“Өглөөний зочин” буланд Улаанбаатар их сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Байгалсайхан уригдсан юм.
-Дэлхийн чиг хандлага, нийгмийн өөрчлөлт нь юуны өмнө боловсролын салбарт гэрэл сүүдрээ тусгадаг жамтай. Тэгэхээр боловсролын салбарт гарч байгаа өөрчлөлт чиг хандлагын тухай таниас асуухгүй өнгөрч болохгүй санагдана?
-Хүнийг соён гэгээрүүлэх, тэр тусмаа хүүхдийг хүн болгон төлөвшүүлэхэд утга, уран зохиол, урлаг соёлын нөлөө асар их үүрэгтэй. Гэтэл цагийн салхи дагасан системийн өөрчлөлтөд уран зохиолын хичээл хэлмэгдэн цаг нь багсаж байгаа нь сөрөг нөлөөтэй. Би энд ганц хоёрхон жишээ дурдая. Одоогоос хэдэн жилийн өмнө Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын модон байшин шатаад учир нь олдохгүй нэлээд хугацаа өнгөрсний дараа гэмтнүүд баригдсан байдаг. Тэдгээр нь арваад насны бүлэг хөвгүүд байсан бөгөөд байшин шатаасан учраа ердөө л гадаадын кино үзээд дууриасан гэж хариулсан байдаг. Кино урлаг тэгэхээр ямар хүчтэй байгааг энэ жишээ харуулж байна. Хойд хөрш ОХУ-д тусгай дунд сургуулийн сурагчид бие бие рүүгээ буу гарган нэгийгээ хөнөөсөн хэрэг гарахад Ерөнхийлөгч В.Путин тэр дариуд нь зарлиг гаргаж ОХУ-ын Ерөнхий боловсролын сургуулиудад оросын утга зохиол заах цагийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдаг. Мөн 2017-2018 он шилжих мөчид ард түмэндээ зориулж хэлсэн үгэндээ ХХI зууны орос орныг авч явах шинэ орос хүнийг хүмүүжүүлэхэд утга зохиолын үүрэг асар их, үүнд кино, театр, музей, телевиз зэрэг бусад урлагийн байгууллага туслах ёстой. Манай эрдэмтэд үүнд судалгаа хийж хөтөлбөр боловсруулж яаравчлан ажиллах хэрэгтэй гэсэн байдаг. Дээр дурдсан товч хоёр жишээнээс үзэхэд хувь хүний, хүүхдийн хүмүүжил боловсрол, хүн чанарын асуудалд юу хамгийн ихээр нөлөөлдгийг харуулж байна. Цаашилбал улс орон, нийгэм эдийн засаг, улс төрд ямар хэрэгтэй, энэхүү хүнийг хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд утга зохиол, урлаг соёлын зүйлс нь хэрхэн нөлөөтэй болохыг төвөггүй харж болно.
-Тэгэхээр энэ тал дээр бид яах ёстой вэ?
-Өнөөдөр монгол орны улс төр, засгийн тэргүүнүүд хөрш орны удирдагч ийм хандлагатай болж байгааг ажил хэрэг болгон чармайн шамдах цаг хугацаа мөн. Тиймээс үүнийг алдаж болохгүй алтан хором мэт санаж байна. Ерөнхий сайд соёлын удирдах ажилтны зөвлөгөөн дээр "ард олныг соён гэгээрүүлэх хэрэгтэй байна" гэсэн бол БСШУС-ын сайд "дунд сургуулийн хичээлийн хөтөлбөр дэндүү олон, ачаалал асар их, хүүхдийг хүмүүжүүлэх, хүн болгох чиглэлийн хөтөлбөр цөөн байгаад анхаарах" тухай ярьсан, мөн БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга "хүүхдийг багаас нь ёс суртахуунтай зөв хүн болгон хүмүүжүүлэх гол ажилд энэ сургууль их хувь нэмэр оруулах ёстой" хэмээн нэгэн сургуулийн шинэ байрны нээлтэд оролцохдоо хэлж байсан. Бидний хувьд үүнийг хүүхдийн хүмүүжил, хүн болох, хүн чанартай болох, ёс суртахуунтай болох нь хөгжлийн хамгийн гол хүчин зүйл гэдгийг хамгийн түрүүнд, өндөрт тавьж анхаарах ёстойг албан ёсоор төр засгийн зүгээс тавьж буй санал, шаардлага гэж хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, бидний санаа зовниж байсан асуудлыг шийдвэр гаргах түвшинд анхаарч байна гэсэн гэгээ татаж сууна.
