Айсуй сонгуулийн зураглал

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Яг жилийн дараа сонгууль болно. Бодлого ярьдаггүй бодлоо ярьдаг, алс хэтээ бодолгүй зөвхөн одоо цаг дээрээ л байдаг, мега төсөлтэй гэдгээ сонгуулийн өмнөхөн санадаг, шууд хэлэлгүй тойруулж ярьдаг, үзэл баримтлалгүй өөрийнхөөрөө үсчдэг, сонгогдсон намаасаа сонгуулийн өмнөхөн бултдаг улстөрчид дүнгээ тавиулахад ердөө жилийн хугацаа үлдлээ.

Ердөө жилийн дараа АН-гүй МАН-гүй, ана мана ач тас үзэлцэх эсвэл хүрээлэлдээ тонгоруулсан “Намбарваан” гарч ирэх, бүр эсвэл шинэ хуучин, зөв буруу гэж тодотгосон гуравдагч хүчин цойлох эсэхийг чухамдаа ард түмэн шийдэхээр байна.

АН, МАН ЗЭРЭГЦЭХ ҮҮ?

Өнгөрсөн таван сонгуулийг харвал эрх барьж байсан нам дараагийн сонгуульд ялагдан, цөөнх нь засаг барьдаг. Олонх, цөөнхийг нэг сэлгэсний дараа хоёуланд нь тэгш боломж олгодог гэх жишиг тогтсон байна. Энэ жишгээр бол яг одоо АНА, МАНА болдог цаг. Чи, би гэлтгүй, тэр, энэгүй Ардчилсан нам ч, Ардын намд ч одоо олонх болж засаглах боломж байхгүй болов уу? Чухам яагаад тэр вэ? Ардчиллын галыг тулганд асаах хувь заяатай энэ нам одоо Ерөнхийлөгчтэйгөө, рецедив лидертэйгээ тэмцэлдэн буй цаг. Ердөө л хоёр жилийн өмнө Америкийн ардчилсан намын загварыг шууд хуулж, 21 аймгаар явсны эцэст С.Эрдэнэ АН-ын тамгыг атгахаар болсон. Намын даргын сонгуулийн үеэр түүнийг “Том биетэй З.Энхболд” гэх яриа гарч байв. Олон фракцтай Ардчилсан намыг удирдах нь магадгүй Жамух “Жалайр”-ыг удирдахаас ч амаргүй ажил байж таарна. Боловсрол бүхий олон лидертэй энэ намаас цойлж гарсан цагаасаа л шүүмжлэлтэй тулгарав. Тулгарсаар, тулгарсаар одоо бүлэггүй сөрөг хүчин УИХ-д сууж байна. Бүлэггүй сөрөг хүчин гэдэг бол сонгуульд оролцож буй улс төрийн намын хувьд бэлзэггүй сүйт бүсгүй гэсэн үг. Бэлзэггүй сүйт бүсгүй инжиндээ юу авахыг чухамдаа ирэх сонгууль шийднэ. “Бид зүтгэнэ Хамтдаа хөгжинө” гэж дөрвөн жилийн өмнө ялалт байгуулсан Ардын нам нэр хүндээ, уриагаа зөрчсөн үйлдлүүдийг хангалттай гаргаад байна. Өмнөх нийгэмд ч, энэ цагт ч төрийн тамгыг лавхан атгаж байсан энэ нам өнгөрсөн түүхээ, өнөө цагийн нэр хүндээ уландаа гишгэх болчимгүй үйлдэл гаргасаар сонгуулийн босгонд тулж ирлээ. Засгийн тэргүүнээ өмнө нь хэзээ ч сольж байгаагүй гэх энэ нам засгаараа нэг тоглон, УИХ-ын даргаа ч нэг удаа солиод байна. Эрх барьж буй нам нь УИХ-ын даргаа өмнө нь ингэж боорлон унагааж байгаагүй. Муу нэртэй Ардчилсан нам ч ингэж байгаагүй. М.Энхболдыгоо У.Хүрэлсүх орлон намын дарга болж, УИХ-ын алхтайгаа үлдээд байхад нь боорлосоор Г.Занданшатар одоо УИХ-ын дарга болоод байна. Гэхдээ юу гээч. Хэрэв боорлож байсан гишүүдээ сэвхийтэл нь дээш нь татах байсан юм бол түүхийн үнэ цэнтэй нэр хүндээрээ ингэж тоглох шаардлага байсан ч юм уу? Эв нэгдэлтэй, тулхтай гэдэг энэ нам одоо нэгэнт өмнөх даргын, одоогийн даргын гэх тодотгол арилчихаагүй байна.

NUMBER ONE OR...?

