ТОЙМ: Гадаад худалдааны нөхцөл өмнөх сараас муудав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Гадаад худалдааны дөрөвдүгээр сарын байдлаарх  тойм мэдээллийг хүргэж байна. Оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж  4,278 сая ам.доллар байв. Үүнд экспорт 387 сая ам.доллароор, импорт 184 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлөв.  Худалдааны тэнцэл энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеэс 202 сая ам.доллароор өсөж  746 сая ам.долларын ашигтай байна.

Валютын төлбөртэй худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 191 сая ам.доллараар өсөж  801 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 65 хувь буюу 2,769 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12 хувь буюу 512 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан бол БНХАУ-тай хийсэн худалдаа 15 хувиар өслөө.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс  дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн хэдий ч өмнөх сараас хоёр хувиар буурч 2.174-д хүрлээ. Худалдааны нөхцөл өмнөх сараас муудахад хөрөнгө оруулалтын болон нефтийн барааны импортын үнийн өсөлт голлон нөлөөлөв

Экспорт 2019 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар буюу 387 сая ам.доллараар өсөв. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь нийт экспортыг 17 нэгж хувиар өсгөх чиглэлд нөлөөлөв. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 нэгж хувиар, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 0.3 нэгж хувиар тус тус өссөн байна.

Оны эхний дөрвөн сард экспортын гадаад худалдааны тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 257 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 130 сая ам.доллароор тус тус өслөө. Чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 149 сая ам.доллароор, үнийн өсөлтөөс шалтгаалж 96 сая ам.доллароор өсөв.

Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөнөөс шалтгаалж 13 сая ам.доллароор өссөн боловч үнийн өөрчлөлтөөс шалтгаалан 12 сая ам.доллароор буурсан байна.

Дэлхийн зах зээл дээрх нэг унц алтны дундаж үнэ  дөрөвдүгээр сард 1,286 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 3.7  хувиар, өмнөх сараас 1.2  хувиар буурсан байна. “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ  дөрөвдүгээр сард харгалзан 6,438; 94 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 6  хувиар буурсан бол төмрийн хүдэр 42.5 хувиар өссөн, өнгөрсөн сараас зэсийн үнэ бага зэргийн буурсан бол төмрийн хүдэр 7.4  хувиар өссөн. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ дөрөвдүгээр сард 87 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 10 хувиар, өмнөх сараас 4.8  хувиар өслөө.

Импорт оны эхний  дөрвөн сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар буюу 184 сая ам.доллароор өсөв. Импортын 12 нэгж хувийн өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт  долоон нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүн болон нефтийн бүтээгдэхүүний өсөлт тус бүр гурван нэгж хувийг бүрдүүлж байна.

2019 оны эхний дөрвөн  сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 116 сая ам.доллароор, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 54 сая ам.доллароор, нефтийн бүтээгдэхүүний импорт 50 сая ам.доллароор тус тус өссөн бол аж үйлдвэрлэлийн орц бүтээгдэхүүний импорт 2 сая ам.доллароор буурснаар нийт импорт 184 сая ам.доллароор өслөө.

Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ  дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс нэг  хувиар, өмнөх сараас таван хувиар өсч тонн тутамд 648 ам.долларт хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top