Төв, Дундговь чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Төв аймгийн Лүн сумын нутагт энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зорчих боломжгүй болсон тул ЗТХ-ийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 17-ны өдрийн 18.00  цаг хүртэл хязгаарласан.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаасан.

Дээрх чиглэлүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир “Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай” тушаалын хэрэгжих хугацааг сунгаж магадгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаартай холбоотойгоор замын нөхцөл байдал хүндэрсэн тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа, замын нөхцөл байдал хүндэрсэн тус өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн “Шуурхай бүлэг”, Хөдөлгөөний удирдлагын төв, орон нутгийн автотээврийн төв, АЗЗА, Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн газар дээр нь ажиллав.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн эдгээр өдрүүдэд Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгаас Улаанбаатар хот чиглэлд тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гүйцэтгэж байсан 15 аж ахуй нэгжийн 27 тээврийн хэрэгслийн 1033 зорчигийг төв суурин газарт байршуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top