Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын тухай өнөөдөр /2019.05.21/ мэдээлэл хийлээ. Нийт 282 байгууллагыг шалгалтад хамруулахаар төлөвлөснөөс 274 буюу 97 хувийг нь хамруулсан байна.
Шалгалтын явцад нийт 2860 зөрчил дутагдал илрүүлжээ. Илэрсэн дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, улсын байцаагчийн нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүлсэн байна. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн хувьд торгуулийн арга хэмжээ ногдуулдаг бол төрийн цэцэрлэгт зөвхөн сануулах арга хэмжээ явуулдаг. Зөрчлийн мөрөөр Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтад нийт 44 сая 55 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан байна.
Шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүдийн газар сонголт, барилга байгууламжийн зураг төсөлд урьдчилсан хяналт хийгдэхгүй байгаагаас зайлшгүй шаардлагатай өрөө тасалгаагүй /дуу хөгжим, биеийн тамирын заал, хүнсний агуулах, ажиллагсадын ахуй хангамжийн өрөө төлөвлөгдөөгүй/, гадна эдэлбэр газаргүй, төлөвлөгдөж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.
Хүүхдийн хоол, хүнсний чанар, аюулгүй байдлын тал дээр шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 20 хувь нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 35.6 хувьд хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 21 хувь нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 23.3 хувьд нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологийн шат дамжлагын урсгал зохион байгуулалт байхгүй, 38.5 хувь нь эрүүл ахуйн зохистой дадлын сургалтад хамрагдаагүй зэрэг зөрчил ихэвчлэн илэрчээ.
ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН 58 ХУВЬ НЬ МЭРГЭЖЛИЙН БАГШГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ
Шалгалтад хамрагдсан 106 цэцэрлэгийн 32 нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, 28 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 хувь нь мэргэжлийн багшгүй, 26 хувь нь туслах багшийн гэрчилгээгүй ажилтантай байжээ. Мөн Төрийн бус өмчийн 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй, 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй, 37 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу, 71 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай гэсэн зөрчил болж таарч байна.
Цэцэрлэгүүдийн 93 нь буюу 85 хувь нь сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүнг хэлэлцэж, үнэлэлт өгөх чиглэл бүхий цэцэрлэгийн зөвлөлгүй байсан тул цэцэрлэгийн үйл ажиллагааг өөрийн удирдлагаар хангаагүй, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломжгүй гэж үзжээ. Мөн хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 нь сургалтын орчинтой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийг үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгааг харуулж байгаа юм.
ТӨРИЙН ӨМЧИТ ЦЭЦЭРЛЭГҮҮД ХҮЧИН ЧАДЛААСАА ХОЁР ДАХИН ИХ ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Төрийн өмчит цэцэрлэгүүдийн 15 хувийнх нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр, бохир усны сантехник, шугам хоолой, цахилгаан агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цэцэрлэгийн эрүүл ахуйн нөхцөл, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үндэс суурийг тавьж байгаа юм.
Мөн шалгалтад хамрагдсан төрийн өмчит цэцэрлэгүүд хүчин чадлаасаа нэгээс хоёр дахин их хүүхэд хүлээн авч байгаа учраас ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос хоёр дахин их болоод байгаа юм. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин дамжин тархах, багш ажиллагсдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байгаа гэж мэргэжлийн хяналтын байгууллага үзэж байна.
НМХГ-аас өнөөдөр дээрх шалгалтын дүнд үндэслэн "Хамгийн их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн цэцэрлэгүүдийн нэрс"-ийг зарласан. Тодруулбал, эдгээр цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа гэсэн үг юм. Хамгийн их эрсдэлтэй үнэлэгдсэн 26 цэцэрлэгийн 24 нь хувийн цэцэрлэг байна.
ТАНИЛЦ: ХАМГИЙН “ИХ” ЭРСДЭЛТЭЙ ҮНЭЛЭГДСЭН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЖАГСААЛТ
|
Дүүрэг |
Цэцэрлэгийн нэрс |
Эрсдэлийн хувь |
1 |
НМХГ |
Чин-Хур |
65% |
2 |
Төгөлдөр ой |
68% |
|
3 |
ХУД |
Шинэ идэр |
70% |
4 |
Жаргалтай ирээдүй |
67% |
|
5 |
Орхоны багачууд |
59% |
|
6 |
Бяцхан найзууд |
59% |
|
7 |
Очхон |
59% |
|
8 |
Амин ирээдүй |
59% |
|
9 |
БГД |
Калланы хүүхдүүд |
67.6% |
10 |
БЗД |
Ногоохон |
59.1% |
11 |
Намууг гоё |
61.2% |
|
12 |
Дондогмаа |
63.2% |
|
13 |
Номтын найзууд |
57.1% |
|
14 |
Бүжинлхам |
57.2% |
|
15 |
Цогзоохой |
65.7% |
|
16 |
Эрэл |
61.2% |
|
17 |
Ханбилгүүдэй |
63.2% |
|
18 |
Эрдмийн чуулган |
57.1% |
|
19 |
СХД |
Бяцхан хун |
67.6% |
20 |
Тэнэрлэг хүүхдүүд |
59.1% |
|
21 |
127 дугаар цэцэрлэг |
61.2% |
|
22 |
ЧД |
Даргиатын жаалууд |
63.2% |
23 |
Цэцэнхүү |
57.1% |
|
24 |
Хайлаастын багачууд |
57.2% |
|
25 |
220 дугаар цэцэрлэг |
61.2% |
|
26 |
Мандах наран |
65.7% |
Сэтгэгдэл ( 1 )
Хувийн цэцэрлэг бол маш өндөр хариуцлагатай ажилладаг шүү дээ. Нэг ангид 15 хүүхэд л байдаг. Төрийн цэцэрлэгийн хүүхэдтэй зүйрлэх юм биш. Тэнд 60 хүүхэд байгаа шүү дээ.