Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан номоо Норвегийн ойд оршуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Шотландын зураач Кэти Патерсоны санаачилсан “Ирээдүйн номын сан” төсөл Норвеги улсад хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд Маргарет Этвүүд, Дэвид Митчел зэрэг алдартай зохиолчид олон нийтэд дэлгээгүй шинэ бүтээлийнхээ гар бичмэлийг Дойчманы номын сангийн ой модоор хүрээлэгдсэн хэсгийн хөрсөнд нуусан аж.

Энэхүү төсөл нь жилд нэг номыг ойн хөрсөнд нуух зорилготой. 2014 оноос хойш 100 жилийн дараа буюу 2114 онд хэн ч олж үзээгүй эдгээр зохиолыг гаргаж хэвлэн нийтлэх гэнэ. Улмаар газрын хөрсөнд зохиолчдын шинэ гар бичмэлийг нууснаар байгаль орчны эсрэг хүний үзүүлж байгаа буруутай үйлдэл ч эрс багасна гэж тооцоолсон байна. Харин энэ удаа Өмнөд Солонгосын зохиолч, яруу найрагч Хан Кан өөрийн бүтээлээ Норвегийн их ойд нуужээ. Тэрбээр өөрийн шинэ гар бичмэлийг 95 жилийн турш газрын хөрсөнд байлгахыг хүсжээ.  

Зохиолч Хан Каны шинэ бүтээл “Хүндэт хүү” нэртэй. Тэрбээр өөрийн гар бичмэлээ цагаан даавуунд ороосоор Норвегийн ойд ирж буйг бид харж байна. Өмнөд Солонгосчууд дөнгөж төрсөн нярай хүүхдийг цагаан даавуугаар өлгийдөн авдаг эсвэл хүн оршуулахдаа цагаан давуугаар ороодог уламжлалтай аж. Энэ ёсыг зохиолч Хан Кан гар бичмэлдээ ашигласан нь өөрийн бүтээлээ хүндэтгэн дөнгөж өлгийдөн аваад 100 жил унтуулахаар оршуулж байгаа гэсэн утга санааг илэрхийлжээ.  

Өдгөө 49 настай зохиолч Хан Кан “Цагаан хоолтон” романаараа 2016 онд олон улсын “Бүүкэр”-ийн шагналыг хүртэж, олон улсад азийн утга зохиолын тод төлөөлөн болж байгаа эмэгтэй юм.  

Сонирхолтой биш гэж үү. 100 жилийн дараах хүн төрөлхтөн энэ цаг үеийн хамгийн шилдэг бүтээн туурвигчдын хэн ч олж хараагүй бүтээлийг гарган ирж, унших нь. Яг л “Нойрсож буй гүнж” гэдэг шиг газрын хөрсөнд нойрссон олон гар бичмэлийг зуун жилийн дараах хүмүүст урт хугацааны нойрноос нь сэрээх хувь тохиох нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top