-Эрх мэдэл бүхий хүмүүс ийн ярьж байгаа ч бодлого болгоод түүнийгээ хэрэгжүүлсэн нь харагдахгүй байна. Тэр тусмаа суурь боловсролын тал дээр хүн болгож төлөвшүүлэх тухай зүйл байна уу?
-Яг үнэндээ өнөөдөр манай сургуулийн өмнөх насны боловсрол, бага дунд сургуулийн хичээлийн хөтөлбөр энэ чиг хандлагатай таарахгүй байгаа нь амьдрал дээр батлагдаад бүр хэтэрсэн. Хамгийн наад зах нь хүүхдүүд цаашлаад монгол хүн бүхэн шахам монгол хэлээ мартлаа, буруу зөрүү ярьж бичиж байна гэдэг шүүмжлэлт яриа өдөр бүр өрнөдөг. Үнэндээ дунд сургуульд монгол хэл заадаггүй монгол хэл шинжлэл заагаад байхаар яах билээ. АНУ-д ажиллаж амьдардаг хэл шинжлэлч эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ өнгөрсөн жил үндэсний телевизээр энэ тухай нэлээд сайн ярьсан даа. Монгол хэлээр зөв ярьж зөв бичиж чаддаг болгоё гэвэл сэтгэхүйг хөгжүүлэх ёстой. Сэтгэхүйг хөгжүүлье гэвэл ном зохиол уншиж тайлбарлаж ярьж сурах хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ үнэн шүү.
-Уг нь энэ тал дээр эрдэмтэн мэргэд, салбарын та бүхэн хөтөлбөр боловсруулах, ном зохиол хэвлүүлэх замаар нийгэмд хандлага бий болгох, улмаар төрд дуулгах ёстой юм биш үү?
-Харин энэ чиглэлээр манай эрдэмтэд цөөнгүй санал тавьж, бүр бодитой ажил хэрэг болгон судалгаа хийж ном зохиол бичээд байгаа тухай өнөөдөр би ярих гэсэн юм. Монгол Улсын хуулийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн академич С.Нарангэрэл өнгөрсөн жил нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Өнөөдөр манай улсад Улсын Их Хурлаар батлагдсан 6ОО гаруй хууль байгаа ба эдгээрээс амьдралд идэвхитэй хэрэглэгддэг гэж хэлж болохуйц 250 орчим хууль байдаг. Миний бодоход өнөөдөр Монгол Улсад 50 хууль байхад хангалттай. Бусад хуулийн заалтуудын ёс суртахуунаар зохицуулж болно" гэж хэлсэн байдаг. Энэ бол өнөөх л хүний эрхэм сайхан чанар, ичих, хүнийг хүндлэх, ахас ихсээ дээдлэх гээд Монголын уламжлалт ёс заншил, хүүхдээ хүмүүжүүлж ирсэн арга ухааныг хэлээд байгаа хэрэг. Нөгөө талаар хүүхдийг уран зохиолоор дамжуулан хүмүүжүүлэх, түүгээр дамжуулан хайр сэтгэл, хүнийг энэрэх гээд олон талын хүмүүжлийг олгож болохыг л хэлсэн хэрэг шүү дээ. Урлаг уран сайхан, уран зохиолоор олж авсан төлөвшил, сэтгэл хөдлөл, түүнээс авсан ёс суртахуун байхад олон хууль хэрэггүй гэсэн санаа гэж ойлгож байна.
