УРИАЛГА: Мэдээллийн сайтууд хаягжилтаа ил болгоё

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлан, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар дэмжин оролцохоо илэрхийлээд байна. Энэхүү аяныг эхлүүлж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбооноос мэдээлэл өнөөдөр /2019.06.14/ мэдээлэл хийн, мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалга гаргасныг танилцууллаа. Мэдээллийн сайтуудын хаягжилт дутуу, эсвэл огт тавигдахгүй байгаа нь хэн нь үл мэдэгдэх этгээд бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох, худал мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль зөрчсөн, сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх нэг нөхцөл болж байгааг онцолж байв. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд ирж буй гомдлуудын дийлэнх нь эргээд холбоо барих хаяггүй мэдээллийн сайтуудын талаар байгаа бөгөөд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Хэвлэмэл болон Онлайн Хэвлэл Мэдээллийн ёс зүйн хороонд ирж буй гомдлын дийлэнх нь мөн хаяггүй мэдээллийн сайтуудад хандсан байна.


СЭТГҮҮЛ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГАРГАСАН УРИАЛГАД ЮУ БАЙВ

-    Интернетийн хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн вэб сайтын хандалтын тоо ихээр нэмэгдэх боллоо. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэб сайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг веб сайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна.

-    Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцийн хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэб сайтууд цөөнгүй байна. Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцад ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “Редакцийн хаяггүй мэдээллийн вэб сайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна.  Тиймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэб сайтуудыг редакцийн хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна.

Үүнд: 

-       Редакцийн үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.

-       Шуудангийн хаяг

-       Мэйл хаяг

-     Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна./  

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.  

Мэдээллийн ZINDAA.MN сайтын ХОЛБОО БАРИХ хаягийг эрхэм уншигч та ЭНЭ холбоосоор орж авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top