Нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоол хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн нь АН-ын дарга С.Эрдэнийн санааг амраав. Ийнхүү нөхөн сонгуульд өвдөг шороодож суудлаа алдах зовнилгүй болсон С.Эрдэнэ дараагийн ажиллагаандаа шилжих нь тэр. Энэ нь өчигдөр /2019.05.31/ АН-аас зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал. Тус жагсаал нь улс төрийн гэхээсээ илүүтэй энтертаймэнт чиглэлийн арга хэмжээ, ямар нэгэн шоу гэмээр харагдсаныг нуух юун. Учир нь баг, маск өмсгөсөн баримлуудыг мэдэх гэж ядсан жагсагчид, нүүр амаа битүүлсэн залуусыг таних гэсэн сонирхогчид гээд нэгэн учир битүүлэг драмыг эндээс харж болно.
Үүнээс гадна “Шоронгийн сүрьеэ сурагчдын өвчин боллоо”, “Гэртээ өлсөж байснаас талбай дээр өлсье” гэх мэт уриа лоозон барьсан хүмүүс хөлхөж, чимэглэсэн уриа лоозон бүхий машин тэрэг зэргээс харвал С.Эрдэнэ дарга энэхүү энтертаймэнт шоуг нэлээд бийлэгжүү зохион байгуулсан нь харагдана. Харин энэ шоунд ойлгомжгүй зүйлс олон харагдана. Тухайлбал, “Сургуулиар дүүрэн сүрьеэ”, “Шоронгийн сүрьеэ” гэх мэтээс харвал сүрьеэгийн эсрэг жагсаал мэт. Гэтэл нөгөө талаас “Тост тосон бумба сүйрэл” гэх буюу “Б.Чойжилсүрэн гишүүнээ дэлхийд ховор амьтад сүйрч эхэллээ”, “Утаагүй зуух Цэрэнбатаа уух усгүйн улмаас мал амьтан сүйрч байна” гэх зэргээс харвал байгаль экологийн чиглэлд жагсаал хийж байгаа аль нэг ногоон хөдөлгөөн мэт.
Ийнхүү тааж ядсан нөхцөл байдалд гэнэт өдгөө амьд сэрүүн байгаа цор ганцхан Улсын баатар Э.Бат-Үүл гэнэт адгийн муу эх оронд амьдарч байгаагаа дуудан халаглана. Мөнхүү АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд Засгийн газар огцрохыг шаардан, УИХ тараахаа мэдэгдэж байгаагаас харвал эрх биш улс төрийн тэмцэл бололтой юм. Учир нь С.Эрдэнэ дарга шоугаа найруулахдаа ойлгомжгүй болгосон учраас ийнхүү олныг төөрөгдүүлж улс төрийн тэмцлээ юу ч биш болгож байгааг харуулсан хэрэг.
Жагсаалыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун түлшний үнэ өссөн, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулсангүй гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас зохион байгуулж буй. Гэхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түлш шатахууны үнэ үүнд тэгтлээ хамаагүй, энтертаймэнт шоу мэт харагдаад байгаа болохоос биш хамгийн том шалтгаан бол улс төр байх.
Тэгээд ч өнөөдөр монголчууд бид жагсаалаас уйдсан төдийгүй цаана нь ямар учир шалтгаан байгааг төвөггүйхэн мэддэг болохоор энэ бол сүйд болох асуудал биш. Хэдийгээр жагсаалын үнэ цэнэ унасан ч үнэ өртгөө алдаагүй гэдгийг тухайн жагсаалын өнгө төрхөөс шууд харж болно. Уг нь олон улсын хэмжээнд жагсаал гэдэг нь юу юунаас үнэ цэнэтэй юуг ч хөдөлгөж чаддаг зүйл гэдэг.
Тэгвэл “Ройтерс” агентлаг манай улсад болж буй жагсаалын талаар “Засгийн газрыг эсэргүүцсэн олон мянган иргэд эрх баригчид авилга авсан, эдийн засгаа сэргээж чадахгүй байна гэж үзэж жагслаа. Байгалийн баялаг ихтэй, далайд гарцгүй Монгол Улс цагтаа эдийн засаг нь өсөж тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан. Гэвч “Рио Тинто” зэрэг гаднын хөрөнгө оруулагчтай үүсгэсэн маргаан, Засгийн газрын хэт үрэлгэн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж 2016 онд Монгол Улс эдийн засгийн хямралд орж, бүрэн сэргэж чадаагүй л байна” хэмээн мэдээлсэн байна. Энэ бол харийнхан Монгол Улсын өнөөгийн нийгмийн үнэн төрхийг ямар нэгэн дүгнэлтгүйгээр дэлхий дахинаа хүргэж байгаа нь энэ. Тодотгож хэлбэл, АН-аас зохион байгуулж байгаа жагсаалын өнгөнд харагдаж буй байдлыг ийн тодорхойлж байгаа ч бидний жагсаалын үнэ цэнэ, түүний мөн чанар өнөөдөр тэс өөр болжээ. Тэгэхээр манай улсад жагсаал хэрхэн өрнөж өдгөө хэрхэн төгсөж байгааг дурдах нь зүйн хэрэг байх.
