“ЖДҮ-д Солонгос дахь монголчуудын оролцоо” арга хэмжээ боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас БНСУ-ын Сөүл хотноо  энэ сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь Монголчуудын оролцоо” арга хэмжээ нь “Монголд үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаагаар эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд 40 гаруй аж ахуй нэгж ноос, ноолуур, арьс шир, хэвлэл, оёмол бүтээгдэхүүн, үндэсний хувцас, бэлэг дурсгалын 15 төрлийн 38 нэрийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 19,8 сая төгрөгийн борлуулалт хийв. Тус арга хэмжээнд БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудаас гадна Солонгос иргэд олноор үзэж сонирхон худалдан авалт хийлээ. Үзэсгэлэнгийн  зохион байгуулагчаар Мишээл экспо ХХК, дэмжигчээр БНСУ дахь Монгол Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, Ханарим ХХК, БНСУ-ын үндэсний захын холбоо, Сөүл хотын Чүнбү дүүргийн захиргаа, Чүнбү маркет ажиллалаа. Үзэсгэлэнгийн үеэр арьс шир, ноос ноолуур, зөөлөн оёдол, үндэсний хувцасны чиглэлийн 8 байгууллага харилцан хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНСУ дахь Монголчуудад зориулсан бизнес форумыг БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч H.Эрдэнэтуяа, ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан нар  мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс дахь бизнесийн орчин, жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, Сөүл хотын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн газраас БНСУ-ын эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэг, Сөүл хотын тээврийн газраас бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэрхэн метроны самбаруудыг ашиглан хийх талаар мэдээллийг өгөв. Мөн бизнес эрхлэгчдийн В2В уулзалт, төслийн уралдааны шалгаруулалт, төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулав. Форумд оролцогчдын зүгээс энэхүү арга хэмжээг илүү өргөн хүрээнд жил бүр тогтмол хугацаанд зохион байгуулахыг санал болголоо.

 ХХААХҮЯ-ны баг форумын үеэр Сөүл хотын жижиг, дунд үйлдвэр гарааны бизнесийн газар болон Дэжүн хотын NH Хөдөө аж ахуйн хоршооны төлөөлөлтэй уулзлаа. Хоршооны дарга Чун Же Ён Монгол Улсын 2-3 хоршооны төлөөллийг БНСУ-д өөрийн хоршоонд сургаж дадлагажуулах, нэг аймгийн нэг сумыг сонгон “Загвар хоршоо” байгуулахад дэмжлэг үзүүлэх санал тавилаа.

БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн Санхүү хөрөнгө оруулалт,  техник технологи, инноваци, венчур хөрөнгө оруулалтын газартай албан уулзалт хийв. Уулзалтад Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Жун Ки Сүн, Гадаад худалдааны бодлогын газрын захирал Мүн Хван Ким нартай уулзаж хамтран ажиллах санал солилцлоо.

Дэжүн хотын Хөдөө аж ахуйн хоршоо нь 1500 гишүүнтэй, жилийн нэг тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг, жил бүр ашгаа гишүүддээ хуваарилдаг, хоршооны банк, дэлгүүртэй юм. Хоршооны банк нь гишүүддээ үйлчлэхээс гадна гишүүн бус хүмүүст үйлчилдэг, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хоршооны гишүүдийн зээлсэн зээлийн нэг хувь эргэн өөрсдөд нь очдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top