Х.Хатанбаатар: Бяцхан охинд 30 сая төгрөг хандивлахаар шийдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Дэлхийн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны Монгол тамирчин бол Хандсүрэнгийн Хатанбаатар.  Тэрбээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж, хойч үеээ сурган хүмүүжүүлж, дэлхийд манай улс оюун ухаанаараа өрсөлдөх чадвартай гэдгийг батлан харуулсаар байгаа билээ. Оюун ухааны академийг тэргүүлдэг тэрбээр дуучин A Cool буюу Б.Анхбаярын санаачилсан "Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах аянд нэгджээ. Энэ талаар "Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх. Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо.

"Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан бусдыг уриалж байгаа A Cool найзын өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж сошиалаар харуулан уйлж буй бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа.

Өнгөрсөн жил Язгуур бага сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Сургуулийн байргүй учир орон сууцны нэг давхрыг түрээслэн нэгдүгээр ангийн 24 хүүхэдтэйгээр нэг хичээлийн жилийг бид үдэж байна. Сургууль байлгахгүй гэсэн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан бид дараагийн түрээсийн байраа он гаргаад л хайж эхэлсэн. Ингэж явахдаа "Саалиа бэлдэхээр саваа бэлд!" гэдэг шиг ирээдүйд том сургуультай болно гэж мөрөөдөж байгаа хүн хамгийн түрүүнд өөрийн гэсэн газартай болох ёстой гэж бодсон л доо. Харамсалтай нь Улаанбаатар хотод газрын үнэ тэнгэрт хадаж алга дарам газар олон зуун саяар үнэлэгдэж байна. Хамгийн гол нь хэдхэн жилийн өмнө зарим хүмүүсийн үнэгүй шахам авсан газрыг ийм өндөр үнээр авна гэдэг над мэтийн тэгээс эхэлсэн хүмүүст нэлээн хүндээр тусаж байсан хэдий ч газартай болохоор шийдэн сүүлийн 5 сарын турш өдөр шөнөгүй ажиллаж хөтөлбөрөө Ази, Европын хоёр ч улсад амжилттай нэвтрүүлснээс гадна компанийнхаа үйл ажиллагааны зардлыг танаж байгаа ч худалдаж авахаар тохиролцсон үнийнхээ талыг нь л бүрдүүлж чадсан байна. Магадгүй үлдсэн хэсгийг нь банкнаас зээл аваад бүрдүүлж өгөх боломж байгаа ч энэ их мөнгийг зөвхөн газар худалдаж авахад зарцуулснаар байгууллагын үйл ажиллагаа цаашид доголдох, олон мянган хүнд хүрэх учиртай боловсролын контент бүтээх гол төслүүд маань санхүүжилтгүй болох зэрэг олон эрсдэл дагуулж буй тул энэ бодлоо хэсэгтээ орхихоор шийдэж харин эсрэгээрээ сайн үйлийн аянд нэгдэхээр болоод байна.

Тийм ээ, надад  хүндхэн амьдралтай хамаатан саданд маань ч гэсэн мөнгөний хэрэгцээ бий

Гэхдээ энэ мөчид газрын үнэ хөөрөгдөн хөөс бий болгож буй газрын наймаачдад эсэргүүцлээ илэрхийлж (Надад газраа зарахаар тохирч намайг дэмжин олон сар хүлээсэн хүнд хандаж хэлээгүй юм шүү. Ерөнхийд нь хэлж байгаа юм.) байгууллагынхаа дансанд хуримтлагдсан мөнгөнөөс өнөөдөр эмчилгээнд нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа энэ бяцхан охины эмчилгээнд 30 сая төгрөгийг хандивлахаар боллоо. Энэ бол Монголын Оюун Ухааны Академийн хамт олон болоод академид суралцаж буй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхний зүгээс өгч буй дэм юм.Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Өнөөдөр "Итгэл хайранд аян"-ы дансанд мөнгөө шилжүүлнэ. Бяцхан дүү минь хурдан эдгээрэй! Толгой сийрэг, бие эрүүл, дөрвөн мөч ажиллаж байгаа цагт ирээдүйд сургуулийн сайхан байртай болно гэдэгтээ итгэлтэй байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай" хэмээсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top