-Та энэ талаар тодруулж яривал уншигчдад сонирхолтой бас мэдээлэлтэй байх болов уу?
-Ерөөсөө энгийн логикаар хөөн бодвол, хэрвээ хүн бүр хулгай хийж болохгүй гэсэн ээж аав ихэс дээдсийн сургаалаар явбал хулгайн тухай хууль хэрэггүй мэт, тамхи татаж болохгүй гэсэн бол тамхины тухай хууль хэрэггүй мэт. Гэвч хорвоо бөөрөнхий, сайн муу, сайхан муухай, өндөр нам, холилдон оршдог жамтай учир, мууг дийлэх, муухайг арилгах тэмцэл хүн төрөлхтөн үүссэн цагаас л эхлэн явж иржээ. Энэ тэмцлийг хэдий чинээ сайн хийж, хувь хүн ард түмнийг ухааруулна төдий чинээгээр түмэн олон амар, амгалан, айж зовох, өлсөж ундаасах зовлонгүй амьдардагийг өнөөгийн Норвеги, Голланд, Швецарь, Дани гээд дэлхийн олон орон батлан харуулж байна. Чухам эх орноо ийм болгох гэж, ард түмнээ ухааруулан сэнхрүүлэх гэсэн сэтгэлийн үүднээс зарим нэгэн эрдэмтэн мэргэд сэтгэл чилээж байгааг заавал дурдах учиртай. Тиймээс С.Нарангэрэл академичийн бичсэн “Ёс суртахууны Монгол цагаан толгой” номонд үүнийг тодорхой өгүүлсэн бөгөөд ёс суртахуун, боловсрол, хүмүүжил, танин мэдэхүйг цогцоор нь маш товч, тодорхой ойлгомжтой боловсруулан бичсэн учраас бага дунд сургуулийн монгол хэл, уран зохиол, түүх, нийгэм судлал, зураг хөдөлмөр, байгаль, амьтан, газар зүй,танин мэдүүлэх чиглэлийн гээд хэд хэдэн хичээлийн агуулгыг хангасан, түүнийг орлож чадахуйц даацтай сайн сурах бичгийн чанартай ном болж гэж үзэж байгаа. Үүнийг олон түмэн минь уншиж хүүхэд багачууддаа ойлгон мэдүүлэх талаас хандаасай.
-Таны яриад байгаа шиг хүмүүжил, уламжлалт арга барил шинэчлэл нэрийн дор алга болж байна уу даа?
-Дэлхий ертөнц бүхий л талаараа өөрчлөгдөн хөгжиж байна. Цагийн аясыг торгоон барих аргагүй ч даяаршлын энэ цагт Монгол үндэстэн Монгол үндэстэн хэвээрээ үлдэх нь эх хэл, соёл, аугаа их уламжлал юм. Хувьсгал, шинэчлэл хийнэ гэдэг нь нэг хэсэг бүлэг хүмүүс, нийлэн нөгөөдөө хүч хэрэглэх, үг хэлээр болон бие махбодоор түрэмгийлэхийн нэр биш. Удирдагч, хамт олонтойгоо санал солилцон ойлголцон, байж байгаа бодит байдлаа зөв оношлон тогтоож, түүнээс гарах арга замыг хамтаар зөвшилцөн тодорхойлж, шинэ нөхцөл байдал боломжинд хүрэхийг хэлээд байх шиг байна. Тэгвэл өнөөдөр хүмүүнлиг, соёл боловсрол гэгээрлийн салбарт энэ байдал нөхцөл бүрдэх хандлага байна уу гэсэн горьдлого бий. Жишээлбэл эхэнд дурдсан энэ салбарын бодлогыг тодорхойлж шийдвэр гаргагчдын хэлсэн үг, хийх гэж буй ажлыг санахад ойлгомжтой харагдана. Өнгөрөгч өвөл болсон БСШУСЯ-ны удирдах ажилтын анхдугаар зөвлөгөөний явц, гаргасан шийдвэрийг харахад өөрийн эрхгүй ийм бодол санаа төрлөө. Миний бие энэ салбарт 30 шахам жил ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд аливаа том бага, баярын, чухал, онцгой, эрдэм шижилгээний гээд өдий төдий хурал, зөвлөгөөнд оролцож байхад сайд дарга нар, тэр ч бүү хэл зохион байгуулж буй байгууллага, хүрээлэн, сургуулийн дарга захирал нар нь нээдэг, нээлтийн үг хэлээд алга болдог, хэлсэн ярьсан, хэлэлцсэн асуудлыг сонсдоггүй явж иржээ.
