Өнөө үед мэргэжилтэй боловсон хүчин гэдэг Монгол Улсын аль ч салбарт үнэтэй бүтээгдэхүүн. Тэр тусмаа мэргэжилдээ эзэн болж чадсан, мэргэшсэн боловсон хүчин салбартаа бүү хэл улсдаа ихийг бүтээж өгдөг үнэт капитал билээ. Ийн онцлохын учир нь ийм үнэ цэнэтэй бүтээгдэхүүнээ өнөөдөр аль хэр ашиглаж чаддаг билээ гэх эргэлзээтэй асуултанд тийм ч хангалттай хариулт олддоггүйтэй холбоотой. Зах зээлд шилжсэн цагаас манай аль ч салбарын чадварлаг хүмүүс нь харь орныг зорин тухайн улсдаа амьдрахын эрхээр өөр ажил хөдөлмөр эрхлэн суудаг нь нууц биш билээ. Энэ удаа “Зочин” буландаа Дулааны Цахилгаан станцын механик инженер мэргэжилтэй нэгэн залуу боловсон хүчнийг урилаа. Тэр бол Дүгэржанцангийн Батбилэг. Тэрээр мэргэжлээрээ 20 гаруй жил дагнан ажилласан, Монголын шилдэг мэргэшсэн зөвлөх инженерүүдийн нэг юм.
-Эрдэнэттэй ажил амьдрал чинь салшгүй холбоотойг цөөн бус хүн мэдэх хэдий ч Таныг аль нутгийн хүн бэ гэдгийг мэдэхгүй нь олон байх. Тэгэхээр эндээс яриагаа эхэлье?
-Миний аав Баянхонгор аймгийн Заг сумын, ээж маань Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул иргэд. Тэд хоёулаа 1970-д оны эхээр ОХУ-ын Москва хотын Хүнсний Технологийн Дээд сургуулийг Хүнсний технологи инженер мэргэжлээр төгсч ирээд аав Дархан хотын Хүнсний комбинатын Чихрийн үйлдвэрт, ээж Талхан заводод ажиллаж хөдөлмөрийн гараа эхэлсэн түүхтэй хүмүүс. Миний аав Дарханы Хүнсний комбинатын Чихрийн цехийг үйлдвэр болгон өргөжүүлж, “Минжийн хангай”, “Алтан шагай ” гэх амттай чихрүүдийг шинээр хийж дотооддоо төдийгүй гадаадад танил болгосон хүн байгаа юм. Тийм ч учраас аав минь “Аливаа бүтээгдэхүүн хаяг шошгоосоо эхлээд амт чанараа хүртэл сайн байх ёстой” гэж хэлдэг байсан. Тэр үед “Минжийн хангай”, “Алтан шагай” чихрийн цааснуудыг Монголоос анх удаагаа тэр үеийн 3-дагч орон гэх Швейцарь улсад захиалан хийлгүүлсэн байдаг. Ингээд 80-аад оны эхээр намын томилолтоор аав, ээж хоёр маань шинээр байгуулагдаж байсан Эрдэнэт хотыг гэр бүлийн хамтаар ирж билээ. Эрдэнэт хот болон Хангайн бүсийн аймгуудын иргэдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор Эрдэнэт хотод баригдаж байсан Хүнсний үйлдвэрийг барьж байгуулах ажлыг сууриас авхуулан яг гардан хийлцсэн хүн нь. Ээж минь Эрдэнэт хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж, хотын иргэдийн зөв аж төрөх соёлд сургах, шинэ соёл ахуйг нэвтрүүлэхэд гар бие оролцон ихэд санаачилгатай сайн ажилласан тухай тэр үеийн эрдэнэтчүүд сайн санадаг ба одоо ч иргэд маань дурсан ярьдаг юм. Манайх ам бүл олуулаа бөгөөд биднийг аав ээж багаас л хөдөлмөрийн амт шимийг мэдрүүлж өсгөсөн. Хүүхэд бүр долоо хоногийн нэг өдөр хоол хийн гэрийн талх жигнэж, амралтын өдрүүдэд хуваарь өрөөгөө цэвэрлэж, зуныхаа амралтаар Эрдэнэт хотын хот тохижуулах газарт зам талбайн үйлчлэгчээр ажиллуулж авсан цалингаараа сургуулийн хичээлийн хэрэглэл, ном дэвтэрээ авч, намар болгон жимсэнд явдаг байсан. Миний хувьд Эрдэнэтийн ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводад засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж билээ. Тэнд 2 жил ажиллаад Улаанбаатар хотын тэр үеийн Политехникийн дээд сургуулийн Дулааны инженерийн ангид элсэн орсон. Намайг сургууль төгсөх үед ГОК-ын захирал Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн Дулааны станцыг өргөтгөн цахилгаан станц болгох, улмаар энэ станцыг Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын Улаан-Овоогийн нүүрсний орд газраас нүүрсээр хангах тухай асуудлыг ярьж байсан юм. Тэгээд би дипломын ажлаа “48 мВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц байгуулах” сэдвээр хамгаалсан. Тэгээд 20 жилийн дараа дипломын ажлаа амьдрал дээр хэрэгжүүлэх боломж бүрдсэнд баяртай байдаг. Энэ бол бас миний нэг бахархал.
