“Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам өчигдөр /2019.05.26/ зохион байгуулж, хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 3445 болгож багасгахаар тооцсон байна. Ингэснээр нэгж суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ногдох цаг нэмэгдэж, тухайлбал бага ангид 2.9 цаг байсан бол 3.8 цаг болно гэдгийг багш, судлаачид хэлж байна.
Хэлэлцүүлэг долоон хэсэгтэй болж, хичээлүүдийн агуулгыг нэгбүрчлэн ярилцав. Агуулгыг сайжруулахын тулд зарим давхардлыг хасаж, өөр анги руу шилжүүлсэн бол хүндэдсэн агуулгыг энгийн болгох, танин мэдэхүйн түвшин, нас сэтгэхүйд нь тохируулах аргыг хэрэглэжээ. Мөн зарим агуулгын багтаамжийг цомхотгож, томъёоллыг нь хэл найруулгын хувьд ойлгомжтой болгох шийдлүүдийг хийсэн гэдгийг багш нар онцолж байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ бага ангийн хүүхдүүд даалгавраас болж маш их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна, урьд өмнө ийм байгаагүй. Энэ ачааллыг бууруулж, хэвийн хэмжээнд хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртайг санууллаа.
Багш нар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын ажилд нийт цагийнхаа 37.3 хувь, бусад нэмэлт ажилд 62.7 хувийг зарцуулж байна гэсэн үр дүнг танилцуулсан. Түүнчлэн хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачаалал нэмдэг байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, сургууль, багш, сурагчдын ачааллыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бууруулна гэж салбарын яам үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Маш зөв, дэлхий нийтээрээ 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийг индиго, кристал гэдэг бөгөөд энэ нь ч учиртай. Тэд 3Д хэмжээст сэтгэдэг шинэ цагийн иргэд. улс орнууд эдгээр үеийнхэнг хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг бодлого хэрэгжүүлж байхад бид энэ талаар огт ойлголтгүй явцгаах. Тэдэнд гэрийн даалгавар биш, тэдэнд өөрөө өөрсдийгээ хөгжүүлэх боломжийг насанд нь тохируулж өгөх, тэдэнд багш биш зааварлах, чиглүүлэх менежерүүд хэрэгтэйг олон улс хэрэгжүүлж эхлэсэн байгаа.
Монголын боловсролын систем ”буруу өдөр ” сууриа тавьсан байхаа. Мөн ч олон жил хүүхдүүдээр тоглож байна даа. Одоо бас өөрчлөж зовоох вий дээ. Соц-змын үеийн боловсрол олголт муу байсан бол өдийд улс орон маань дампуурчихсан байх байсан болов уу? Гайгүй байсан гээд олон доктор, олон гавьяат гараад байгаа юм биш үү?