Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сантай холбоотойгоор Үйлдвэрчний эвлэлээс удаа дараа асуудлууд тавьж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхлэе?
-Сүүлийн жилүүдэд энэ даатгалуудын хөрөнгө рүү гараа дүрье гэсэн бодолтой улстөрчдийн нөлөөгөөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгуулагдсан. Та бидний өдөр тутам цалингаасаа төлж байгаа энэ мөнгийг захиран зарцуулах, байршуулах, өсгөж үржүүлэх, эргээд үйлчилгээ болгож өгөх үүрэг бүхий байгууллагууд байгаа юм. Энэ эрүүл мэндийн даатгалын зөвлөл рүү Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн гишүүдийг хасаад оронд нь ямар ч төлөөлөх чадавхгүй, хууль зөрчсөн хүмүүсийг оруулдаг болсон. Үүний гор нь нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөг нэг банкинд байршиж байгаад эрсдэлд ороод дампуурчихсан. Та нар бод доо, 200 тэрбум төгрөгийн нэг өдрийн хүү хэд болох вэ? Дор хаяж 15 хувиар бодоход 30 тэрбум төгрөг. Энэ бол маш том хэмжээний нэг эмнэлэг барих мөнгө шүү дээ. Ялангуяа, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг цохож хэлмээр байна. 2017 онд томилогдсон зөвлөл жил гаруйн хугацаанд 11 удаа хуралдахад хуралдаа хоёрхон удаа суусан гишүүн байна. Өмнө нь яамны ажилтан байсан юм билээ. Дийлэнх олонхийг төлөөлөх чадавртай хүн байна гээд заачихсан байгаа. Гэтэл тэр яамыг төлөөлөөд байгаа юм уу, хэсэг бүлэг лобби хийх сонирхолтой хүмүүсийг төлөөлөөд байгаа юм уу.
-Таны яриад байгаа хүн яг хэн юм бэ?
-Цолмонгэрэл гээд хүн байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар Д.Сарангэрэл сайдаас асуусан. Надад тус зөвлөлийн ирцийг явуулсан байж байгаа. Засгийн газрыг төлөөлж байгаа гишүүд ч хуралдаа суудаггүй.
-Эрүүл мэндийн үндэсний зөвлөл хэдэн гишүүнтэй юм бэ?
-Есөн гишүүнтэй. Засгийн газраас Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайд гурав байдаг. Ажил олгогч нарын төлөөлөл, ажилтны буюу даатгуулагчийн төлөөлөл гэж бас байгаа. Энэ хүмүүсийн нэгийг хууль зөрчиж томилсон. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гэж хүн байна. Энэ хүн даатгуулагчийг төлөөлж байгаа гэсэн мөртлөө төрийн байгууллагыг төлөөлж орж ирсэн.
-УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл Эрүүл мэндийн үндэсний зөвлөлд ажилтан буюу даатгуулагчийг төлөөлж гишүүнээр ажиллаж байгаа гэсэн үг юм уу?
-Яг тийм. Ажил хийж байгаа ард иргэдийг төлөөлнө гэчихээд төрийг төлөөлж орж ирсэн. Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх гэж байгаа юм. Төрийг төлөөлдөг хүмүүс нь байсаар байтал дахиад төрийг төлөөлөөд ард иргэдийн нэр дээр ороод ирж байгаа юм. Гэтэл энэ хүний ард хэчнээн даатгуулагч та биднийг төлөөлөөд энд суу гэсэн эрхийг өгсөн юм бэ. Аливаа зүйл чинь тэнцвэртэй байх ёстой биз дээ. 2017 оноос өмнө Үйлдвэрчний эвлэл гурван төлөөлөлтэй байсныг нэг болгосон.
-Цолмонгэрэл гэж хүн өмнө нь Эрүүл мэндийн яаманд яг ямар алба хашдаг хүн байсан юм бэ?
-Эрүүл мэндийн яамны газрын даргаар ажилладаг байсан. Одоо бол Монголд байдаггүй, гадаадад амьдардаг сурагтай.
-Эрүүл мэндийн үндэсний зөвлөл даатгалын мөнгө захиран зарцуулахаас гадна өөр ямар эрх үүрэг бүхий байгууллага юм бэ?
-Энэ хүмүүс бол эрүүл мэндийн бодлогыг тодорхойлохоос эхлээд хуулинд заасан маш олон эрхтэй. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг хянах, хөнгөлөлттэй эмийн үнийг тогтоох гэх мэт. Гэтэл иргэдээс асуулгүйгээр хөнгөлөлттэй үнээр өгдөг эмийн үнийг нэмчихсэн байгаа юм. Тухайлбал, зүрхний импакттай хүмүүсийн уудаг 20 мянган төгрөгийн эмийг 37 мянган төгрөг болгочихсон байгаа юм. Дээрээс нь эмнэлгийн дарга нарын нөлөөгөөр тенедерийн наймаа гэдэг зүйл хэрээс хэтэрсэн.