-Нээрэн, Та “Таван толгой” Цахилгаан станц байгуулах төслийн нэгжийг удирдаж байсан хүн. Энэ төслийн гол ач холбогдлыг товчхон тодорхойлно уу?
Монгол Улсын өмнийн бүс нутаг, “Оюу Толгой”төслийг найдвартай, байнгын эрчим хүчээр хангах, эрчим хүчний нэгдсэн системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрчим Хүчний Сайдын 2013 оны 36 дугаар тушаалаар “Тавантолгой” цахилгаан станц төслийн нэгжийг байгуулах шийдвэр гарсан. Энэ “Тавантолгой” цахилгаан станц төслийг хэрэгжүүлснээр өмнөд бүсийн төдийгүй нийт Монгол улсын хувьд эдийн засгийн томоохон эерэг нөлөөллийг бий болгоно. Өнөөдрийн байдлаар Оюутолгой төсөл нь эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-аас импортолж байгаа шүү дээ. Үүнд жил бүр 140-160 сая долларыг зарцуулж байна гэсэн статистик байгаа. Тэгвэл 450 мВт-ын чадалтай “Таван толгойн” цахилгаан станц ашиглалтанд орсноор энэ хэмжээний мөнгөн урсгал дотооддоо үлдэх боломжтой бөгөөд илүү үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ говийн аймгууд болон Монголын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ. “Тавантолгой” нүүрсний орд газар нь коксжсон болон эрчим хүчний нүүрсний арвин их нөөцтэй. Эдийн засгийн хувьд үр ашигтай коксжсон нүүрс нь экспортлогдон гадагш гардаг. Харин эрчим хүчний нүүрс нь ашиглагдахгүй байгаа. Энэ нь байгалийн баялгийн үргүй зарцуулалтаас гадна хаягдал нүүрсний овоолгын өөрөө шатах процессоос үүдэх байгалийн гамшиг үүсгэх сөрөг үр дагавартай. Мөн хаягдал нүүрсийг ил задгай хаях нь хөрс, ургамлан бүрхэвч, усны нөөцийг бохирдуулахаас гадна агаарт хүхэр, азот зэрэг элементүүдийг ялгаруулан агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр байгалийн баялгийг үргүй хаягдах, байгаль орчин бохирдуулах болон ирээдүйд үүсч болзошгүй байгалийн гамшгаас сэргийлэх ач холбогдолтой. Төслийн нэгж энэхүү мега төслийн бэлтгэл ажлыг 2014-2016 оны хооронд хугацаанд маш амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд барилга угсралтын ажлыг эхлүүлэх асуудал үлдсэн байгаа.
-Ийм ач холбогдолтой төсөл бэлэн болоод, яригдаад бас л чамлахааргүй хугацаа өнгөрлөө. Хэзээ хэрэгжих юм бол. Хэрэгжилт яагаад удаашраад одоо яг юун дээрээ гацчихаад байна?
-Өнөөдөр “Тавантолгой” цахилгаан станцын ТЭЗҮ, байгаль орчны, усны болон техникийн судалгааны бүх ажил дууссан. Төсөл бэлэн болсон, ажил эхлэхэд бэлэн гэсэн үг. Ганцхан хөрөнгө оруулалт дээрээ гацчихаад байгаа юм.
-Яагаад?
-Хөрөнгө оруулалтаа яаж шийдэх гарцаа олоогүй байна. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд “Оюу толгой” ХХК, “МСS”-групптэй хамтраад өөрсдөө хөрөнгө оруултхх хийгээд, станц барина гэж ярьж байна. Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто компани өөрийн зэмшлийн болон Монголын талын эзэмшиж буй 34 хувийг барьцаалаад дахиад мөнгө зээлж байж л зах олон улсын банк, санхүүгийн байгуулага, зээлдэгч нараас хөрнгө оруулалт татах боломжтой гэсэн үг. Тэгэхээр чинь нөгөө гэрээнийхээ дагуу 2037 оноос манай улсад, иргэдэд өгөх ёстой ашгаа өгч чадахгүй болно. Дахиад ашиг өгөх, хүртэх хугацаа нь хойшилно гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас “Рио Тинто” компани Оюултолгой төслийн 2–р босоо амыг ашиглалтанд оруулсанаар далд уурхайн бүтээн байгуулалтаа бүрэн дуусгахын тулд гаднаас хөрөнгө босгосон ба хөрнгө оруулалтын баталгаандаа тулд “Оюу толгой”-н уурхайн ашиглалтын лицензүүдийг барьцаанд тавьчихсан байгаа шүү дээ. Тэгтэл одоо мөнгө босгох гэхээр дахиад барьцаанд тавих боломж байхгүй. Өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор озоны давхаргыг гэмтээгч нүүрсхүчлийн хий их хэмжээгэр ялгаруулдаг түүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийхийг Олон улсын банк санхүүгийн байгууллагууд, өндөр хөгжилтэй орнуудын засгийн газрууд хориглосон байгаа. Тэгээд ч Рио Тинто компаний зүгээс Таван толгойн станцын хүчин чадлыг зөвхөн өөрийн Оюутолгойн эрчим хүчний хэрэглээнд тааруулж, нөгөө талаар олон улсын хоиргт баригдан 300мВт-ын чадалтай станц болгож барих, улмаар үлдэж буй 150мВт-ын чадлыг Оюултолгойн төслийн аюулгүй нөөц болгон уурхай дээрээ барихаар төлөвлөж буй. Гэтэл аливаа үйлдвэр аж ахуйн газрын аюулгүй нөөц бол тухайн газрын өөрийн хөрөнгө байдаг тул энэ нь Монгол улстай хийсэн Тавантойн цахилгаан станцын хөрөнгө оруулатыг гэрээг зөрчөөд зогсохгүй Монгол улсын эрх ашгийг хөндөж байгаа юм. Ийм байдлаар станц барих санхүүгийн асуудал хүнд байдалд орчихоод байгаа юм. Энэ байдлыг хараад “Станц барих хөрөнгийг ингэж шийдэх боломжгүй. Харин гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж оруулаад Рио Тинто далд уурхайн бүтээн байгуулат дуусгах хүртэлбаталгаа гаргаж өгөх, цахилгаан эрчим хүчээ хэрэглээгээ зөвхөн Таван толгойн цахилгаан станцаас худалдан авах гэрээ, бусад дагавар гэрээнүүдийг байгулаад явъя” гэсэн саналыг Эрчим хүчний яам болон төслийн зүгээс тавьсаар ирсэн. Одоо “Рио Тинто” компанийн зүгээс ийм байдлаар хөрөнгө босгоод 2020 оны хавар “Тавантолгой” цахилгаан станцыг барлга угсралтын ажлыг эхлүүлнэ гэдэг бол эргэлзээтэй.
-Энэ станц барих хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд “Рио Тинто” Хятадаас мөнгө босгох гээд, Хятадын хөрөнгө оруулагч авах гээд явж байгаа тухай яриа байгаа. Тийм байдлаар санхүүгийн асуудлаа шийдэх боломж байгаа юм болов уу?
-Өнөөдөр манай урд хөрш БНХАУ-н банк санхүүгийн байгууллага, компаниудаас өөр бусад улсууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй. Хэрэв үнэхээр Хятадаас зээл авах мөнгө босгох гэж байгаа бол “Рио Тинто”компани биш Монгол Улс, Монголын Засгийн газар энэ асуудлыг хөөцөлдөж, өөрийн нэр дээр гэрээгээ хийх ёстой. Яагаад гэвэл хөрөнгө босгох явцдаа мөнгө иддэг, мөнгө завшаад сурчихсан тэдэнд бэлэн өгөөш хаях ёстой гэж? Энэ талаар ярьж хэлснийхээ төлөө буруутгагдсан ч гэсэн эх орноо, улсаа гэх сэтгэл байгаа учраас энэ талаар амаа хамхиж чаддаггүй.
-Дахин барьцаалж зээл авах боломжгүй. Өөр боломжит хувилбараар хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд гаднын хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн нэр дээр биш өөрийн улс, Засгийн газрын нэр дээр авах ёстой гэдгийг салбарын сайд болон энэ асуудлыг хариуцаж байгаа эрх мэдэлтнүүд мэдэхгүй байна гэхэд итгэмээргүй?
-Ямар ч байсан энэ төслийг урагшлуулахын тулд Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлэхийн тулд нэлээд шахах хэрэгтэй байна. Ингээд л байгаад байх юм бол цаг хугацаа алдаад байна. УИХ-ын гишүүн Л.Гарамжав хэлсэн байна лээ шүү дээ. “Нэг жилд ойролцоогоор 200-300 сая ам.долларыг эрчим хүчний төлбөрт урд хөршдөө алдаж байна” гэж. Гэтэл энэ станцыг барих зардал нэг тэрбум 250 сая ам.доллар гээд эдийн засгийн тооцоо судалгааг хийгээд харахаар 12-15 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх боломжтой юм билээ.
-Концессын барих, ашиглах, шилжүүлэх гэрээг яагаад заавал 25 жилээр хийдэг юм бол? Энэ бол дэндүү урт хугацаа. Аливаа үйлдвэр ид ажиллах, ашгаа өгөх эрчимтэй хугацаа нь хэтэрсэн мэт харагддаг? Та төслийн баг ахалж ажиллаж байсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Концессын гэрээний 25 жил гэдэг хугацааг эргэж харах ёстой гэдэгтэй санал нэг байна. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд зөвхөн металл дээр жишээ татахад 25 жил гэдэг бол металл маань үнэндээ яг ядаргаанд ороод сульдах үе л дээ. Саалийн үнээ дээр жишиж ярих юм бол бүх ашиг шимээ өгөөд ядарч сульдсан үед нь эзэнд буцааж өгч байгаатай адил юм.
-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хоттой Таны ажил амьдрал салшгүй холбоотой. Тэгээд ч Та өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Үүнтэй холбоотой нэг асуулт асууя. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр хөгжил дэвшлээрээ адил төстэй үйлдвэр, уурхайтай хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу. Монголчууд бидний хэн нь ч байсан зөвхөн эдийн засгийн талаас хардаг. “Их татвар төлж байна... Их мөнгө олж байна...” гээд. Яг техник, технологи талаасаа хэр шинэчлэгдэж, хүчин чадлаа ашиглаж байдаг юм бол гэдэг нь анхаарал татаж байна?
-“Эрдэнэт” үйлдвэр 1978 онд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрийн маань тоног төхөөрөмж 41 жил ажиллачихлаа гэсэн үг. Гэсэн хэдий ч энэ үйлдвэр өнөөгийн байдлаар жилдээ 30-32 сая тонн хүдэр боловсруулж байна. Техник, технологийн шинэчлэлийн хувьд улс орны эдийн засгийн байдал, гадаад зах зээлийн нөхцөл байдал, компанийн өөрийн эдийн засгийн үзүүлэлтээс хамааралтайгаар төдийлөн бүрэн шинэчлэгдэж чадахгүй байгаа гэж бодож байна. Нөгөө талаас уурхайн уулын маань тогтоц өөрчлөгдөөд явж байгаа. Өнөөдрийн байдлаар үндсэн орд 1300-гаад метр буюу 1,3 километр гүнд олборлолт явуулж байгаа. Ил уурхайн зэс, молибдений бүтэц байнга өөрчлөгдөж байдаг ба баян болон ядуу агуулгатай хүдрүүдийг холих замаар өнөөгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагддаг гэсэн үг. Энэ бүхнийг дагаад “Эрдэнэт” үйлдвэр техник, технологио шинэчилсээр ирсэн. Уулын хүдэр дэх зэс молибдений агуулга өөрчлөгдөх бүрт металл авалтыг нэмэгдүүлэх үүднээс шинэ шинэ урвалжуудыг турших замаар бүтээгдэхүүний гарцыг тогтмол барих нэмэгдүүлж байх ёстой. Мөн уурхайн хүдрийн хатуулагийн өөрчлөлтөөс хамаарч шинэчлэн солихдоо эрчим хүч харьцангуй бага зарцуулдаг илүү бүтээмж өндөртэйгөөр сольж байх ёстой. Энэ маань өнөөдөр жаахан хоцрогдолтой яваа. Харин хөвүүлэн баяжуулах машинуудын хувьд бол цаг үеэ дагаад сольж шинэчлээд явж байгаа. Мэргэжлийн бус хүн атлаа сэтгэл зовниж байгаа нэг асуудал бол тээрмүүдээ шинэчлэх. Нөгөө талаар ил уурхайн гүн доошилсоноор зэс молибдений хүдэр зөөж зардал өсөөд байгаа юм. Тээр дороос хүдэр зөөж буй хүнд даацын автомашины явах замын хэмжээ ихсэж, зах зээл дэх шатахууны үнэч өсөж байгаа нь бүтээгдэхүүнйи өөрийн өртөг маш их нөлөөтэй. Хүдэр тээвэрлэх цаг хугацаа нэмэгдэж байгаа. Тиймээс “Оюу толгой” төслийн ил болон далд уурхайд хэрэглэж буй мөчлөгт дамжуулга буюу конвейрийн дамжлагыг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
-Ус гэснээс Эрдэнэтийнхэн л усны үнэ цэнийг хамгийн сайн мэдэрч байгаа гэсэн яриа сонсч байсан. Энэ юунаас үүдсэн яриа бол. Усаа холоос татаж авдагтай холбоотой юу?
