зориулж цалингийн 80 хувийг өгдөг байна. Дани, Швед, Норвеги улсад хүүхэдтэй болвол аавд нь нэг жилийн цалинтай чөлөө өгөх зэрэг гэр бүлийн язгуур эрх ашгийг баталгаажуулсан суурь бодлого байгааг эндээс харж болно. Гэтэл Монгол Улсад гэр бүл хүүхэдтэй болоход “Аавын 10 хоног” гээчийг өгөхөөс үл хэтэрнэ.
Энэ үеэр тус сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн магистр Т.Батцэцэг “Монгол эмэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ гэр бүлийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл” сэдэвтээ эмэгтэйчүүдийн архидалт гэр бүлийн таагүй уур амьсгал, хүчирхийллээс үүддэгийг дурдав. 15-64 насны нийт хүн амын 65.8 хувь нь ямар нэг хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэж байна. Эрэгтэйчүүдийн 39.7, эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Гэр бүлийн архидалттай орчинд хүүхэд өсөж бойжих нь хүүхэд буруу замд хөтлөгдөх, улмаар архи тамхи хэрэглэх магадлал өндөр болдог. Мөн түүнчлэн архи согтууруулах ундаанд автахад нөлөөлдөг хүчин зүйлсийн жагсаалтыг найз нөхөд нь тэргүүлдэг бол, удаах байрт ажлын хамт олон оржээ. Тус хуралдааны үеэр энэ мэт олон санаа шийдэл, статистик баримт дэлгэж байв.
Мөн үеэр Монгол Улсын хүн амын 64,9 хувь 35 хүртэлх насны залуучууд байгаа бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд гэрлэлт 16 хувиар нэмэгдэж, гэр бүл салалт 4,1 хувиар өсчээ. Гэр бүл салалтын шалтгаанд хүчирхийлэл 6,5 хувь, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа 18,7 хувь, архидалт 21,5 хувь, үзэл бодлын зөрчил 28 хувь, санхүү, халамж дутсаны улмаас 24,3 хувь тус тус эзэлж байна. Тус судалгаанд өрх толгойлсон 170 иргэнийг хамруулсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулснаас хойш 1-3 жилд 50,2 хувь нь, түүнээс дээш жил 62,4 хувь нь сэтгэл гутралд илүү нэрвэгдсэн гэж хариулжээ.
Үүнээс гадна салалт нь эерэг сөрөг гэсэн хоёр үр дагавартай. Хүчирхийлэлтэй гэр бүлд байгаа бол бие махбодь болон сэтгэл санааны дарамтаас ангижрах нь эерэг байдлыг авчирдаг. Харин сөрөг үр дагавар нь салалтын дараа эрчүүд хямарч, гутарч архи уух, ажилгүй болох хандлагатай бол эмэгтэйчүүд сэтгэл санаагаар унах, бүх амьдралаа нуруундаа үүрэх гэсэн сөрөг үр дагавартай гэдгийг ч хэлж байв. Хуулийн хүлээх үүргийг чангатгаж, хүүхдийн тэтгэмжийг цалингийн 50-аас доошгүй хувиар тогтоох зэрэг бодлого барихгүй бол салж сарнисан, бутарч тарсан, өнчирч хагацсан, зовж шаналсан, үгүйрч хоосорсон, согтуурч хөлчүүрсэн замбараагүй нийгмийг бүрдүүлэх хүчин зүйл нь салалт байх магадлалтай юм.
Энд бас эшлэж болохуйц зүйл нь И.Болор-Эрдэнийн “Залуу гэр бүлд чиглэсэн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал” илтгэл байв. Тэрбээр 220 залуу гэр бүлээс судалгаа авахад гэр бүлийн санхүүгийн тулгамдсан асуудал өрхийн төсөв зохицуулалтын мэдлэг хомс байгаа нь ажиглагджээ. Судалгаанд оролцогчдын 52 хувь нь энэ талаарх мэдлэг мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй гэсэн бол өрхийн зарлага нь орлогоосоо давсан байдаг нь эпотикийн зээлтэй холбоотой аж. Тэгвэл хоол хүнсээ арай ядан дөнгөж, бусад хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас болж гэр бүл салах шалтгаан болдог гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )