Хүн төрөлхтөнд агуу санаа бэлэглэсэн “ЭРҮҮЛ БУС” зохиолчид

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

Зохиолч, яруу найрагч, хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс энгийн хүнээс өөр, эгэл бус байдаг. Тэдний дунд заримдаа бүр сэтгэц нь эрүүл бус, үнэндээ галзуу ч хүмүүс тааралдах нь бий. Гэвч энэ нь зуу зуун жилд хүн төрөлхтнийг бишрүүлсэн агуу бүтээл туурвихад нь нэрмээс бус нэмэр болсон байх талтай. Тэдгээр суутнуудаас нэр бүхий хүмүүсийн мэдээллийг уншигч тантай хуваалцаж байна.

ЭДГАР АЛЛАН ПО

АНУ-ын алдарт зохиолч, яруу найрагч. Эдгар Аллан По ердөө 40 насалжээ. Түүний өвчин оношлогдоогүй ч эрүүл бус гэдэг нь тодорхой байжээ. Солиорол, хий юм харах, депресс, мөрдлөгийн дон зэргээр По бүхий л амьдралынхаа туршид шаналж байжээ. Гучин нас хүрэхэд нь өвчин нь улам даамжирч, суут зохиолч маш их ууж, хар тамхи татаж эхэлсэн байна. Энэ бүгд түүний сэтгэцэд хүчтэй нөлөөлжээ. Тэрээр  13 настай охин дүүтэйгээ гэрлэсэн нь бас л эрүүл бус. Эхнэр болсон дүү нь сүрьеэ өвчнөөр нас барсны дараа По хоёр удаа гэрлэхийг оролдсон ч амжилт эс олжээ. Эхний удаа эмэгтэй нь татгалзсан бол хоёр дахь удаа нь тэрээр  архи уугаад өөрөө ирээгүй гэнэ. Муугүй намтар байгаа биз? Суут зохиолчийн хий юм харах өвчин нь даамжирч, эмнэлэгт ганцаардмал байдалтай нас баржээ.

Эмгэнэлт амьдралыг туулсан Эдгар Аллан По суут зохиолч байсан. Тэрээр  хүн төрөлхтөнд ямар ч гэрэл гэгээгүй, жихүүдэс төрүүлэм аймшигт романыг бэлэглэсэн. Хэдийгээр аймшгийн төрөлд багтах ч түүний зохиолууд үнэхээр сонгодог бүтээл юм.

 

ФРИДРИХ ВИЛЬХЕЛЬМ НИЦЩЕ

Германы алдарт гүн ухаантныг илэрхий галзуу гэдгийг түүний номыг уншсан хэнбугай ч мэднэ. Өөрийгөө магтан дуулах солиорол болсон ихэрхэл, зүй бус үйлдэл, хэт идэвхтэй, өөдрөг байдал нь гэнэт хямрал, цөхрөлөөр солигдох нь хоёрдмол байдалд орох шизофрени өвчнийг илтгэнэ. Энэ бүгдтэй хамт байгаль эх түүнд суут ухааныг харамгүй хайрлажээ. Хүчтэй, суут, гоц ухаантай тэрээр  хүн төрөлхтөнд гүн ухааны онцгой үзэл санааны гоц системийг бэлэглэсэн нь судлаач, гүн ухаантан, уран зохиолчдын сэтгэлгээний  суурь нь болсон юм.

Ницше бол эсрэг тэсрэг хүн. Сул бие, богинохон бөгөөд хүнд амьдрал, амьдралынхаа сүүлийн жилүүдэд ухаан нь бүрэн самуурч, бие болон сэтгэхүйн доройтолд орсон ч  бүтээл, үзэл санаа нь амьдрал руу хүчтэй тэмүүлнэ. Түүний ихэнх санаануудыг хожим нь Германы нацистууд ашигласан байдаг ч Ницше хэзээ ч нацист байгаагүйн дээр манай гарагийн гүн ухаанд зориулсан түүний бүтээлүүдийн  ач холбогдол өндөр хэвээр.

ЭРНЕСТ МИЛЛЕР ХЕМИНГУЭЙ

Алдарт зохиолч бараг бүх насаараа сэтгэцийн хямрал өвчнөөр шаналж байжээ. Түүнд амиа хорлох хүсэл, мөрдлөгийн дон илэрдэг байв. 1960 онд тэрээр  Куба улсад амарч, АНУ-д ирсэн байна. Энд түүний байдал эрс муудаж, Хэм сайн дураараа сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Цахилгаанаар цохиулах эмчилгээ хийлгэсний улмаас түүний сэтгэцийн эрүүл мэнд дахин сэргээгүй юм.

Эмнэлгээс гараад суут зохиолч дахин бичих чадваргүй болсноо ойлгожээ. Үүнтэй зэрэгцэн түүнд өөрийг нь тусгай албад мөрдөн мөшгөж, гэр оронд нь чагнах төхөөрөмж суурилуулж, утсыг нь чагнаж байна гэх мөрдлөгийн дон нэрмээс болж байв. Сонирхолтой нь олон жилийн дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг зохиолчийг үнэхээр мөрдөж байснаа хүлээн зөвшөөрчээ. Гэвч харамсалтай нь бүх зүйл хожимдсон байв. Нэгэн өглөө Хемингуэй өөрийн хайртай буугаа сүүлийн сумаар цэнэглэн ажлын өрөөндөө өөрийгөө буудан хөнөөжээ. Гунигтай төгсгөл.

Эрнест Хемингуэй билэг танхай, онцгой авьяастай зохиолч байв. 1960-аад оны “Алдагдсан” үеийг Хэм өөрийн шинэлэг уран зохиолын арга барилаар өгүүлсэн нь түүний бүтээлийг Америкийн төдийгүй дэлхийн сонгодог бүтээл болгожээ. Хемингуэйн баатрууд ялагдашгүй. Түүнийг зөвхөн хөнөөж л болно. Ялж чадахгүй. Жинхэнэ эр хүн орондоо үхэх ёс зүйн эрх үгүй гэж зохиолч хэлдэг байжээ. Дайчин шиг тулаанд, эсвэл өөрийнхөө суманд. Үүнийгээ л тэрээр гүйцэлдүүлсэн.

ФРАНЦ КАФКА

Утга учиргүй сэтгэхүйн романы суутан, Чехийн зохиолч Франц Кафка дэлхийн хамгийн алдартай сэтгэцийн асуудалтай хүмүүсийн нэг. Хачин, маш хачин гэдэг тодорхойлолт Кафкад тохирно. Тэрээр  мэдрэлийн өвчин, сэтгэцийн өвчин, байнгын айдастай. Хорвоо ертөнц Кафкаг ойлгоогүй бол Кафка хорвоо ертөнцийг ойлгоогүй. Үл ойлгосон байдал, ганцаардал, хорвоо ертөнцийн өмнө хүн хүчгүй байх, оршин байхаас айх айдас. Энэ бүхэн түүний уран бүтээлд нэвт шингэжээ. Өнөө хэр Кафкаг юу тэгтэл нь шаналгаж байсан нь тодорхой бус. Түүний тэмдэглэлийн дэвтрүүд ч энэ талаар үг унагаагүй. Энэ ертөнцийнх бус гэж түүнийг тодорхойлж буй мэт. Тэрээр  энэ ертөнцөд санамсаргүй ирж, бүхий л амьдралынхаа туршид шаналж, 41 насандаа  хорвоог орхисон. Гэхдээ тэрээр  үнэ цэнэтэй амьдралаар амьдарчээ. Кафкагийн романууд уран зохиолын цорын ганц бие даасан чиглэл. Түүнийг дуурайх боломжгүй. Учир нь Кафкагийн уран бүтээлийн хэв маяг дахин давтагдашгүй онцгой. Амьд ахуйдаа тэрээр  ном бараг гаргаагүй. Түүний бүтээлүүд огт санамсаргүй байдлаар бидэнд ирсэн. Кафка цорын ганц найз Макс Бродод сүүлчийн захиасаа үлдээсэн нь бүгдийг нь шатааж устгах гэсэн даалгавар байжээ. Гэвч Брод найзынхаа ариун хүслийг зөрчин байж, бүх бүтээл, тэмдэглэлийн дэвтрийг нь хүртэл хэвлүүлжээ. Ингэж Кафка нас барсныхаа дараа дэлхийд алдаршсан юм.

ЖОНАТАН СВИФТ

Ирландын алдарт зохиолч  альцгеймер буюу тэнэгрэх өвчин эсвэл Пикийн өвчнөөр шаналж байжээ. Яг ямар өвчнөөр шаналж байсан нь өнөө хэр тодорхойгүй. Зохиолчийн толгой байнга өвдөж, орон зайн баримжаа алдаж, хүний яриаг ойлгодоггүй, орчноо ялгадаггүй зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байжээ.

Энэ бүхэн түүний залуу насанд илэрч, хожим нь сэтгэхүйн бүрэн доройтолд орсон байна. Хэдий тийм ч Свифт британи хэв маягийн улс төрийн хошин зохиолыг үндэслэгчдийн нэг бөгөөд түүний Гулливерийн аяллыг хүн төрөлхтөн өнөө хэр шимтэн уншсаар.