Социализмын үед “Майн баяр”, “Октябрын баяр” гээд талархлын, билгэ тэмдгийн гэмээр жагсаал зохион байгуулж, ах дүүгийн найрамдалт харьцааг социалист орнуудад тунхаглан таниулсан, тал зассан гэмээр үйл явдал болдог байв. Харин нийгмийн чиг хандлагад өөрчлөлтийн салхи сэвэлзэх үеэр 1989 онд Монгол Улс түүхэндээ анх удаа Сүхбаатарын талбай дээр Төр засгийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулсан цагаас хойш жагсаж үзээгүй хүн үгүй болоо биз ээ. Ерээд онд анхлан жагсаж байхад жагсагчдын идэвхи сайн байв. Энэ нь олон учир шалтгаантай. Нэгдүгээрт, нийгмийн хандлага ерөөсөө өөрчлөлт шинэчлэлд тэмүүлж байсан үе. Хоёрдугаарт, социалист нийгэм задран унаж, ажилтай хүн ховор байсан учраас шинэ содон гэж болох задгай жагсаалд оролцогчдын тоо өндөр байв. Гуравдугаарт, жинхэнэ шударга өрсөлдөөнт нийгмийг байгуулах чин хүсэл хүмүүст байсан учраас ардчилагчдад итгэл үзүүлж байсан хэрэг. Дөрөвдүгээрт, олон жил тогтвортой нийгэмд амьдарсан хүмүүс чухам юу болоод байгааг мэдэж ойлгох гэж очдог байв. Ийм шалтгаалах олон зүйлс нь хүмүүсийг нэгтгэж байсан бол ерээд оны сүүл үеэс эхлэн жагсагчдын хүрээ хумигдсан. Яг дээрх шалтгаануудын мөн чанар алдагдаж, жагсаалын зорилго нь хэт эрх ашгийн төлөө хэлбийсэн учраас иргэд жагсах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн хэрэг. Ялангуяа 1989-1990 онд жагсаж тэмцэж өлсөж явсан нөхөд Төрийн толгойд арваад жил болсон ч үндсэн зорилгоосоо хазайж, хувийн болон бүлэглэлийн эрх ашигт хутгалдсан учраас ийнхүү жагсагчдын тоог эрс цөөлж, сүүлдээ бүр байхгүй болгосон. Мэдээжийн хэрэг, ард түмний дуу хоолой тэдний идэвхийн хүрээнд ардчилсан Монгол Улсыг ахин шинээр бий болгосон “авторууд” маань ард түмний жагсаалыг өнөөдөр ч хэвээр барихыг хүсэлгүй яахав. Өөрөөр хэлбэл тэдэнд ард түмэнтэй, өргөн хүрээтэй болж харагдах нь юу юунаас чухал байна. Түүнээс бус “ардчилагчид” маань түмний дэмжлэг авахаа аль эрт больсон. Өнөөдөр “дүр эсгэсэн ардчилагчид” маань 10 хүрэхгүй суудалтай парламентийн буланд бухимдан суугаагаас харж болно. Яг энэ цаг мөчид зохион байгуулж байгаа жагсаал өтгөн байгаа ч үүний цаана асар их хөрөнгө цухалзаж байгааг бид харж байна. Өөрөөр хэлбэл жагсагчид ерээд оных шиг бус өөр хүсэл сонирхлоор нэгдэх болсныг хэвлэлүүд онцолдогтой санал нийлнэ.
Тиймээс аливаа жагсаалд тусгайлсан төсөв бий болгож өгснөөр сэтгэл зүрхний бус мөнгөний жагсаал хийх болсон гэх яриа ч байдаг. Үнэнийг хэлэхэд өнөөдөр жагсаал бүхний ар талд улстөрийн хүчин, ямар нэгэн олигархи бүлгийн эрх ашиг цухалзаж байдаг ч болов уу. Иргэний хөдөлгөөн нэрийн дор жагсаж байгаа бүлэглэл ч сайн дураараа жагсаад байгаа хэрэг биш. Энэ бүх хөдөлгөөний ар талд улстөр, бизнесийн бүлэглэл байгааг дурдаж бичсэн баримт олон байдаг.
