Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг шинэчиллээ

2019 оны 05 сарын 20

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад СХД-ийн 21 дүгээр хороо, 335 дугаар гарам, Нарийны хэсэг, БЗД-ийн 20 дугаар хороо, Арцатын аманд мал аж ахуй эрхлэх хүсэлт гаргасныг харгалзан үзэж, таван дүүргийн мал бүхий 468 өрхийг дээрх газруудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. СХД-ийн хоёр байршилд 325 өрх, БЗД-ийн Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэж өгсөн. НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг шинэчлэн тогтоож БЗД-ийн 11 дүгээр хорооны Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол, СХД-ийн 32 дугаар хорооны Мал бордох, Баруунтуруун 384 дугаар гармын хэсэг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг нэмж хамруулсан” гэв. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, СХД  дүүргийн хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа 600 гаруй өрхийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцжээ.

Одоогийн байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс хөдөө орон нутаг руу нүүх 1067 толгой мал бүхий 54 өрхийн судалгааг гаргаж, орон нутгийн Мал эмнэлгийн тасагтай хамтран хөдөө орон нутаг руу саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top