-Хувьсгал, шинэчлэл хийнэ гэдэг нь нэг хэсэг бүлэг хүмүүс, нийлэн нөгөөдөө хүч хэрэглэх, үг хэлээр болон бие махбодоор түрэмгийлэхийн нэр биш-
-Одоо ч энэ байдал хэвээрээ, ярианы түвшинд, тодорхой зоримог шийдвэр алга байна гэх харж болохоор?
-Шууд тэгэж хэлэх нь өрөөсгөл юм. Өнгөрөгч өвөл болсон удирдах ажилтны зөвлөгөөнөөс харахад байдал өөр тийшээ эргэжээ. Энэ удаад шинэ сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, ШУА-ийн ерөнхийлөгч, бусад газар хэлтсийн дарга нар бүгд өглөөнөөс орой хүртэл ажлаа ярьж, сургалтанд хуваагдан сууж бидэнтэйгээ хамт байж өнөөгийн боловсрол , шинжлэх ухаан, соёл, спортын бодлого хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцаж хамтын шийдвэр гаргасан нь ийм нааштай эерэг бодол саналыг бидэнд үлдээсэн юм. Нэмж хэлэх бас нэг таатай мэдээ бол бага дунд сургуулийн хөтөлбөрийн ачаалал, агуулгад дүн шинжилгээ хийх, засаж сайжруулах 70 орчим хүнтэй баг бүрдүүлсэн, багийн гишүүдийг бага дунд сургуулийн багш нараас сонгосон зэрэг нь сургалтанд хүмүүжлийг онцгой анхаарах хүүхдийг хүн шиг хүн болгох хүмүүжүүлэх тал дээр удирдлагуудын хэлсэн ярьсан амьдралд биелэх, газар буух байх гэсэн итгэл төрж байна. Үгүй дээ л бага ангийн хамгийн хэрэгтэй хичээл байсан "Үг хөгжил" эргэн ирнэ гэдэгт итгэлтэй сууна.
-Шийдвэр гаргах түвшинд ярьж, шийдвэр гаргаж байна гэдэг анхаарал хандуулж байгаагийн нэгэн том илрэл байх. Тэгэхээр та бүхэн үүнд ташуур өгөх хэрэгтэй болов уу?