Иргэний хөдөлгөөнөөс тодорсон С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай, Г.Баасан нарыг өөрийнхөө хүсэл зорилгоор, ард түмнийг талбай дээр нэгтгэж байсан гэж бодож байна уу. Үгүй л байхгүй юу. С.Ганбаатарын хувьд ид жагсаж байхдаа аль ч талд үйлчлэхийн зэрэгцээ өөрийгөө нийгэмд таниулсаар УИХ-д орж ирсэн түүхтэй. Сүүлдээ жагсаалын захиалга авдаг болсон гэх ч яриа байдаг.
Үнэн худлыг нотлох арга алга. Г.Уянга тэргүүтэй “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ны удаа дараагийн тэмцэл, түүний ар талд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын ашиг сонирхол байсныг бүгд мэднэ. Ж.Батзандан, О.Магнай нарын ар талд бизнес улс төрийн бүлэглэлийн эрх ашиг байсан гэдэг. Г.Баасангийн хувьд ч олз хайсан жагсаалыг удаа дараа зохион байгуулж, Ахмадын холбооны барилгыг Төртэй булаалдаж явсан нь зөвхөн хувийн эрх ашиг байж болох юм. Одоо эд нар бүгд хүсэл зорилгодоо хүрсэн учраас хэзээ ч ахин жагсахгүй болов уу. Жишээ нь, С.Ганбаатар нийгэмд танигдсан өндөр рейтэнгтэй улстөрч болж хувирсан. УИХ-д нэг удаа сонгогдож, өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар 400 гаруй мянган хүний санал цуглуулчихсан хүнд одоо жагсах ямар хэрэг байгаа юм. Ж.Батзандан парламентад хоёр удаа сонгогдсон туршлагатай “шударга” нэртэй гишүүн болсон. Баянзүрх дүүрэгт рейтинг өндөртэй улстөрчийн тоонд зүй ёсоор орж байхад жагсах ямар ч хэрэг алга. Г.Уянга УИХ-д сууж, өдгөө хаашаа ч эргэсэн өөртөө татах хүчтэй нэгэн болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд улстөрийн аль ч хүчнээс дэмжлэг авах хэмжээнд өссөн учраас жагсаж хоолойгоо сөөтөл хашхирах ямар ч шаардлагагүй. О.Магнай Төрийн албаар дамжиж, өдгөө АН-д Нарийн бичгийн даргаар ажиллаж байна. АН-ын талд ялалт ирж, цэнхэр туг хатгалаа бол О.Магнай АН-аас хүссэн албан тушаалаа авч чадах хэмжээнд хүрсэн учраас жагсаж, өөрийгөө шоронд гянданд хорих хүртэл тэмцэл өрнүүлэх шаардлагагүй.
Г.Баасангийн АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн тэргүүн гэх албатай гээд бүгд өөр өөрийн тохирох хүсэл тэмүүлэлдээ хүрсэн байгааг хар. Өнгөрөгч дөрөвдүгээр сард АН-аас зохион байгуулсан жагсаалд оролцсон хүмүүс хүсэл сонирхлоороо ирсэн гэж бодож байгаа бол бас л эндүүрэл. Тэртээ тэргүй асуудал маш ойлгомжтой байв. Тэгэхээр сөрөг хүчний сөрж зогссон улстөрийн тоглоомонд очих хүн тийм ч олон байхгүй. Гагцхүү үүний ар талд санхүүгийн асуудал ноёрхож байгаа нь хүмүүсийг дуртай ч дургүй талбай дээр авчирсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Жагсаалд хуваарилсан мөнгөний баримт хүртэл цахимд тавигдаж илчлэгдсэн. Түүнээс бус талхныхаа мөнгийг олох гэж зүдэрч байгаа хүмүүс, АН-ын жагсаалд очиж халуунд халж, хөлсөө асгахгүй. Хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр очиж ажлаа алдах тэнэг өнөөдөр Монгол Улсад нэг ч байхгүй болсон. Гагцхүү жагсаалын ар талд санхүүгийн асуудал байгаад л хамаг учир байгааг өдгөө хүн бүхэн мэдэх болжээ. Үүнээс харвал өнөөдөр жагсаалын үнэ цэн аль эрт унасан ч өртөг үнэ нь өссөн хэвээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
10.000 төгрөгний жагсаал шаачаад гуцдаг новш вэ?
10.000 төгрөгний жагсаал шаачаад гуцдаг новш вэ?