Дэлхийн голууд антибиотикоор бохирдож байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Дэлхийн ихэнх голууд антибиотикоор бохирдсоныг анх удаа энэ чиглэлээр хийсэн судалгаа харуулжээ.

Их Британийн Йоркийн их сургуулийн судлаачид дэлхийн 72 улс орны гол, мөрний усны дээжийг шинжилсэн байна. Эдгээр голын 65 хувьд нь антибиотик илэрсэн байна. Гол төлөв Ази, Африкийн гол, горхины бохирдол өндөр төвшинд хүрсэн байжээ. Ялангуяа, Бангладеш, Кени, Гана, Пакистан, Нигери зэрэг улсад гол, мөрний бохирдол аюултай төвшин хүрсэн байна.

Бангладеш улсын гол, мөрөнд нянгийн халдварын эсрэг хэрэглэдэг метронидазол антибиотикийн хэмжээ аюулгүйн төвшнөөс 300 дахин их гарсан байна.

Судлаачид голоос авсан дээжид хамгийн түгээмэл хэрэглэгддэг 14 төрлийн антибиотикийг илрүүлэх зорилгоор шинжилсэн байна. Судалгаанд хамрагдсан гол, мөрний 43 хувьд нь шээсний замын халдварын үед хэрэглэгддэг триметоприм антибиотик илэрсэн байна. Түүнчлэн, ципрофлаксин антибиотик 51 гол, мөрөнд их хэмжээгээр агуулагдаж буй нь тогтоогдсон байна.

Чао Прая,  Дунай, Меконг, Сена, Темза, Тибр, Тигр зэрэг нийт 711 гол, мөрнөөс авсан дээжийг шинжилсэн байна. Цэвэршүүлэх байгууламж, хогийн цэгтэй ойрхон урсдаг эсвэл улс төрийн нөхцөл байдал тогтворгүй улс орны гол, мөрний бохирдлын төвшин өндөр байгааг судалгаа харуулжээ. Антибиотикийн бохирдол дэлхийн тулгамдсан асуудал болсныг судалгаа анхааруулж байна.

Эмэнд тэсвэртэй өвчний улмаас жилд 700 мянган хүн нас барж байгаа бол 2030 он гэхэд энэ тоо 10 саяд хүрнэ гэсэн тооцоог НҮБ гаргажээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top