Нэгийн эсрэг нэгдэл

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг энэ оны зургадугаар сарын 30 гэж тогтсон. Үүнээс яг жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийн өнгийг тодорхойлох учраас нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд бүгд айдас, хүйдэстэй байгаа бололтой. Учир нь нөхөн сонгуульд унасан намын рейтинг өнөөдрийнхөөсөө унах эрсдэл бий. Иргэдийн дунд аль нам, хэн гэдэг улстөрчийн чансаа аль түвшинд байгааг тогтоох барометр нь энэ удаагийн нөхөн сонгууль болно гэсэн үг.

Өвдөг шороодох эрхгүй нөхөн сонгуульд өнөөгийн улс төрийн тавцан дээр идэвхтэй байгаа МАН, АН, МАХН гурван намын дунд гол өрсөлдөөн өрнөх нь тодорхой бөгөөд одоогоор хоёр ч нам нь даргаа дэвшүүлэх гэж байна. МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэр дэвших шийдвэр гаргасан нь олноо ил болжээ. Өөрөөр хэлбэл унах эрхгүйг ухамсарлаж байгаа учраас хамгийн том модоо гаргаж ирэх, эцсийн найдвар мэхээ хийхээр шийдсэн гэсэн үг. Харин Ардчилсан нам нэр дэвшигчийн талаар нэгдсэн нэг шийдвэрт хүрээгүй байгаа, тэгэх нөхцөл, тохирол ч алга байгаа нь улам бүр тодорхой болж байх шиг. Үнэндээ бол АН дотроо лидерүүд дагаж хуваагдсан хэд хэдэн нам болсон. Одоо ийм нөхцөл нэр дэвшигчийн талаар ярилцвал хуваагдал нь тогооноосоо хальж гарах хэмжээнд очжээ. Нөхөн сонгууль харж, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн ажлаа өгсөн ч байж мэдэх Н.Алтанхуяг нам дотроосоо санал аваад нэр дэвшигч болоод гараад ирвэл С.Эрдэнэ дарга түүнд байр сууриа алдана гэсэн айдастай яваа. Тэгээд ч Ардчилсан намаас хэн ч нэр дэвшсэн бай эрх барьж буй намын даргатай өрсөлдөх тохиолдолд ялах магадлал бага байгаа ийм нөхцөлд ялагдлын хариуцлагыг намын даргатай тооцох нэрээр их салхи нижигнэн хөдөлбөл С.Эрдэнэ суудлаа бөхөлж үлдэх амаргүй.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд олон жилийг “гудамжинд” өнгөрүүллээ. Түүнд өөрөө их улстөрд эргэн орж ирэх шаанс нь мөн л энэ удаагийн нөхөн сонгууль. Түүний хувьд өөрийн улс төрийн карьерээ дууссан гэдэгтэй эвлэрэх эсэхээ шийдэх сорилт ч байж магадгүй. У.Хүрэлсүхтэй өрсөлдөөд өвдөг шороодлоо гэхэд энэ үнэнтэйгээ нүүр тулахаас цэрвэж буй тэрбээр халгахдаа “дэвжээ” тойрон гүйж яваа мэт харагдаж байгаа.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнийн “Засгийн газар огцрох ёстой” гэсэн шаардлагын цаана ганцхан түүний намын ашиг сонирхол, айдас байгаа бус нөхөн сонгуулийн үр дүнг У.Хүрэлсүхэд алдах вий гэсэн бусад нам, улстөрчдийн  комплекс ч бас нуугдаж буй биз ээ-

Өнөөдөр УИХ, улс төрийн нам, улстөрчдийн рейтинг, нэр хүнд нийтдээ тааруу байгаа ч тэдэн дунд муутай, сайнтай ч У.Хүрэлсүхийн чансаа илүү явааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Олон нийтийн санаа бодлын тандалт нэгэнт ийм байгаа тохиолдолд МАН У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхгүй гэвэл дэмий хэрэг. Тийм ч учраас нөхөн сонгуулийн санал хураалт хаашаа эргэх нь бараг тодорхой учраас бусад намууд энэхүү айдас, болгоомжлол дээрээ нэгэнт нэгдсэн дүр зураг харагдаж эхэллээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн “Засгийн газар огцрох ёстой” гэсэн шаардлагын цаана ганцхан түүний намын ашиг сонирхол, айдас байгаа бус бусад нам, улстөрчдийн  комплекс ч бас нуугдаж байгаа хэрэг. Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлсэн сүрьеэгийн илрүүлэг, оношилгооны үр дүнг “улс төр” болгож байгаа жагсаал, сайдууд нь авлига авсан гэж сэвж байгаа сэтгэгдлүүд, үнийн өсөлтийн мэдээг хөөргөдөж байгаа мэдээллийн хэрэгслүүд гээд сүүлийн хоёр долоо хоногт У.Хүрэлсүхийн эсрэг хүчтэй ажиллаж байна. У.Хүрэлсүх сайн, түүний засаг сайн ажилласан гэх санааг үүгээр хэлэх гэсэнгүй. Засгийн газрын сайн, муу дүгнэх, ярих, шүүмжлэх нь сөрөг хүчний болон парламентад суудалтай, суудалгүй намын үүрэг, хариуцлага. Гэхдээ энэ механизм нөхөн сонгуульд зориулагдаж байгааг л хэлж буй юм. МАХН, АН, МАНАН, 49 хувь гээд улстөр бизнесийн бүлэглэлүүд бүгд Засгийн газрын эсрэг нэгджээ. Энэ удаад тэдний эцсийн зорилго нь нөхөн сонгуулийг хойшлуулах улс төрийн бойкот. Улстөрийн эрх мэдлийг худалдан авах замаар зах зээлд өрсөлдөгчгүй болтлоо томорсон бизнесийн бүлэглэлтэй ил цагаан тэмцээд эхэлсэн У.Хүрэлсүхэд бойкот байтугай цохилт ирэх нь тодорхой л байсан. Харин ч нөхөн сонгуулийн чимээнээр эрт эхэлж байна. Эрх барьж буй хүчин хэзээ ч магтуулдаггүй. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн хувьд дараалсан сонгуулиудын далимаар даруй хоёр жил гөвшүүлэх нь ч тодорхой байна. Хэнтийн нөхөн сонгуулийн санал хураалт хүртэл үндсэндээ сарын хугацаа үлдээд байна. С.Эрдэнийн уриалж буй нэг сарын жагсаал бол нөхөн сонгуульд нэр дэвших У.Хүрэлсүхийн л эсрэг юм. Иргэдийн хувьд сарын турш жагсаал гороолох зав зай ч юу сан билээ?

Дэд бүтцийн ажил нь дуусч байгаа нефть боловсруулах үйлдвэрийн барилга, төмөр замын бүтээн байгуулалт, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр гээд У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээх зүйл хэд хэд бий. Эдгээрийн хэрэгжилт, үр дүнг үзчихбэл улс оронд л хэрэгтэй сэн. Өнөөдрийн буй байдал бол зөвхөн түүний балаг бус үе, үеийн улстөрчид, эрх баригчдын хураасан лай ланчиг, лаг шавар гэдгийг бүү март! Нэг хүний эсрэг жагсах цаг биш нэг Монголын төлөө жагсах цаг бус уу?!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зрчин(103.57.95.252) 2019 оны 05 сарын 27

Зөв санаа дүгнэлт гаргажээ.Дэмжиж б.на.Ялангуяа АН.ын алдаа завхрал дийлэннх нь шүү. Тэр дртроо Эрдэнэ гэдэг хүнийй шоронжсон санаа юу. Аймаар...

1  |  0
Top