МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Томура Эрика, төлөөлөгчийн газрын ажилтан Хотта Кэнтора болон Монгол-Японы хүний нөөцийн төвийн захирал Ц.Даваасүрэн нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн дарга Томура Эрика тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, зээл тусламжийн талаар танилцуулав. Хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах, аж үйлдвэрийг төрөлжүүлэн, бүс нутгийн хөгжлийн стратегийг бэхжүүлэх төслүүдэд хамтран ажиллах, түүнчлэн “FOODEX JAPAN 2020” үзэсгэлэнд Монголын ААН, компанийг идэвхитэй оролцуулахад хүчин чармайлт гаргах саналыг МҮХАҮТ-д тавилаа.
Хоол хүнс, сав баглаа боодлын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн Азийн хамгийн том олон улсын үзэсгэлэн болох “FOODEX JAPAN 2019” нь 44 дэх удаагаа Япон улсын Чиба мужийн Макүхари Мэссэ үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сард зохион байгуулагдсан юм. Тус үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын төгсөгч компани болох “Хаан жимс SBT” ХХК, “Монос хүнс” ХХК, “Фалько экологи” ХХК, “Цэс хайрхан” ХХК оролцжээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин МҮХАҮТ-ын бүтэц, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, ЖАЙКА бол Япон улсаас Монгол Улстай хамтран ажиллаж буй хамгийн том байгууллагын нэг гэдгийг дурдаад, “Цаашид тус байгууллага болон Монгол-Японы төвтэй олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Мөн тэрбээр “Монгол Улс эдийн засгаа тэлэхийн тулд уул уурхайн салбараас гадна бусад салбарыг хөгжүүлэх чухал. Танхим ч үүнийг өөрсдийн зорилгоо гэж харж байгаа. Япон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ гаргана гэдэг нь Япон хэрэглэгчдийн таашаалд нийцэх, Япон улсын чанар стандартыг хангах явдал юм. Манайхаас 5000 гаруй бараа бүтээгдэхүүндээ гаалийн чөлөөлөлт авч байгаа боловч стандартыг хангах асуудалд анхаарах зүйл байгаа нь харагддаг. Эдийн засгийн түншлэлийн гэрээгээр хийгдсэн таатай нөхцөлийг Монголын бизнес эрхлэгч хүртэхэд цаг хугацаа, технологи хэрэгтэй юм.
Манай үйлдвэрлэгчдийн хувьд экспортод бүтээгдэхүүн гаргах туршлага дутмагаас Японд бараа бүтээгдэхүүнээ хангалттай нийлүүлж чадахгүй байгаа. Харилцан туршлага солилцон, илүү үр дүнтэй бизнесийн харилцаагаа хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй хоёр талын ААН-үүдийг үзэсгэлэн худалдаанд оролцуулан туршлага судлуулах, түншийн харилцааг өргөжүүлэх нь чухал юм. Энэ ч үүднээс Танхим үзэсгэлэн, худалдаа хариуцсан газартай болсон. Үзэсгэлэн худалдаагаар дамжуулан сайн брэндинг ч гаргах боломжтой. Бид илүү олон талаар хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ. ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлөгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан юм. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )