Арабын утга зохиолын ертөнцөөс анхны “Букер”-ын шагналтан төрлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Өмнөд Азид орших Оманы султант улсын анхны эмэгтэй зохиолч Жокха Альхарти “Celestial Bodies” романаараа “Букер” хүртлээ. Энэ бол Арабын утга зохиолын ертөнцөөс төрсөн анхны “Букер”-ын шагналтан эмэгтэй зохиолч болж буй түүхэн үйл явдал юм. “Celestial Bodies” зохиолыг англи хэлнээ зохиолч Мэрилин Бүүт орчуулжээ. Зохиолч Жокха Альхарти болон орчуулагч Мэрилин Бүүт нар Букерын шагналыг дагалдаж ирдэг 50 мянган фунтын эзэн болсон байна.  

Оманы тосгонд амьдардаг эгч дүү гурвын түүхийг өгүүлэх “Celestial Bodies” зохиолыг Арабын утга зохиолын ертөнцийг цоо шинээр харуулж өгсөн гэж тус наадмын шүүгчид онцлоод зогсохгүй аль ч улс оронд байдаг оршихуйн асуудлыг үндэстний онцлогтой нягт уялдуулж бичсэн нь зохиолчийн ур чадварыг өндрөөр үнэлэхэд хүргэсэн гэв.

Мөн хүйсийн эрх тэгш байдал, арьсны өнгө, нийгмийн ялгаварлан гадуурхалт, боолчлол, баян ядуугийн ялгаа зэрэг олон асуудалд өөрөөр дүн шинжилгээ хийхэд туслах, хэвшмэл ойлголтоос зайлсхийхэд том түлхэц болохуйц зохиол хэмээн “Celestial Bodies”-г тодотголоо.

Сүүлийн үед “Celestial Bodies” зохиол Арабын утга зохиолын ертөнцөөс олон улсад хамгийн их нэр хүндтэй байгаа ном болоод байгаа аж. Олон улсын нэр хүндтэй утга зохиолын “Букер”-ын шагналд энэ жил 13 зохиолч нэр дэвшсэн. 

Сонирхуулахад, дэлхийн утга зохиолын ертөнцөд нэр хүндтэй шагналын нэгээр "The Man Booker" буюу "Букер"-ын шагналыг нэрлэдэг. Тус утга зохиолын шагналд 2005 оноос хойш олон улсын зохиолчдын бүтээлүүд хамрагдах боломжтой болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top