ЖДҮ-ийн зээл олгох үйл ажиллагаа орон даяар эхэллээ

2019 оны 05 сарын 28

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа орон даяар эхэллээ. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор уг сангаас зээл олгож ирсэн гэж ойлгогддог. Гэхдээ эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүд тэрбумаар хэмжигдэх мөнгийг тус сангаас авсан олон баримт дэлгэгдсэн билээ.

Тэгвэл ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан гэж байгаа юм. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоогоод байна.

Төсөл хүлээн авах явцтай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцахдаа, Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байна.  Төсөл сонгон шалгаруулах хороонд долоон гишүүн байгаагаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дөрвөн төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллана гэв.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг, Төсөл хүлээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан.  Төслийг өнөөдрөөс хуанлийн 14 хоногийн турш хүлээн авах буюу нийтдээ 24-өөс дээш хоногийн хугацаанд төсөл боловсруулах, төслөө бэлтгэх боломжийг төсөл ирүүлэгчид олгож байгаа юм. Төсөл сонгон шалгаруулалт шат бүрт үнэлгээ хийж, хасагдах байдлаар явагдана. Төслийн зар болон төсөл хүлээн авах 1 дүгээр  шат хүлээн авсан төслийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох, төслийн иж бүрдлийг шалгах гэсэн хоёр хэсэгтэй. 2 дугаар  үе шат нь Төслийн судалгаа хийж, 100 хүртэл оноогоор үнэлнэ. 2 дугаар  шатанд 70-аас дээш оноо авсан иргэн, аж ахуйн төслийг 3 дугаар  шатанд оруулах бөгөөд тухайн төслийн нарийвчилсан газар дээрх судалгааг хийж мөн 100 хүртэл оноогоор үнэлэх юм. Шат бүрийн сонгон шалгаруулалтын мэдээллийг вэб хуудас болон бусад цахим мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, иргэн аж ахуйн нэгжийн бүртгэгдсэн утасны дугаарт мессежээр мэдэгдэнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top