О.Баасанхүү: Цэц монгол төрийг доромжлоод байгаа юм биш үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэц өгсөн өргөдөл болгоноор маргаан үүсгэнэ гэсэн хууль байхгүй. Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэдэг. Цэц монгол төрийг бузарлаж, доромжлоод байгаа юм биш үү. Томилсон байгууллага нь буцаан татах боломжтой. Тиймээс УИХ-аас томилсон хүмүүсээ буцаан татаж болохгүй юу. Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах тухай заалт Үндсэн хуульд бий. Засгийн газрын нөөц хөрөнгийг яаж зарлуулахыг Үндсэн хуулийн Цэц шийдэж байна. Нөөцөөсөө спортын арга хэмжээ санхүүжүүлж байна, сонгууль санхүүжүүлж байна гээд Цэц хэлэлцээд сууж болохгүй. Зориуд зохион байгуулалттайгаар сонгуулийн сурталчилгаа эхлэх ёстой өдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь ямар учиртай вэ. Айсан уу, хулчийсан уу. Өнөөдөр сонгууль явуулах боломж байна уу. Хэнтийчүүд 15 мянган хүн байна уу, нэг хүн байна уу хууль бол хууль. УИХ-д төлөөлөлтэй байх ёстой” хэмээн асуув.

Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Сонгууль явууллаа гэж бодъё. Тэр хуульд зөрчилтэй заалт байвал үр дүн юу болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Цаашдаа бид сонгуулийн хуулиа дахиад Цэцээр явж байдаг зүйл болчих вий гэсэн айдастай сууж байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгууль болохоос нэг жилийн өмнө хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох заалт оруулж байгаа. Энэ нь иймэрхүү зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйлдэл” хэмээн тайлбар хийв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top