“Хааны Эрэлд-2019” энхийг дэмжих үйл ажиллагаанд 37 орон оролцоно

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

“Хааны Эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөртэй хамтран энэ сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Сургуулийн зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийг зохион байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхэд оршино хэмээн Хурандаа Ч. Цогтжаргал дурдлаа.

 Энэхүү олон улсын сургуульд 37 орны 1400 гаруй цэргийн албан хаагчид оролцох юм. Түүний дотор Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Изрейл улс, Йорданы Хашимитын хаант улс зэрэг 7 улс анх удаагаа оролцож байгаа. Мөн АНУ-ын цэргийн командлалын сургуулийн удирдагч хурандаа Уайн Бодлайн, АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн удирдагч Скотт Вейд нар голлож оролцоно.

Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэрээ оруулж, цаашдаа ч дэлхийн энхийн үйл ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ харуулж байгаа юм. Түүнчлэн энэхүү энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцогч бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагаа нь Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн төвд зургаадугаар сарын 15-ны 11:00 цагт эхэлнэ.

А.Золзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top