Өөрийнхөндөө тонгоруулсан Н.Энхбаярт одоо боломж байна. Нэгэнт цагт “Намбарван” явсан түүнийг улстөрд орж ирүүлэхгүй гэж эрх баригч ч, сөрөг хүчин ч, улс төрийн суудалгүй ордны гаднаас хашхичдаг хэд ч олон жил зүтгэлээ. “Чухамдаа энэ тал дээр л санал нэг таардаг юм” “Энэ хүүхнүүд үү” киноны гол дүр Нэгдлийн дарга Жамцын хэлдэг олон жил адлагдсан Н.Энхбаярын боломжийг эрх баригчид, сөрөг хүчнийхэн нь өөрсдөө бүрдүүлсэн гэхэд болно. Эрх баригч намын урдаа өлгөсөн пайз нь 60 тэрбум, ЖДҮ. Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг эрх баригчид байж таарах уу гэж асуухад л эрх баригчдын эсрэг хоёр настай хүүхэд ч эргэлзэнэ. Ардчилсан намынхан ч АСЕМ, Ц.Элбэгдорж гэсэн хангалттай олон пайзтай. Нэг улс нэг тойрог гэсэн зарчмаар явбал Number One-д хангалттай боломж гарах биз. Хэрэв та мартаагүй бол 2012 онд МАХН-ынхан 12 суудал авч ардчилсан парламентын түүхэнд хамгийн олон суудал авч байсан гуравдагч хүчин болсон юм. “Н.Энхбаярын төлөөх эмэгтэйчүүдийн холбоо” гэгчийг толгойлж байсан З.Баянсэлэнгэ УИХ-ын гишүүн, Засгийн газарт багтан сайд болж байсан удаатай. Ийнхүү саяхны жишээ арчигдаагүй байгаа энэ цаг үед “Нэг улс нэг тойрог” системээр явбал Н.Энхбаярын намынханд ашигтай тусна гэдгийг улстөрчид хэлж байна. Сүүлийн долоон жилийн турш улс төрийн хүрээлэл дунд хамгийн том бай нь болж ирсэн энэ хүн МАНАН дэглэм, 60 тэрбум, ЖДҮ, ард түмний халаасанд гараа дүрэх аль ч явдлыг эрс шүүмжлээд зогсохгүй улс төрд миний орой зай хангалттай их бий гэсэн төрөлхийн зан араншин комплекс нь аль хэдийнээ таалагдаад эхэлж. “Сант Марал” судалгааны төвөөс явуулдаг улстөрчдийн рейтингээр он гарснаас хойш Н.Энхбаярын рейтинг бууралгүй өндөр нэр хүндтэй таван улстөрчдийн тоонд багтсаар иржээ. Хамгийн сүүлийн судалгаагаар түүний рейтинг 13 хувийг заасан байна. “Хар” гэж тодотгодог нийтлэг массд МАНАН-г сийрэгжүүлэх бие хүн болж харагдаж буй угтаа түүний буруу биш.

“ЮМ ҮЗЭЭГҮЙ” ХҮМҮҮСТ БОЛОМЖ ОЛГОХ УУ?

Парламентын суудалд төлөөллөө илгээж үзээгүй ч улс төрийн нам болон сонгуулийн хэлэлцүүлэг болгонд индэр дээр гардаг хэдэн намд боломж байгаа юм биш биз. Тийм ээ байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “цагаан сонголт” хийсэн иргэдийн тоо 18.6 мянгад хүрсэн нь шинэ юм хүсээд байгаагийн тод илрэл гэж томъёолж болно.

Муу нэртэй ч Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бидэнд маш том боломж олгосон нь нэр дэвшигчдийг дугуйлалгүй саналаа хоосон өгөх боломж байв. Эхийг нь эцээхгүй гэж нүдэнд дулааханд нь өгөх үү, аль нь ч таалагдахгүй байна гээд татгалзаад гарах уу гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль олгосон. “Юм үзээгүй” хүмүүст боломж байгааг сануулсан энэ үйл явдлаас хойш олон нам шинээр төржээ. “ШИНЭ буюу Шинэ иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нэрээр тоглосон эвлэл, бүр эсвэл “Үнэн ба зөв” гэх философилог нэртэй намаас эхлүүлээд эрх ашгаараа, боловсролын салбар судлагдахуунаар, генийн шинж чанартай өөрчлөлтөөрөө нэрлэгдсэн намууд нь ч байна. Гэхдээ дээрх намуудад чадвартай улс төрч, хэрсүү сонгогчдыг төлөөлөх чадвартай хүн байгаа юу гэдэгт иргэд эргэлзээтэй хандаж байна.

Сүүлийн 20 жил суух суудлыг нь л баруун, зүүнд сонгож ирсэн энэ тогтолцооноос иргэд ч, улстөрчид нь ч хангалттай уйдсан ч төлөөлж чадах улстөрч, өмнөх улстөрчдийнхөө алдааг давтахгүй байх ухамсартай хүмүүсийг хайсаар ирсэн. Дэлхийн аль ч улс орон намд нь бус хүнд нь өгдөг. Хүн нь олон сонгогдсон нам л олонх болох жамтай тул намын нэгдсэн бодлогоор хэрэв олонх болж чадвал ийм ажил хийнэ гэдгээ мөрийн хөтөлбөрөөрөө илэрхийлдэг учиртай. Нам нь үзэл баримтлалтай, тогтсон бодлоготой, хэрэгжүүлэх боломжтой, улстөрчид нь чадвартай бол иргэд өнөөдөр ч шинэ хүчин гаргаж ирэх сонирхолтой байгаа. Гэхдээ эрх баригч нам сонгуулийн дүрмийг ерөнхийд нь тогтоох хандлага 20 жилийн талаас илүү хувьд нь тогтсон тул шинэ хүн хүлээж байгаа хүлээлт нь мөрөөдөл болоод хувирчихсан аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.234) 2019 оны 06 сарын 19

Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

0  |  0
Иргэн(202.179.31.90) 2019 оны 06 сарын 18

МАН, АН, МАХН нарыг сонгохгүй ээ. Арай өөр улс төрийн намыг сонгоно.

0  |  0
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин (64.119.23.149) 2019 оны 06 сарын 18

За битгий худал шаагаад байгаарай. Ард түмэн муу муухайн үүр уурхай болсон авилгал хээл хахууль хариуцлагагүй байдлаас салахын түүс болж байхад юуны чинь авилгалын эцэг энхбаярыг дахиад сонгоод тэнэгтээд байх юм. Зайлцгаа. Энхбаяр ахиад л муу бүхнийг эх үүсвэр.

0  |  0
Top