-Өнөөдөр 65 километрийн цаанаас усаа татаж хамгийн үнэтэй ус хэрэглэж байгаа газар бол Эрдэнэтийнхэн. Гэтэл “Оюу толгой” яагаад газрын дор орших гүний усыг тийм хямдхан хэрэглээд байгаа юм бэ? Тийм учраас “Оюу толгой”-д хэрэглэж байгаа усны гэрээг эргэж харах ёстой гэж боддог. Гүний ус эргэж нөхөгдөхгүй шүү дээ. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэрт тийм өндөр хатуу хяналт тавьдаг шигээ “Оюу толгой”-д усны хяналт яагаад тавьж болохгүй гэж. Тэнд ус үнэгүй хэрэглэж байхад эрдэнэтчүүд, “Эрдэнэт” үйлдвэр ийм өндөр үнэтэй ус хэрэглэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн инженерийн шугам сүлжээ огт шинэчлэгдэлгүй 40 жил болсон. Цаг үеэ дагаад энэ аварга том үйлдвэрийн техник, технологийг системтэй сольж, шинэчилж байхгүй бол нэг л өдөр сөхрөх юм бол босч ирэхгүй шүү дээ.
-Эрдэнэт хотод тулгамдсан таны санааг зовоож байгаа ямар асуудал байна?
-2000 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 оноос хойш ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд Эрдэнэт хот нь Уул уурхай дагасан хот уу, Улсын дагуул хот уу гэсэн асуултыг тавьж, энэ талаар өөрийн санал бодлоо ярьж, хэлж ирлээ. Энэ маань юунаас үүдэлтэй вэ гэхээр “Эрдэнэт” хотын инженерийн шугам сүлжээг шинэчилье гэж яриад үндсэндээ 20-иод жил боллоо. Гэтэл Хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил өнөөдөр наймхан хувьтай л явж байна. “Эрдэнэт” хотыг тухайн үедээ 30000-40000 хүн ам амьдрахаар тооцоолсон байдаг. Өнөөдрийн байдлаар албан ёсны статистик тоогоор хүн амын тоо 1030000 хүрээд байна. Албан бус тоогоор бол 120000-130000 хүн ам амьдарч байгаа гэсэн мэдээ байдаг. Хөрш зэргэлдээ Булган аймгаас ирж ажиллаад нутагтаа амьдардаг иргэд олон байгаа. Энэ бол буруу биш. Хаана соёл иргэншил байна түүнийг дагаж ажиллах нь хувь хүний сонголт тул би үүний буруу гэж үздэггүй. Өнөөдөр Булганы аймгийн Орхон Бугат, Хангал, Сэлэнгэ гэсэн дөрвөн сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумынхан хүүхдүүдээ Эрдэнэтийн сургууль цэцэрлэгт сургаж байна. Бас Эрдэнэтийн бүсийн оношилгооны төвөөр эдгээр сумдынхан үйлчлүүлдэг. Ингээд бодохоор Эрдэнэт бол хангайн бүсийн тулгуур төвийн үүрэг гүйцэтгэж байна. Ингэхээр “Улсын дагуул хот байх уу”, “Уул уурхай дагасан хот байх уу” гэдэг статусыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Энэ үүднээсээ хотын шугам сүлжээг зайлшгүй шинэчлэх хэрэгтэй. Энэ бол иргэдэд, хотод тулгамдсан асуудал. Нөгөө талаас дээр дурдсан усны асуудлыг, үнийг шийдэх шаардлага тулаад байна. Иргэдээс усны үнийг уул уурхайн тарифаар бодож авдаггүй боловч бусад аймаг хотуудаас харьцангй өндөр үнээр авч байгаа. Ингэж усанд өндөр үнэ тогтоосон үндэслэл нь юу вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Цэвэр усны шугам сүлжээ хуучирч муудсан тул усны алдагдал ихтэй гэдэг. Эрдэнэт үйлдвэр уул уурхайн тарифаар бодсон цахилгаан эрчим хүч хэрэглэсэн шахуургын станцуудаар дамжин ирсэн усаа тэр болгон иргэдэд хямд үнээр нийлүүлээд байх боломжгүй. Нөгөө талаар эрдэнэт үйлдвэрийн зөвхөн цэвэр усаа татан авч буй хэрглээний цахилгааны зардлыг бусад аж ахуйн нэгжийн иарифаар тооцвол усны өөрийн өртөг буурах магадлалтай. Хот үйлдвэр хоёрын хооронд усны үнийн зөрүү, усны алдагдал хэмээн жилдээ газрын төлбөрөөс 2 тэрбум гаруй төгрөг суутган тооцдог ч бодит байдал дээр энэ алдалын зөрүү хэдий 4,0 тэрбум төгрөг даваад байгаа. Дээр доргүй усны алдагдал гэж бараг 20-иод жил ярилаа. Шийдсэн юм алга. Усны алдагдал, үнийн зөрүү гэх энэхүү олон тэрбум төгрөгийг багасгаж чадвал хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх бүрэн боломж бий. Энэ хотын цэвэр бохир усны шугам сүлжээг хариуцсан мэргэжлийн байгууллага болох Улаанбаатар, Дархан хотууд шиг Ус сувгийн удирдах газар, дулааны шугам сүлжээг хариуцсан Дулааны шугам сүлжээний газруудыг зайлшгүй байгуулах шаардлага зүй ёсоор амьдралаас урган гарч байна. Эрдэнэт хотын үерийн даланг хэн хариуцах нь тодорхойгүй үед энэ хөрөнгийг Ус сувгийн газарт харьяалуулж эзэнтэй болгох. Хотын бодлогыг ярьж, түүнийг дагуулаад шийдэх ёстой асуудал олон байгаа. Эрдэнэт үйлдвэр энэ хотын ачааг 40 жил үүрч явлаа. Уурхай нэг л өдөр зогсоно. Тэглээ гээд хотын амьдрал зогсох уу. Ийм учраас “Улсын дагуул хот байх уу”, “Уурхай дагасан хот байх уу” гэдэг асуудлыг энэ олон жил яриад байгаа юм.