-Бодлого тодорхойлогчдын зүгээс эхлүүлсэн давалгааг, тэр санал санаачилга, шийдвэрийг манай эрдэмтэн судлаачид хэдийнээ хүлээж, мөн зарим нэг нь өөрсдөө биетээр хэрэгжүүлээд эхэлсэн байна. Тэгэхээр би ахиад л С.Нарангэрэл академичийн ном руу өөрийн эрхгүй хальж орох гээд байна. Яагаад гэхээр бидэнд тулгамдаж байгаа асуудлыг тэнд тодорхой бичсэн учраас тэр. Үүнийг хийнэ бүтээнэ гэдэг бол нэг талдаа цаг хугацаа, тэвчээр, олон саад тотгорыг даван туулах их хүнд хэцүү ажил юм. Нөгөө талаас гардан гүйцэтгэгч, олон жил энэ ажлаа дагнасан мэргэжлийн хүмүүс өөр өөрийн байр сууринаас, өөрийн мэргэжлийг хамгаалан янз бүрийн саад тээг байх нь ойлгомжтой. Гэвч хүнийг хүмүүжүүлэх, хүн шиг хүн болгон төлөвшүүлэх, өдөр тутам бидний амьдралд алхам бүр тааралддаг мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй, чадах юм шиг мөртлөө чаддаггүй тийм ажлын агуулга, чиг хандлагыг өөрчлөх асуудал яригдаж буй учир ямар ч том саад бэрхшээлийг гэтлэх ёстой, асар их хүч чармайлт, итгэл сэтгэл, магадгүй хөрөнгө, цаг хугацааг даван туулах ирээдүй өмнө байна. Ингэж байж адаглаад гудамжинд нус цэрээ хаядаггүй болно, хөдөө хээр энд тэнд уусан идсэн сав хог шавхруугаа овоолохгүй болно, гурван үгний нэг нь "п" хэмээх гадаад хараал хэлж биеийн амрыг харсан залуучууд, янжуур зууж, үс хумсаа будаж, биеэ үнэлж, хар тамхи хэрэглэж амьжаргаагаа дээшлүүлсэн охид бүсгүйчүүдгүй болно, дунд хирд өөрийнхөө төлөө, тэр нь эргээд гэр бүлийнхээ төлөө ажиллаж цаашлаад эх орны хөгжилтөд хувь нэмэр оруулах үнэнч шударга иргэдтэй болно, дээрдээд засаг төрд ЖДҮ, “60 тэрбум”, “Эрдэнэт”-ийн 51,49 хувь, “Оюутолгой”, оффшор гээд боловсон хулгай дээрмийн цагаан захтангүй болно шүү дээ.
-Үндэсний хэмжээний сургууль удирдаж байгаа хүнтэй уулзсан учраас Улаанбаатарын их сургуулийн тухай асуух нь зүйн хэрэг байх. Танай сургууль МУИС-ын харъяанд очсон ч эргээд бие даан үйл ажиллагаа явуулж байгаа нь ямар шалтгаантай юм бэ?
-Манай сургууль бие даан хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарын их сургууль нь зөвхөн баклаврын зэрэг бус магистр, докторын сургалттай гээд нэлээд нүсэр бүтэцтэй. Манай сургууль дээр миний яриад байгаа хэл, уран зохиол, утга зохиол судлалаас эхлээд өнөө бидэнд нэн чухал зүйл болох түүхийн чиглэлээр болон бусад олон салбар чиглэлд сургаж байна. Тухайлбал, Угсаатны зүй, Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт, Түүх, аялал жуулчлалын чиглэлээр сургадаг. Үүнээс гадна түүхийн факултетад хөрш зэргэлдээ хятад судлал, арлын орон япон судлал, солонгос судлалын чиглэлээр ч сургадаг.
-Танай сургуулийг монгол хэл, уран зохиол, утга зохиол судлалаар бусдаас өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Монгол туургатны хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлдэг гээд хүмүүс талархалтай байдаг юм билээ?
-Манай эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын туршлагатай хүмүүсийн яриад байгаа өнөөх л хүүхдийг хүмүүжүүлэх гол зүйл нь эх хэл, уран зохиол учраас энэ тал дээр анхаарал хандуулдаг тал байдаг байх. Хилээр хязгаартай ч хэл соёл нэгтэй монгол туургатны хэмжээнд үйл ажиллагаа өрнүүлэхийг хичээж, манай тэнхимийн залуучууд ч энэ тал дээр төсөл хэрэгжүүлэхээс эхлээд хичээж ажилладаг. Түүнээс биш хэл, уран зохиолоо илүү анхаараад бусдыг нь орхино гэж байхгүй. Манай сургууль чинь арехологийн чиглэлд хятад, япон, солонгос судлал, байгаль орчны нөхөн сэргээлт, биологи, компьютерийн график дизайн, хангамж, сүлжээний, нягтлан бодох бүртгэл гээд нийт 40 гаруй чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Энэ бүгдэд адил тэнцүү хандаж байж энэ сургууль оршин тогтнох учраас аль нэг талд нь илүү анхаарна гэж байхгүй.
