МАН: ИРГЭДИЙГ ИДЭВХИЖҮҮЛЭХ ИТГЭЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хүрээнд онцлох үйл явдлууд дүүрэн байсан юм. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг /2019.05.13/ хуралдаж иргэдэд гурван хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барихыг дэмжсэн. Энэ нь зорилтот бүлэгтээ чиглэсэн зээл гэж үзсэн байна. Энэ зээлийг олгосноор ажлын байр нэмэгдэнэ, гэхдээ төсөвт дарамт учрахгүй гэж байв. Бүлгийн мэдээллийн үеэр уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иймээс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Хуулийн төслийг боловсруулах нөхцөл байдал нь 2016 онд гурван сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж байгаа нэг асуудал бол орлогын тэгш бус хуваарилалт газар авсан явдал. Тухайлбал, боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Яг зорилтот бүлэг болох орлого багатай иргэд бага хүүтэй зээлийг авч чадахгүй байгаа. Ер нь зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө байсан. Иймээс өнөөдөр МАН-ын бүлгийн хувьд төр иргэний итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон гээд хуулийн төслийг дэмжиж, өргөн барьж байгаа юм. Итгэлийн зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна гэж үзсэн. Зээл авах шаардлагын хувьд хугацаа хэтэрсэн зээлгүй, эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлж байх шаардлагатай. Мөн орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсч байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийн мэдээллийн санд хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэж үзэж байгаа” гэсэн юм. Олон улсын туршлагаас харахад БНХАУ Итгэлийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргаж байна. Мөн ОХУ 2017 оноос Итгэлийн зээлийг 80 хүртэлх сая төгрөг байхаар тооцон иргэдэд олгож байгааг онцолж байв. Төсвөөс жилдээ 200-300 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкаараа дамжуулж олгох бөгөөд эрсдлээ төр даах юм байна.
ИЗНН: НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ Ч 2020 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦОНО
Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-аас /2019.05.13/ мэдээлэл хийсэн. Тус нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн боловч бичиг баримт дутуу гэх үндэслэлээр хасагдээд байгаа. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “Өмнө нь 2016 оны сонгуульд ИЗНН-ыг нийслэлд, УИХ-д, хөдөө орон нутагт оруулахгүй шийдвэр гаргаж байсан. Бид бүх шатны шүүх дээр ялаад сонгуульд оролцсон. Тухайн үед зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй. Иймд бид АТГ-т хандаж ямар нэгэн санаатай үйлдэл байгаа эсэхийг шалгуулна. Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ” гэж мэдэгдэв.
МАХН: Д.ДАМБА-ОЧИРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДЛАА
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян /2019.05.13/ мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюу толгойн шалгалтын материалыг Рио Тинтод өгсөн нь Эрүүгийн хуульд заасан улсын нууц задруулсан маш том гэмт хэрэг хэмээн тодотгосон. Тэрбээр “Энэ хүн 2016 онд Оюу толгойн гэрээ хийгдэх үeд гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Магадгүй Оюу толгойн гэрээг байгууллалцсаныхаа хариуд өөрийн хувийн компанидаа ямар нэгэн ажил тeндeр авсан байхыг ч үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил Оюутолгой компаниас замын тeндeр авсан нэрээр ажлын хэсгийг ахлагчаас нь татан буулгаж байсан. Д.Дамба-Очир гишүүн ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр ажлын хэсгийн нууцыг задруулсан нь маш ноцтой. Тиймээс УИХ-ын Ёс зүйн хороогоо хуралдуулж Д.Дамба-Очирт хариуцлага тооцохыг шаардаж байна” гэсэн юм.
Д.ГАНТУЛГЫН АСУУДЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ҮҮСГЭВ
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Тэрбээр Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэл мэдээлэл гаргасан аж. Уг мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн цэц мэдээллийн дагуу маргаан үүсгээлээ.
АН: 10 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЛАА
Ардчилсан нам Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд мэдүүлэг гаргаж байгаа талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат /2019.05.14/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн намар нөхөн сонгуулийн тов гарсан ч ҮХЦ хууль зөрчсөн гэж үзэн хойшлуулсан. Улмаар ирэх зургаадугаар сард нөхөн сонгуулийг зохион байгуулахаар УИХ-аас баталсан. Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг нь УИХ хүлээж авсан.
Өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Нэг талаараа улс төржүүлсэн гэж үзэж байгаа ч нөгөө талдаа УИХ-ын гишүүний ёс зүйд байж болохгүй зүйл болсон. Нэгэнт ийм учир шалтгаанаар Хэнтийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ гаргасан. Гэвч уг асуудлаар иргэн Д.Ганхуяг гэдэг хүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргасан байна. Үүнд Үндсэн хуулийн ямар ч зөрчил байхгүй. Тийм учраас 42-дугаар тойргийн сонгогчдын төлөөллийг хангахын тулд нөхөн сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг АН ҮХЦ-д сануулж хэмлээр байна” гэж байлаа. Мөн Засгийн газрын нэг гишүүн 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдсон гэх мэдээлэл бий. Энэ хүрээнд Ерөнхий сайдад хандана гэдгээ мэдэгдлээ.
2018 ОНД БАТЛАГДСАН МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУД ДЭЭР ТӨРИЙН ТАМГА ДАРАВ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар /2019-05-14/ 2018 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдэв. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИУДАД БҮХЭЛД НЬ ХОРИВ ТАВИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухайгаа “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэв. Татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирсэн тул хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг УИХ-ын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хоригийг хүлээж авах боломжгүй. Хориг дотор байгаа зүйл хүлээж авах боломжгүй. Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хааж, боосон хориг тавьсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ш.РАДНААСЭД, Д.ДАМБА-ОЧИР НАРТ МАН УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрөгч пүрэв гарагийн /2019.05.16/ орой хуралдаж, Оюу толгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад Рио Тинто компанийн удирдлагад өгсөн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулж байгаа учраас ийнхүү Намын хяналтын хорооноос таван жилийн хугацаанд намын дэмжлэг авахгүй байх шийдвэр гаргалаа. Дээрх хоёр гишүүний зүгээс хариуцлага хүлээх хэмжээний алдаа гаргаагүй. Нэртэйгээр нь намаас хөөчихөөрэй гэдэг зүйлийг хэлж байсан. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болов.
Ш.РАДНААСЭД УДИРДАХ ЗӨВЛӨЛДӨӨ МАН-ААС ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨВ
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийн дагуу таван жил намаасаа улс төрийн дэмжлэг авч чадахгүй болсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнгөрөгч баасан гаригт намаас гарах өргөдлөө өгсөн юм. Тэрбээр өөрийнх нь тойргийг дээрэмдэх оролдлого явж байгаа гэж үзсэн байна. Энэ талаараа намынхаа Удирдах зөвлөлийн хуралд оролцох үеэрээ мэдэгдэж, намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлдөө өгсөн ч хэлэлцээгүй аж.
Сэтгэгдэл ( 0 )