Тарифын хөнгөлөлт эдэлж байгаа ч тулгамдсан асуудлууд байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Европын холбооны /ЕХ/ гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай хамтарсан уулзалт боллоо.  Уулзалтаар  Европын холбоо, МҮХАҮТ хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, худалдааг дэмжих, хөнгөвчлөх болон нэмэгдүүлэх, түүнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх асуудлаар санал солилцов.  Монгол Улсаас 2018 онд ЕХ-ны зах зээлд 74 сая еврогийн экспорт хийгдсэн бөгөөд үүний 40 хувийг нэмүү өртөг шингээгүй буюу хагас боловсруулсан түүхий эд,  313 сая еврогийн импорт хийснээс 88 хувийг машин, тоног төхөөрөмж тус тус эзэлж буй юм.

Манай улс 2005 оноос ЕХ-ны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж, 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй экспортлох боломжтой болсон. Гэвч сүүлийн 10 жилийн экспортоос харахад самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга, хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлож байна.

ЕХ-ны Засгийн Газраас Монгол Улсын Худалдааны бодлогыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд “EU-TRAM” төслийн хамтран хэрэгжүүлэгчээр МҮХАҮТ ажиллаж байна.

Монгол Улс хэдийгээр тарифын хөнгөлөлт эдэлж байгаа боловч тарифын бус саад бэрхшээлүүд өнөөг хүртэл тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, ЕХ-ны чанар стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх зэрэгт ЕХ-ны Засгийн Газар, холбогдох байгууллагуудтай илүү ойр хамтран ажиллах хэрэгтэй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

Цаашид энэ чиглэлээр болон манай улсын худалдаа, бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний стандартыг  сайжруулах, экспортын орчны судалгаа авах, экспортын чиглэлийн кластеруудыг байгуулах, өргөжүүлэхэд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгээ ЕХ-ны улсын Элчин сайд нар уулзалтын үеэр мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top