-Эрдэнэтэд аюулын харанга дэлддэг нэг асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн технологийн хаягдлын далангаас босч буй цагаан тоос. Энэ бол бүр улсын аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд тулаад байна. Өнөөдөр эрдэнэтчүүдэд эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах боломж, баталгаа байна уу?
-Уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан нэмэгдэх тусам цагаан тоос улам бүр их нэмэгдээд байна. Одоо үндсэндээ хүн амын суурьшлын бүс “Говил” багийнхан бүхэлдээ нэрвэгдэх аюулд хүрээд байна. Энэ багийнхан хаягдлын далантай яг зэрэгцээд амьдарч байна. Байгаль, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой, салхи, шуургатай үед цагаан тоос бүр хотын төв рүү орж ирдэг болсон. Хамгийн анх энэ цагаан тоосонд автаж, энэ асуудлыг сөхөж тавьсан хүмүүс бол манай “Баянцагаан” багийнхан буюу Эрдэнэтийн вокзал орчимд амьдардаг иргэд. Тэд хотын удирдлагууд болон ИТХ-д саналаа тавьсан байдаг юм. Төмөр замын “Эрдэнэт” өртөө өнөөд хүн амын суурьшлын бүс болчихоод байгаа юм. Уг нь суурьшлын биш байсан л даа. Яагаад гэхээр Эрдэнэт хотын үе үеийн удирдлагууд тэр бүсийн айл өрхийг тэнд суурьшихыг баталгаажуулаад явсан байдаг юм. “Энд суурьшлын бүс байж болохгүй. Цагаан тоос хамгийн ихтэй газар. Энэ бол үйлдвэрийн бүс” гэдэг асуудлыг тухайн үед хэлж, ярьсан боловч аймаг, хотын удирдлага ч, тэнд амьдарч байгаа иргэд ч сонсоогүй, ойшоогоогүй. Харин ч бүр тэнд байгаа байр сууцыг газрыг өмчлүүлсэн. Гэтэл одоо тэндхийн хүн ас хамгийн ихээр цагаан тоосны аюулд өртөж байна.
-Цагаан тоосны аюулын тухай төдийлөн дуугарч байгааг сонсоогүй юм байна. Хор уршгийн талаар дурдаач?
-Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын санд хуримтлагдсан технологийн хаягдал булинга, цагаан элснээс салхинд дэгдэн үүсдэг цагаан тоосны сөрөг үр дагавар нь өнөөдөр тус үйлдвэрийн бүсийн хот суурингийн хүн амын эрүүл мэнд, газар тариалан, мал аж ахуй төдийгүй тухайн нутгийн ландшафтын экосистемийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Энэ үйлдвэрийн үндсэн хэсэг болох Баяжуулах үйлдвэрийн байгууламжаас гарах үйлдвэрийн технологийн хаягдал булинга хүлээн авдаг Хаягдлын аж ахуйн сан нь 1978 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд нэмэгдсээр одоогийн байдлаар жилд дунджаар 27,0 сая тонн цагаан элс хуримтлуулсаар иржээ. 2017 оны эхний байдлаар тус үйлдвэрийн хаягдлын санд нийтдээ 807,11 сая тонн элс хуримтлагдаад байна. Хаягдлын сан нь нийт 2033,1 га талбайг эзлэн оршиж байгаагаас 1302,8 га талбай нь цагаан тоос дэгдэх голомт болж байна. Тархалтын хувьд салхины урсгалын зохилох чиглэлийг дагаж Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сангийн эргэн тойронд болон Хангал голын хөндий дагуу Жаргалант сум хүртэлх 30 орчим км2 нутагт жилд дунжаар 4500 гаруй тонн цагаан тоос тархаж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. “Эрдэнэт хотын хүрээлэн буй орчны мониторинг судалгааны тайлан 2015”-д туссанаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны тархалтын чиглэл нь сар бүрийн салхины зонхилох урсгалыг дагаад харилцан адилгүй ба өвлийн улирал буюу 11, 12, 1 дүгээр саруудад тоосонцрын тархалт нь харьцангуй тогтворгүй боловч зүүн болон баруун өмнөд зүг рүү, хаврын сарууд буюу 2, 3, 4 дүгээр саруудад салхины хурд 18-20м/с, хүчтэй шуургатай үед 23м/с-ээс давж салхилах бөгөөд цагаан тоосны тархах чиглэлийн хувьд тогтворгүй, бүх тал руу тархалттай байна. Зуны улирал буюу 5, 6, 7 дугаар саруудад салхи хүчтэй боловч зүүн хойд, баруун өмнөд, зүүн өмнөд зүг рүү чиглэсэн салхи зонхилж, тухайн зүгт цагаан тоос тархсан байна. Намрын улирал буюу 8, 9, 10 дугаар саруудад цагаан тоосны тархалтын чиглэлийг харвал зүүн өмнөд болон баруун өмнөд зүг рүү чиглэсэн тархалттай байдаг байна. Эрдэнэт үйлдвэр нь үйлдвэрийн цагаан тоосны дэгдэлтийг багасгах зорилгоор багагүй хэмжээний хөрөнгө зарцуулан усалгааны болон бусад арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр явуулж, тодорхой үр дүнд хүрч байгаа боловч бүрэн дарж чадахгүй байна. Хаягдлын сан нь их хэмжээний газрыг эзлэн байрлаж, түүнээс үүсэх тоос нь газрын хөрсийг бүрхэж, тухайн орчны хөрс, ус, агаарыг бохирдуулж, байгаль-экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл өндөр байгааг судалгааны дүн тодорхой харуулж байна. 2006-2015 онуудад тус нутгийн хүн амын дунд эрүүл мэндийн үзлэгийг жил бүр тогтмол явуулсан боловч тодорхой үр дүн гараагүй тул эрүүл мэндийн үзлэгийг илүү нарийвчилсан түвшинд зохион байгуулах шаардлага тулгарч байна. Мэргэжлийн байгууллагаас Эрдэнэт үйлдвэрийн орчны бүст явуулсан малын эмгэг анатоми-физиологийн болон эд эрхтний биохимийн нарийвчилсан судалгааны дүн нь тухайн нутгийн мал, тэжээвэр амьтдад үс ноос халцрах, тураалд орох, элэг ба уушгины хурц эмгэг, бусад дотор эрхтний өвчлөл илэрхий түгээмэл, хурцадсан хэлбэрийн илрэлтэй байгаагийн үндсэн сурвалж нь цагаан тоос байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
-Таны ярьж байгаагаас үзэхэд энэ олон арга хэмжээг зохион байгуулахад чамгүй хугацаа орно. Тэр болтол хүний эрүүл мэндэд хэдийнээ сөргөөр нөлөөлөөд эхэлчих биш үү?
-Зэрэг зэрэг л арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр одоо яг бүсийн айл өрхийг Булган аймаг руу нүүлгэх шаардлагатай. Нүүлгэлтийн зардлыг уурхайн эрсдэлийн сангаас гаргаад энэ иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжоор яаралтай хангах ёстой.
