Д.Долгор: Мэдээлэл хийвэл хүүг чинь эмчлүүлэхгүй гэж дарамталсан

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Барилгын салбар бол улс орны хөгжил цэцэглэлтийн өнгө төрх, тулах багана билээ. Гэвч хариуцлагагүй байдал, аюулгүй ажиллагааг хангадаггүй байдал газар авч байгаа учраас олон залуус гэмтэж, хөдөлмөрийн чадваргүй болж, зарим нь амь насаа алдаж байна. “Хангай” хотхоны хойно баригдаж буй таван давхар барилгын карказ дээрээс У.Хүрэлсүх гэгч залуу холболтын ажил хийж байгаад унаж, хүнд гэмтсэн нь үүний нэгэн жишээ. 
 

Энэ талаар түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч Ц.Монгол нар өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ.

Хохирогчийн ээж Д.Долгор  “Барилгын салбарын хариуцлагагүй байдалд үнэхээр харамсаж байна. Хүү маань хоёр нялх хүүхэдтэй, эхнэр нь гэртээ хүүхдээ хардаг. Өндөр настай аав, ээжийгээ тэжээдэг хүн байсан. Миний хүүгийн биеийн байдал маш муу байна. Тавдугаар сарын 21-нд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ нурууны нугаламын яс бяцарсан, нугасны хальс задарсан, бөөр няцарч, цус хурсан. Элэг өөрчлөлттэй, уушги устсан оноштой хагалгаанд орж, одоо сэргээн засах эмчилгээ хийлгэж байна. Хагалгааны зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалаасаа, 25 хувийг компанийн зүгээс төлсөн. Одоогоор өтгөн гадагшилж байгааг мэдрэхгүй, төрөлхийн өрөөсөн бөөртэй учраас ачааллаа дийлэхгүй болсон. Нэг хөл нь мэдээ орохгүй байна. Барилгын компанийн зүгээс “Хэвлэл мэдээллээр ямар нэгэн мэдээлэл хийх юм бол хүүгийн чинь төлбөрийг төлөхгүй, төлбөрөө зогсооно” гэж дарамталдаг. Одоо болтол шүүх, цагдаагаас миний хүүтэй очиж уулзаагүй. Осол гэмтэл гарсан даруй цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээлэл хийдэг бол энэ асуудлыг таг чиг дарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүд орхигдож  байгаад гомдолтой байна” гэлээ.

Мөн өмгөөлөгч Ц.Монгол “Хуулийн дагуу барилгын гүйцэтгэгч компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч таван давхар барилга барьж байгаа хэр нь хамгаалалтын тор ч татаагүй байгаа. Осол гараад 20-иод хоног өнгөрч байхад нэг ч удаа шинжээчийн дүгнэлт гараагүй, хохирогчоос мэдүүлэг аваагүй. Ном ёсоороо бол хохирогчоос мэдүүлэг авч, гэмтлийн зэргийг нь тогтоон, хэрэг үүсгэн шалгах ёстой. Гэтэл одоо болтол хэрэг үүсгээгүй” гэсэн юм. 

Уг барилга нь нийслэлийн Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын ажлын албаны хариуцсан “Загвар гэр хорооллын хөгжил" төслийн 40 айлын орон сууц юм байна.

Гүйцэтгэгч нь “Рапид Архитектур Констракшн” ХХК бөгөөд энэ оны сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байжээ. Тус барилгын ажлыг гүйцэтгэж буй компани хөдөлмөрийн болоод хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, хямд зардлаар бусдыг ажиллуулж байсны улмаса ийм осол гаргасан гэж хохирогч тал үзэж байна.

Барилгын талбай дээр нь осол гарчихаад байхад компанийн удирдлагууд хариуцлагагүй хандсан, хохирогчид буруу өгөх гэж оролдсон зэрэг ар гэрийнхэн маш их гомдолтой байгаагаа хэлж байлаа. 
 


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top