НИКОЛАЙ ВАСИЛЬЕВИЧ ГОГОЛЬ

Оросын алдарт зохиолч Гоголь шизофрени өвчтэй байжээ. Түүнд сэтгэцийн хямрал, гутрал, түрэмгий байдал зэрэг илэрдэг байв. Гоголь “Амьгүй албат”-ын хоёрдугаар ботийг сэтгэл гутралын үедээ шатаажээ. Гоголь өөрөө энэ үйлдлээ “чөтгөрийн сэдэлтэй” холбон тайлбарладаг байсан бөгөөд ийм үйлдэл /олон удаа давтагдсан/ хийсний дараа залбирал үйлдэж, хоол, унднаас татгалзан, үхэл нь түргэн ирэхийг хүлээдэг байжээ.  Гэтэл сэтгэцийн өвчнөөс өөр өвчингүй түүнд үхэл хүссэнээр нь түргэн ирсэнгүй.

Гоголийг мөстэй ус руу хийх, нойтон даавуунд боох, толгойд нь хануур хорхой тавих зэргээр эмчилдэг байжээ. Суут зохиолчийн үхлийн шалтгаан өнөө хэр тодорхойгүй байдаг.

Гоголийн бүтээлүүд Оросын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлд тооцогддог.

ГИ ДЕ МОПАССАН

Францын агуу зохиолч эрүүл чийрэг биетэй байсан хэдий ч хүчтэй сэтгэл гутралд ордог байжээ. Тэрээр  бүхий л амьдралынхаа туршид галзуурах вий гэдгээс их айдаг байсан бөгөөд эцэст нь үнэхээр солиорсон байна.

Сэтгэл гутрал, хий юм харах, зүй бус үйлдэл, амиа хорлох оролдлогууд, тархийг нь гэмтээсэн тэмбүү өвчин суут зохиолчид хүн төрөлхтөнд агуу бүтээлүүд бэлэглэхэд нь саад болсонгүй. Түүний амьдралын сүүлийн жилүүд маш хүнд байжээ. Тэрээр  биеийн болон ухааны доройтлын сүүлчийн шатандаа эмнэлэгт насан эцэслэжээ.

 

ВИРЖИНИА ВҮҮЛФ

Британийн алдарт зохиолч эмэгтэй хүүхэд наснаасаа л сэтгэцийн хямрал, ухаан самуурах, амиа хорлох хүслээсээ болж шаналдаг байв. Түүний 13 насанд нь тохиосон хэрэг ийм байдалд хүргэсэн байж болзошгүй гэдэг. Үеэлүүд нь түүнийг хүчирхийлэхийг завдсан нь 13 настай охины сэтгэцэд ул мөрөө үлдээсэн гэж үздэг. Тэрээр  эр хүн болон бэлгийн харилцаатай холбоотой бүхнийг үзэн яддаг байжээ. Энэ явдлын дараахан түүний хамгийн дотны хүн болох ээж нь нас барж, Виржиниа амиа хорлохыг завдаж байв.

Амиа хорлох оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Виржиниа байнгын сэтгэл гутрал, хямралтай нүүр тулах болжээ. Тэрээр  эмэгтэй хүнийг сонирхдог байсан ч түүнд хүрэх, тэврэхийг тэвчиж чаддаггүй байсан аж. Гэсэн хэдий ч тэрээр  эр хүнтэй гэрлэж, 30 жил хамт амьдарчээ. Гэхдээ  ганц ч удаа бэлгийн харилцаанд ороогүй байна. Дэлхийн хоёрдугаар дайн буюу 1941 онд зохиолчийн гэр агаарын цохилтын улмаас сүйрсэн нь түүний сэтгэцэд хүчтэй нөлөөлжээ. Эмч нар Виржиниаг  эмнэлэгт хэвтүүлэхийг шаардаж байсан ч алдарт зохиолч өөр замыг сонгосон нь голд живж үхэх байлаа. Багаасаа хүсэж байсан хүсэл нь энэ удаа биелжээ. Виржиниагийн бүтээлүүд Британийн төдийгүй, дэлхийн модерн чиглэлийн романы сонгодог жишээ. 

Хүн төрөлхтөнд сод бүтээлүүд өвлүүлэн бэлэглэсэн агуу зохиолчид суут авьяасынхаа төлөөсөнд хар дарсан зүүд мэт аймшигтай амьдралыг туулсан байдаг. Зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид үхэлтэй яриа дэлгэж, өөр ертөнцийг тольддог. Магадгүй үүнд тэдний суут чанарынх нь нууц оршдог гэлтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top