-Орчин цагийн залуус түүх, арехлоги, уран зохиол гэхээсээ илүүтэй нийгмийн чиглэлд, ялангуяа төр захиргааны чиглэлээр сонирхож байгаа нь ажиглагдаж байна?
-Энэ нь бас л цаг үеийн хандлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай сургууль дээр ажиглагдаж байгаагаар бол бүхий л ангид эн тэнцүүхэн байна. Хэрвээ энэ чиглэлээр боловсрох сонирхол байгаа бол төр захиргаа, нийгмийн олон чиглэлд баклаврын зэрэг олгодог өдрийн анги бий. Тухайлбал, Нийтийн удирдлага, Төрийн захиргаа, Улс төр судлал гээд байх жишээтэй.
-Үгүй ээ, бүр амьдралд ойр, ахуйн шинжтэй тийм чиглэлд илүү анхаарч байна гэх үү дээ?
-Манай сургуулийн энэ чиглэлийн ангиудад ч оюутнууд олноор суралцдаг. Хүрээлэн буй орчны хими, хот ба бүс нутгийн төлөвлөлт, эмийн химич чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа нь илүү нийгэмд ойр байгаа болов уу. Үүнээс гадна Стандартчиллын инженер, Эдийн засагч, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Физик электроник, Хими технологич гэх мэт ангиуд ч энэ агилалд багтах байх.
-Залуус “Хэлтэй бол хөлтэй” гээд хэлийг түр сургалт, дамжаагаар бус мэргэжлийн түвшинд сурахыг илүү хүсэх болжээ. Танай сургуульд хэлний ангиуд байдаг уу?
-Байлгүй яахав, япон, хятад, солонгос гээд судлалын ангиудад мэдээж тухайн судалж байгаа орны хэлийг үзээд явна. Үүнээс гадна Англи, Солонгос, Япон хэлний орчуулгын өдрийн ангид дөрвөн жилийн хугацаатай оюутан сургадаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Байна.Сайхан дотортой санал нэг байна. Хүүхдийн хүмүүжлийн асуудлыг 30-аад жил орхилоо.Монгол үндэстний оршин тогтнох гол хүчин зүйл бол хүүхдэд багаас нь төрөлх хэл,түүх утга зохиолоор дамжуулан үндэсний ав соёлоо дээдэлдэг. Монгол хүмүүн төлөвшүүлэх асуудлыг чухалчлах,ингэснээр монгол хүүхэд сэтгэлийн боловсрол давхар эзэмших нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл ёс зүйтэй хүмүүн төлөвших болно.
Маш зөв орхигдоод байгаа асуудал байна. Монгол улс орших уу эс орших уу гэдэг асуудал хойч үеээ яаж хүмүүжүүлэхээс шалтгаална.
Бид нарын үеийнхэн уранзохиолын буянаар хүмүүжжээ.\nЕр нь, залуучууд гэнэт сэхээрэхгүй.Тийм учраас, монгол зан заншил,уранзохиолын хүмүүжүүлэх нөлөөг аль болох бага наснаас нь цэцэрлэг, бага ангиас нь эхэлж, ухаан санаанд нь бат суулгаж өгөхөд анхаарах хэрэгтэй,Цааш нь, бэхжүүлж батжуулбаас үр дүнтэй байх болно.
Байгалсайхан ид хүчээ авсан гуч лугаа мөнч хүчтэй байшүү.
Үнэхээр чухал ярилцлага болжээ. Соц үед суралцаж байсан бидний сурах бичиг хэмжээ цаас стандартад нийцсэн уншиж бодож хийхэд ойлгомж сайтай байсан юмсан. Одоо бага ангийн хүүхдийн даалгавар хийлгэхэд маш төвөгтэй санагдсан
Улаанбаатарын их сургууль шүү. Токиогийн, Сөүлийн их сургууль гэдэг шиг. Хэн дуртай нь өөрчилчих юм даа. Зөв бичээч
Цаг үеэ олсон маш чухал ярилцлага байна даа