Хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагуудаас уриалга гаргалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбооноос мэдээлэл өнөөдөр /2019.06.14/ хийлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байгаа ажээ. Энэхүү аяны хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалгыг гаргаж байгаа юм байна.

МСНЭ-ийн Цахим мэргэжлийн төв хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг “МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүйн салбараас санаачлаад нийт мэдээллийн вэб сайтуудыг хаягжилтаа бүрэн болгох, хаягжилтаа мэдээллийн сайтынхаа холбоо барих гэсэн хэсэгт уншигчдад харагдахаар байрлуулаач гэдэг уриалга гаргаж байна. Уриалгыг “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяны хүрээнд зохион байгуулж байна. Аяныг төрийн байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар болон Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбооноос дэмжиж ажиллаж байна. Яагаад сайтууд хаягжилт нь тодорхой болох ёстойг та бүхэн гайхаж байгаа байх. Хувь хүн, аль нэг байгууллагын талаар тухайн сайтад буруу ташаа мэдээлэл гарах, гүтгэгдсэн тохиолдолд эргээд тэр сайттай холбоо тогтоох хаяг байдаггүй. Энэ нь нэг талаараа хариуцлагагүй үйлдэл болж байна.

Нэгэнт сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулаад хэвлэн нийтлэх эрх чөлөө эдэлж байгаа бол буруу ташаа мэдээлэл нийтэлсэн, нийтлээгүй ч байсан хаяг нь тодорхой байх ёстой. Тухайлбал, бид дэлгүүрээс талх худалдаж авахдаа хэн, хэзээ үйлдвэрлэсэн байна, эргээд талхтай холбоотой гомдол мэдүүлэх болбол аль утсаар ярьж, хаана очих уу гэдгийг хаягжилтаас нь хардаг шүү дээ. Тэгэхээр бид сайтаас оюун ухаандаа авч байгаа мэдлэгээ хаанаас авч байгаагаа мэддэг байх ёстой. Тиймээс мэдээллийн сайтууд маань ийм боломжийг бий болгож өгөх ёстой юм. Хаяггүй веб сайт нь сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх талтай. Нөгөөтээгүүр мэдээллийн сайтуудыг хариуцлагажуулах талаасаа чухал юм. Тиймээс энэхүү аянд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Вэб сайтуудыг редакцын хаягаа бичиж, байршуулахдаа редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах, шуудангийн хаяг, мэйл хаяг, утасны дугаараа нийлэхийг уриалж буй юм. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Ардчилал хөгжсөн аль ч улс оронд хэвлэл мэдээллээр гарч байгаа нийтлэл, нэвтрүүлгийн хяналт хэний гарт байдаг вэ гэхээр үзэгч, уншигч, сонсогчдын гарт бий. Тэгэхээр иргэд хяналтаа хэрхэн тавих бэ гэхээр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжуулж хэрэгжүүлдэг. Иргэд гомдлоо шууд редакцад тавих гэхээсээ илүүтэй дундын зохицуулалт буюу Хэвлэл мэдээллийн зөвлөлд тавих асуудал ихэссэн. Таван жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл 200 гаруй гомдлыг хүлээж авч шийдвэрлээд байна. Иргэд ч чанартай мэдээллээ авах шаардлагаа тавьж эхэлж байна. Иргэд гомдлоо манай байгууллагад тавихад бид редакцын хариу тайлбарыг авдаг. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцын гаргасан зөрчил ямар ёс зүйн код зөрчсөн эсэхийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороо хэлэлцдэг. Ингэж гомдлыг хүлээж авч хэлэлцэхэд бидэнд хүндрэл учир ч байгаа. Мэдээллийн сайтууд хаягжилтгүй, эргээд тэдэнтэй холбоо барих боломжгүй байдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаягжилттай болох нь чухал байна” гэлээ.

Мөн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Хэвлэмэл болон Онлайн Хэвлэл Мэдээллийн ёс зүйн хороонд ирж буй гомдлын дийлэнх нь хаяггүй мэдээллийн сайтуудад хандсан байдаг байна.  Тиймээс сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мэдээллийн вэб сайтууд хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын нэн тэргүүний шаардлага болох “хаягаа нийтлэх” гэсэн энэхүү уриалгыг дэмжин ажиллахыг шаардлагатай байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.  

ШУУД: 

УРИАЛГА

Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн вэбсайтын хандалтын тоо ихээр нэмэгдэх боллоо. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна.

Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна. Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна.

Иймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна. Үүнд:

  • Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.
  • Шуудангийн хаяг
  • Мэйл хаяг
  • Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна./

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.

Хамтдаа Эрүүл сэтгүүл зүйг бүтээцгээе.

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар

Дэмжин оролцогч байгууллагууд:

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Монголын сайтын холбоо

Харилцаа холбооны зохицуулах хороо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Оюуны өмчийн газар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top