-Хөнгөлөлттэй эмийн үнийг үндэсний зөвлөлөөс тогтоох эрхтэй. Тэгээд зарим эмийн үнийг нэмэгдүүлсэн юм байна. Шалтгаан нь юу юм бол?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг эмийн жагсаалт гэж байдаг. Энэ эмнүүдийн үнийг өсгөөд, заримынх нь хөнгөлөлтийг бууруулчихсан. Энэ эмнүүдийн үнийг Үндэсний зөвлөлөөс тогтоох эрхтэй. Эм нийлүүлж байгаа компаниуд үнээ нэмээд л ороод ирнэ. Гэтэл ийм үнээр эм зарвал борлуулах эрхийг нь өгөхгүй гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар өрсөлдөөн бий болгох ёстой шүү дээ. Гэтэл яагаад ард иргэдийг төлөөлж байгаа хүн эмийн үнийг нэмэхийг дэмжээд сууж байдаг юм бэ. Одоо хүмүүсээс маш их гомдол ирж байгаа. Эмийг сардаа нэг юм уу, хоёр өдөр тараагаад л дуусчихсан гэж хэлдэг. Цанаа нь хэчнээн эм зарсан тухай ямар ч хяналт байхгүй. Энэ эм дээр татвар ногдуулдаггүй юм аа гэхэд НӨАТ-ын баримтыг нь өгдөг байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор энэ эмийн хяналтыг тавих ямар ч боломжгүй болчихож байгаа юм.
-Эрүүл мэндийн яамнаас хийж хэрэгжүүлж байгаа олон ажлууд байгаа. Үүнд үндэсний зөвлөлийн санал, санаачлага ороод явдаг байлгүй дээ?
-Үндэсний хэмжээний том том ажлууд ярихаа болъё. Хүүхдийн шүдний кампанит ажил, "Улаан тариа-2" аян гээд янз бүрийн ажлууд хийж байна л даа. Үндэсний аюулгүй байдал талаасаа зөв байх. Гэхдээ замбараагүй байдлаасаа болоод ч юм уу бэлгийн замын халдварт өвчин туссан хүн өөрөө л эмчлүүлэх ёстой шүү дээ. Яагаад зүв зүгээр байгаа хүмүүсийн даатгалын мөнгийг хэдэн тэрбумаар зараад байгаа юм бэ. Үүнийг үндэсний зөвлөл дээр ярьсан юм уу. Тэмбүүнийхээ оронд би хавдраа, зүрхээ, элгээ үзүүлмээр байна. Нарийн шинжилгээнүүдээ хийлгэмээр байна шүү дээ. Гэтэл энэ шинжилгээнүүдэд том том эмнэлгүүд нь даатгал үйлчлэхгүй ээ гээд сууж байдаг. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэхгүй байгаа эмнэлгүүдийн эрхийг цуцална гэх мэтээр ажлаа хий л дээ. Иргэд өнөөдөр дуртай эмнэлгээ сонгоод үзүүлдэг баймаар байна. Ямар давуу эрхтэй эмнэлэг болохоороо даатгал үйлчлэхгүй гээд сууж байдаг юм. Тиймээс бид Нийгмийн бодлого зохицуулалтын байнгын хорооны дарга Д.Оюунхоролд алдаа гаргасан бол үүнийгээ зас, даатгуулагчийг төлөөлөөд байгаа хүмүүс чинь хуралдаа суухгүй байна, дээрээс нь даатгал төлөгчдийн эрх ашгийг хөндсөн шийдвэрүүдийг гаргаад байна. Энэ хүмүүсээ эргүүлэн тат. Хоёрхон удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаа суухгүй байвал шууд чөлөөлөх эрхтэй. Төлөөлөх эрхээ төлөөлж чадахгүй хүмүүс яагаад суугаад юм" гэдэг асуудлыг тавьсан.
-Ямар шалтгаанаар үндэсний зөвлөлийн гишүүн болсон гэж та хардаж байгаа юм бэ?
-Тэр бол ойлгомжтой асуудал. Эмнэлгийн даргыг сонгох, тендерийн мөнгийг зувчуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг аль банкинд байршуулах вэ зэрэг ажлуудад л оролцож байгаа. Байршуулсан банкнаасаа хүү багатай зарим нь бүр хүүгүй зээл ч авдаг байж магадгүй. Энэ салхинд хийсчихсэн 100 тэрбум төгрөгөн дээр ямар акц хийж байгаа юм бэ. Үүнийг даатгуулагчийг төлөөлөөд сууж байгаа хүн ярьдаг баймаар байна. Энэ даатгалуудын мөнгийг улс төрчдийн бохир гараас холдуулах хэрэгтэй. Энэ сангаас хэн хэн гэдэг хүмүүс хэдий хэмжээний зээл авчихаад байгааг зарла л даа. Ийм шударга шаардлагуудыг бид тавьж байгаа.
