Алейн Пилоу: “Рио Тинто”-той зөвшилцөлд хүрэхэд бид туслахад бэлэн байна

2019 оны 05 сарын 29

 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио Тинто” идэвхгүй байр суурь баримталж буйг шүүмжилжээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдгийг ноён Алейн Пилоу уулзалтын үеэр дурджээ. Түүнчлэн тэрбээр  Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого чиглэлийн талаар тодруулж, асуусан байна.

Түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийлжээ.

 "Миний хувийн байр суурь бол Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны байр суурийг зөв гэж үзэж байгаа. Үүнийгээ ч Ажлын хэсгийнхэнд илэрхийлсэн. Манай талаас “Рио Тинто”-д хоёр талдаа ашигтай шийдлүүдийг санал болгосон. Гэвч тэдний тал ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй 1.5  жил болж байна. Үүнээс болж гэрээний нөхцөлийг сайжруулах талаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа. Бид төслийг сайжруулж үр дүнтэй болгохын тулд үйлдвэрлэл, татварын нөхцөл гээд бүх асуудлыг эв зүйгээр шийдэхийг хичээж байна. Гэрээ зөрчсөн болон татвартай холбоотой асуудлууд ч бий. Гэсэн ч “Рио Тинто” мөн л хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа. Тэд ямар нэгэн шийдэл гаргаж, хариу өгвөл Монгол Улсын Засгийн газар аль аль талын ашиг сонирхлыг харгалзан, нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлье. Дэлхий ертөнц нээлттэй болсон цаг үед бидний бүх зүйл ил тод байх болно. “Рио Тинто”-гийн баримталж буй байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэн далангүй хэлье.

Мэдээж энэ бол бизнес. Бидний зүгээс ч анхаарах ёстой асуудал бий. Эцсийн дүндээ аль аль талын эрх ашиг хамгаалагдаж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим хэрэгжих ёстой" гэж хэлсэн байна.

Харин Ноён Алейн Пилоу  "Би таны хэлснийг зөв гэж үзэж байна. “Рио Тинто”-гийн хувьд ямар ч байсан зөвшилцөлд хүрэх нь дамжиггүй. Ямар нэг байдлаар яриа хэлэлцээр болох нь гарцаагүй. Хэрэв та бүхэнд туслалцаа хэрэгцээтэй бол бид туслахад бэлэн байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дашрамд өгүүлэхэд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн хэвшил рүү чиглэж ирсэн гэж хэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(73.83.84.234) 2019 оны 05 сарын 29

Bitgii huts huuguud garga. Ouy tolgoi chini mongoliin gazar. Zuvsholtsuud bh uim bhgui. Ezen ni uimaa medne. Zailtsgaa!!!!

2  |  0
Top