Нөгөө талаас энэ цагаан тоос, Эрдэнэтийн хаягдлын асуудлыг төр, засгийн төвшинд яаралтай ярих хэрэгтэй байна. Тэгэхгүй аймаг, хотын хэмжээнд яриад ямар ч үр дүн гарахгүй байна. Өнөөдөр “Говил” багт амьдарч байгаа 10000 гаруй иргэн цагаан тоосондоо хордож эхэллээ. Цагаан тоосоо дагаад зэс, молибден угаасан маш нарийн ширхэгтэй, элсэнцэр, тоосонцрууд очиж хүний уушгинд орж гэмтээж байна. Дээрээс нь тэр хавийн усанд нөлөөлж байна. Яг энэ хаягдлын далангаас хөрсөөр дамжин шимэгдэж явсаар Хангалын гол руу нийлж байгаа юм. Тэгтэл энэ голоос уусан малын сүү тараг болохгүй шууд ээддэг, эндээс уусан малын уушиг болоод таван цул эрхтэнд авах юм байхгүй. Үүнийг юугаар батлах вэ гэхээр өөрийн биеэр харсан. Эрдэнэт үйлдвэрийн Махны үйлдвэрийн даргаар найман жил ажиллаж байхдаа Жаргалант сумаас мал мах бэлтгэдэггүй байлаа. Яагаад гэвэл, хортой, болохгүй гэдгийг мэдэж байгаа учраас. Гэтэл нэг хүн гуйгаад байхаар нь нэг адуу авсан чинь тэрний таван цул эрхтэн авах юмгүй болсон байсан. Үнэхээр аймаар. Ингээд 2016 оноос хойш аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болоод цаасан дээр бичсэн амлалт, төлөвлөгөөгөө хэрэгжүүлээч гэдэг талаар байнга ярьж байгаа. Үр дүн алга. “Хангалын голоос мал ууж болохгүй. Энэ орчинд хүн амьдарч болохгүй” гэдгийг иргэддээ шууд хэлж ойлгуулах хэрэгтэй. Яагаад иргэдээс нууцлаад, нуугаад байгаа юм бэ. Өнөөдөр Эрдэнэтийн иргэд Улаантолгойд тарьсан төмс, хүнсний ногоог хэзээ ч авч идэхгүй. Харин энд тарьсан хүнсний ногоог хаашаа борлуулж байна вэ гэдэг бол бас л том асуудал. Хаана борлуулж байгааг үнэхээр мэдэхгүй. Тэгэхээр Улаантолгойд хаана нь хүнсний ногоо тарьу болох, болохгүй зааглаж өгөх хэрэгтэй. Жаргалант сумын хойд хэсэгт тарьсан хүнсний ногоо эрүүл ахуйн шаардлага хангаж байна. Харин Хангалын голоос усалгаа хийдэг урд хэсэгт хүнсний ногоо огт тарьж болохгүй гэдгийг иргэддээ үнэ зөвөөр ойлгуулж сурталчлахгүй байна. Үүнийг яагаад нууцлаад байгаа юм бэ. Далангаас улбаалсан цагаан тоос, энэ хог хаягдлаас үүдэлтэй хүн, малд хортой, байгаль экологид сөрөг нөлөөтэй энэ асуудлыг төр, засгийн зүгээс яаралтай, дорвитойхон арга хэмжээ авахгүй бол үнэхээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаад удаж байна. “Эрдэнэт” үйлдвэр жилд нэг удаа өөрийн ажилагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг шигээ үйлдвэрийн орчинд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулж, ямар өвчин яг юунаас болж үүдээд байгааг үндэслэлтэй тогтоолгох хэрэгтэй. Эрдэнэтэд зүрх, судасны өвчин давамгайлдаг. Хүмүүсийн үс маш эрт цайрдаг. Ингэж хүний эрүүл мэндэд заналхийлсэн олон сөрөг үзэгдэл байгаа. Үүнд үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Хотын төвийн 2,3,4 дүгээр багийнхан одоо яг энэ цагаан тоосны хөнөөлд орж эхэлсэн байна. Үүнийг анхаарахгүй бол Эрдэнэт хот аюултай бүсэд, иргэд нь амьд явах баталгаагүй л амьдарч байна.
Сэтгэгдэл ( 7 )
ih l zalitai olibo ogotno shig zaluu, mongond durtai n ch unen, bas ih uls turjdog, hiij biteesen gavitai yumgui gedeg yum bilee argagui l songuuli tohoj de kkk
Mundag l zaluu shig bgaan mungund ih durtai gej humuus yariltsaj bhiig sonsson yum bna
dajgui yariltslaga bna B bileg hudulmurch hun ajil deer ee haragddag. AMJILT HUSIE.
D.Batbilegiin ugson ene yariltslaga bodit asuudal deer shiidvertei zorigtoi yariltssan sain yariltslaga bolj. Mun S. Uuganabayar tulgamdsan asuudluud deer bodit asuultuudiig asuusan n” unshigch bidend taashaaltai bailaa... Yamar ch tulgamdsan asuudliig ur”dchilan kharj garakh arga zamaa olokh n” bidnii ireeduig mukhloos khamgaaldag...
Маш сайн мэргэшсэн инженер, олон талын судалгаа шинжилгээн дээр суурилсан өргөн мэдлэгтэй мундаг залуу байна. Ийм залуусыг дэмжиж удирдуулбал улс орон хөгжинө.
Арай л сүртэй шүү бас тэ сонгууль ойртсоны шинж юм уу даа. Мөхөөд байхдаа яахав дээ.
Үнэхээр зөв зүйлийг хөндөж ярьсан байна. Цагаан тоосны асуудлын анхаарах хэрэгтэй. Ниргэсэн хойно нь хашгирах биш яаралтай одооноос эхэлж цэгцлэх хэрэгтэй байна.