-Нийгмийн бодлого зохицуулалтын байнгын хорооны дарга Д.Оюунхоролд арай өөр санал хүргүүлсэн гэж сонссон л доо?
-Ажил хийж байгаа, эмнэлэгт үзүүлж амждаггүй хүмүүсийг компаничилж хавдраар үзүүлэх санал хүргүүлсэн. Хавдрын дээд шатандаа хүрчихээд болохоо байгаад эмнэлэгт очингуут зургаахан сарын настай гээд л маш олон хүнийг буцааж байна. Жилд хавдраар 4000 хүн нас барж байна. Дээрээс зүрх судасны өвчлөл байна. Энэ чинь манайд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ огт байхгүй байгаагаас үүдэлтэй шүү дээ. Мөнгө төлөөд л байдаг дараа нь үхсэний хохь, амьдын зол л болж байна. 40 жил даатгал төлчихөөд үхчихдэг. Ганцхан сарын тэтгэмж өгөөд тэр хүний 40 жил төлсөн мөнгө даатгалын сандаа үлддэг. Нөгөө өвлүүлдэг тогтолцоо байхгүй. Ийм тогтолцоонуудыг хийхийн тулд үндэсний зөвлөлүүд ажилладаг байх хэрэгтэй байна.
-Эрүүл мэндийн даатгалын сан Эрүүл мэндийн яаманд харьяалагдах нь хэр зохистой шийдвэр юм бэ?
-Үүнийг би маш буруу гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь худалдаж авч байгаа мөнгөө давхар хажуудаа хийгээд суучихаар ямар ч хяналт байхаа больчихож байгаа юм. Уг нь Эрүүл мэндийн даатгалын зөвлөл энэ мөнгийг ингэж байна, тэгж байна гэх хяналтыг тавих ёстой. Хувийн эмнэлгүүд хүүхдийн шүд үзээд байгаа. Энэ бол цаанаа хэлбэртсэн мөнгө олох алга. 50 тэрбумыг зарцуулсан ш дээ. Одоо нөгөө тэмбүүнд хэдийг зарах вэ. Үүнийг буруу гээгүй. Гэхдээ яагаад хязгаарлаж болохгүй байгаа юм бэ. Магадгүй шинжилгээ авдаг хэдэн эмнэлгүүдийн бизнес болоод л дуусна. Эсвэл тэр мөнгөө өөр эх үүсвэрээс гарга. Битгий Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг ийм зүйлд зориулаад бай. Хүн сонголтоо хиймээр байна. Ийм зүйлүүд дээр шаардлага тавьж байгаа. Монгол хүн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй. Гэтэл нэг хүнийг долоохон хонуулаад л гаргачихаж байна. Долоо хоног гэдэг норм хэн гаргасан юм бэ. Шаардлагатай бол тэр хүнийг сар эмчил л дээ. Улсын эмнэлгүүд нь дийлэхгүй бол хувийн эмнэлгүүддээ аваачиж хэвтүүл. Ор хоногийн мөнгөнийх нь стандарт хэмжээг нь тавь.
-Нийгмийн даатгалын санд ч мөн адил үүссэн асуудлууд олон бий л дээ?
-Зуу зуун тэрбумаар банкинд алдаж, нийгмийн даатгалын сан хүрэлцэхгүй байна, дампуурах гэж байна гэж ярьж нэмсэн мөртлөө хүмүүсийн цалингаас авдаг шимтгэлийн мөнгийг 1,5 хувиар, ажил олгогчоос 1,5 хувь нийтдээ гурван хувь, одоо ирэх жил дахиад нэг хувь нэмнэ. Ингээд үндсэндээ дөрвөн хувийг нь аваад явчихаж байгаа юм. Нэг хүнд таваг хоолны мөнгө өгснийхөө төлөө дөрвөн хувийн шимтгэл төлж байна. Ийм харалган бодлогоор, ийм тогтолцоогоор удаан явахгүй ээ. Үндсэндээ нийгмийн даатгалын мөнгийг угаасан хэрэг болох нь л дээ. Энэ тал дээр Монгол банкинд шаарлага тавьж байгаа. Банк эрсдсэн гэдгийг хоёр жилийн өмнө төр мэдэж байсан гэж байгаа юм. Тийм байж яагаад тэр даатгалуудын мөнгийг банкинд байлгаад байсан юм. Шууд татахгүй яасан юм. Зээл авсан хүмүүсийн эд хөрөнгүүдийг лацдаад, ломбодоод хурааж авахгүй яасан юм. Төр төмөр нүүрээ харуул л даа. Банкны хуулиар 180 хоногоос дээшээ бол шууд чанаргүй зээлийн ангилалд оруулаад авах эрх нь байж байгаа шүү дээ. Үүнийг би цэвэр хуйвалдаан, луйвар гэж харж байгаа юм. Үүний хамгийн их хохирогч нь даатгал төлж байгаа хүмүүс шүү дээ.
-Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Үйлдвэрчний эвлэлээс ямар саналтай байгаа вэ?
-Хөдөлмөрийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох маш том хууль байгаа. Монгол Улсын иргэдийн 1,3 сая нь энэ хуулиар амьсгалж явж байна. Хүн ажлын найман цагаар ажиллаж, долоо хоногийн ээлжийн амралт авах ёстой. Хүмүүс эрх ашгаа хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэж, цалин хөлсөө нэмэгдүүлэх эрхтэй. Хөдөлмөрийн тухай хууль дээр ярихад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан ойлголцлын санамж бичгийг 2013 оны гуравдугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Энэ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнгөрсөн оны 03 сарын 28-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан. Таван жил гаруй ажиллаж байна. Харамсалтай нь яг эцсийн томъёолол дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байж байгаа. Хаанаас, юу оруулаад ирсэн нь мэдэгдэхгүй ажилтаны эрх ашгийг хохироох, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах, Үйлдвэрчний эвлэлийг хүчгүйдүүлэх 30 гаруй заалтыг оруулсан байгаа юм. Үүнийг бол би цэвэр олигархи компаниуд, гадаад, дотоодын том компаниудын лоббигоор хийж байгаа зүйл гэж би харж байгаа юм. Өнөөдөр хүмүүс нийлж тэмцэхгүй л бол ажил олгогчийн өмнө хүчин мөхөстөж байгаа шүү дээ.
-Ажилтны эрх ашгийг хөндсөн 30-аад заалт байгаа гэлээ. Хамгийн ноцтой гэснээс дурдаж болох уу?
-Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг заахгүйгээр хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох, ингэхдээ тухайн ажилтны хувийн байдлыг харгалзаж үзнэ гэсэн байгаа юм. Энэ нь өмнөх хуулийн хүрсэн түвшинг дордуулж, ялгаварлан гадуурхахын зэрэгцээ хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Үл өрсөлдөх нөхцөл гэгчийг оруулж ирж Ажилтан ажлаасаа гарсан ч хоёр жил хүртэл хугацаагаар өрсөлдөгч байгууллагуудад ажиллах болон өөрөө тийм үйл ажиллагаа эрхлэхгүй байх хуулийн нөхцөлийг оруулж ирж байгаа нь ажилтны эрхийг хаан боогдуулж байна. Ээлжийн амралтын хоногийг 15-32 хоног байгааг хүний ажилласан жил нас хөдөлмөрийн нөхцөлийг харгалзахгүйгээр жигд 20 хоног болгож байгаа нь ялангуяа хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг, нас ахиж байгаа удаан жил ажиллаж байгаа хүмүүсийг дөнгөж ажилд орж байгаа хүнтэй адил байхаар хуульчилж гэр бүлийн байдлыг нь харгалзан нэмэлт амралтыг ажил олгогчтойгоо тохирдог болгоно гэж заасан байгаа юм. Ажилтан нэг удаагийн жижиг алдаа гаргахад жилийн турш нэмэлт урамшуулал шагнал зэргээс бүхэлд нь хасагдаж байхаар заасан нь хэт явцуу сахилгын шийтгэлийг давхардуулан хүлээлгэж байна. Хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг гишүүнчлэлийн тоогоор хязгаарласан байна. Хуулийн анхны үзэл баримтлал болох албан бус салбарыг хуулинд хамруулахыг тунхагийн шинж чанартай болгосон зэрэг заалтууд байна.Тус хуулийн ард маш олон хүний амь амьдрал холбогдож байгаа учир яаран хөнгөн хуумгай хууль гаргаж болохгүй. Талуудын олон жилийн хөдөлмөрийг хүндэтгэж, нааштай хууль батлана гэдэгт итгэж байна. Хэрэв бидний тохиролцсон, тогтсон саналыг үгүйсгэж, “хулгайн” замаар орж ирсэн, ажилтны эрх ашгийг уландаа гишгэсэн дээрх саналуудыг дэмжин баталбал МҮЭ-ийн холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэмцэнэ гэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )