Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох 38200 хүүхэд байна. Урьд жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 7000-аар нэмэгдсэн гэсэн үг. Аав, ээжийнхээ өврөөс гараагүй, магадгүй зарим нь хөхнөөсөө салаагүй, тоглож наадах насан дээрээ яваа бяцхан жаалууд томдсон цүнхээ дааж ядан сургуулийн босгоор хөл тавина. Тэд цаг нартай, дэг журамтай, сахилга баттай, шаардлага өндөртэй орчинд биш тааваараа, эрх дураараа, эрхэлж наадахыг хүссэн хэвээр байгаа. Шинэхэн сурагчид сургуулийнхаа захирлын өрөөнд орж, буйдан дээр нь цүнхээ шидээд, “Өвөө ус хийгээд өг, ам цангаад байна” гэж ч чадах улс. Эсвэл багшдаа ээж шигээ эрхэлж, уйлж унжиж ч мэднэ. Тэгвэл шинэ сурагчидтай хэрхэн харьцах вэ? Тэднийг хэрхэн ойлгож, өөрийгөө хэрхэн ойлгуулах вэ? Энэ мэтчилэн эцэг, эхчүүдийн хувьд ч шинэ туршлага болдог анхлан суралцагч хүүхдүүдэд тохиолддог хичээлийн дарамт, ачааллын талаар Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, сэтгэл зүйч Н.Оюундалайтай ярилцлаа.
-Нэгдүгээр ангид хүүхэд нь элсэн орж байгаа эцэг, эхчүүдэд тулгардаг асуудлын талаар ярилцаж, энэ тухай мэдээллийг тэдэнд зөвлөж хүргэх гэсэн юм?
-Маш их асуудал үүсдэг. Хамгийн түрүүнд хүүхдээ хүргэж өгөх, авах дээр асуудал үүснэ. Эцэг, эхчүүдийн хооронд би ав, чи ав гэсэн маргаан гарна. Тэр бүхнээс шалтгаалж хүүхэд өөртөө итгэлгүй болох, сургуульдаа явахаас халшрах хандлага бий болдог. Иймээс эцэг, эхчүүд ажил төрөлтэй үедээ хуваарь гаргаж, ээлжилж хүүхдээ авах юм уу, эсвэл ангиар нь нийлж, хүүхдийн хүргэлтийн автобус хөлслөх, байнга хүүхдээ нааш цааш зөөх, харж хандах асран хамгаалагчтай байлгах шаардлагатай. Хоёрдугаарт, гэрийн даалгавар хийх ажил асуудал болдог. Гэр бүлд багахан “дайн” дэгдээдэг энэ асуудлыг хөнгөхөн шийдвэрлэх боломж бий.
-Ямар аргаар гэрийн даалгавар хийлгэвэл сонирхолтой бөгөөд үр дүнтэй байх вэ?
-Энэ аргыг ярихын тулд эхлээд эцэг, эхчүүдэд боловсролын сэтгэл зүйн сургалт хийх шаардлага тулгарч байгааг хэлэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд гэрийн даалгавар нь давтуулахдаа тээршаах, хүүхэддээ зааж зөвлөхөөс төвөгшөөх, багш нарыг нь хүүхдийнхээ хажууд муулах, зүй бус үг хэлэх зэргээс хүүхэд багш нартаа дургүй болж, хичээлдээ идэвхигүй болдог. Жаахан л сэтгэл гаргаад гэрийн даалгавар хийхэд нь туслахад эхэндээ 45 минут л зарцуулна. Тэр нь тав, таван минутаар багассаар хүүхэд биеэ даагаад 25 минутад л гэрийн даалгавараа хийж дуусдаг болдог.
-Эцэг, эхчүүдэд боловсролын сэтгэл зүйн ойлголт дутагдалтай байна-
-Гэрийн даалгавар их байна гэж багш нарт шүүмжлэлтэй хандах аав, ээжүүд байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Гэрийн даалгавар байх ёстой. Гэрийн даалгавар хийснээрээ хүүхдэд зоригийн хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, өөртөө итгэх итгэл бий болдог. Гэрийн даалгавраа хийчихээд багшдаа магтуулж, урамшсан хүүхэд улам идэвхи зүтгэлтэй болно. Багаасаа гэрийн даалгавраа хийж заншсан хүүхэд их хариуцлагатай хүн болж төлөвшдөг.
-Нэгдүгээр ангид орсон хүүхдэд сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлт мэдрэгддэг бол?
-Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүд сэтгэл зүйн хувьд айдас түгшүүртэй байдаг. Эрхэлж тоглож байсан хүүхэд гэнэт танихгүй мэдэхгүй өөр орчинд ороод ирэхээрээ биеэ барих, цочирдох, зожигрох нь их. Тиймээс хүүхдэд эхний 14 хоног сургуульдаа дасан зохицох сонирхол төрүүлэхүйц байдлаар буюу тоглоомын аргаар сургаж, сурах дур хүслийг нь бадраах хэрэгтэй. Шууд зурлага зуруулж, хичээл ороод эхлэхээр хүүхэд залхах, ядрах, залхуурах байдал ажиглагддаг. Ач нь эмээгээ хараад “Тан шиг хурдхан тэтгэвэрт гарах юмсан. Юу ч хийхгүй гэртээ хэвтээд л” гэсэн хүүхдийн хөөрхөн яриа байдаг даа. Тэгтэл нь хүүхдийг залхааж болохгүй. Энэ нь дан сургалт гэхээсээ илүү сэтгэл зүйтэй холбоотой асуудал. Боловсролын сайдаасаа эхлээд сургуульд сэтгэл зүйчтэй болох шаардлагатай байгаа тухай ярьж эхэлж байгаа нь сайшаалтай. Юун түрүүнд ангийн багш нар болон эцэг, эхчүүдийг сэтгэл зүйн сургалтад суулгах шаардлагатай байна. Энэ сургалтыг манай төв бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдэд олон удаа орж байсан. Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй зүйл их байдаг юм байна гэж эцэг, эхчүүд маш сайхан хүлээж авдаг.
-Та сургалтынхаа талаар нэмэлт товч мэдээлэл өгнө үү?
-Багш бэлтгэх боловсролын хөтөлбөрт сэтгэл судлалын хичээл заадаг хэдий ч хүүхэдтэй яаж харьцах, ээж шиг нь, эгч шиг нь, найз шиг нь яаж хандах вэ гэхчлэн сэтгэл зүйн нарийн харилцааг заахгүй бол зургаан настнууд гэнэтхэн ээж, ааваас өөр хүмүүстэй харьцаж, хичээл заалгаад олон цаг суугаад ирэхээр сэтгэл зүйн хувьд цочролд ордог нь тогтоогдсон. Тэгэхээр хүүхэдтэйгээ зөв харьцаж, сурах хүслийг өдөөх, өөртөө итгэх итгэлийг нь асаах нь эргэн тойрны хүн бүрт чухал. Энэ боловсролыг багш төдийгүй эцэг, эх, гэр бүлүүдэд суулгамаар байгаа юм.
Сүүлийн үед ажил амьдрал, харилцаа хандлагадаа хэрэгжүүлэх зорилгоор сэтгэл зүйн боловсрол олгодог энэ сэтгэл зүйн чиглэл рүү аль ч салбарынхан ханддаг болж байгаа нь дэвшилттэй юм. Байгууллагын удирдах ажилтан, төрийн албан хаагчидаас эхлээд гэрийн эзэгтэй нар ч ирж, сургалтад хамрагддаг. Хүн бүхэн мэргэжил, мэргэшил талдаа хичнээн чадмаг дадмаг байлаа ч сэтгэл зүйн боловсрол тал дээр дутмаг байвал ямар нэг талаар ахиц гардаггүй. Сэтгэл зүйн боловсрол бүх нийтийн үйлс. Хүн бүхэн сэтгэл зүйн боловсролтой болчихвол нийгэмд гарах зөрчил ч тэр чинээгээр багасна.
Сэтгэгдэл ( 0 )