Өвөг дээдсийн амьдрал, жаргал, зовлонг сийлэн үлдээсэн хиргэсүүр, хүн чулуудтай, Хануй, Хүнүйн гол харгиатан, Хан-Өндөр, Халиун морьт уул ханаран үзэгдэх сүрлэг нуруудтай, Их нуур, Хунт нуурандаа хун галуудын чуулбартай ийм л үзэсгэлэн төгөлдөр, шүлэг шиг сайхан нутаг Архангайд бий. Хангайн бэлчир дэх Гурван цүүр, тэр дундаа “Баруун цүүр”-ийн гэж нэрлэгдэх малчин айлын эрх танхи охин болж өссөн бүсгүй бол Батсүрэнгийн Урангоо юм. Тэрбээр нуурын зэгс шил шилээ дараад шаргихыг хараад, сэтгэл нь хачин их хөдөлж, шүлэг бичихээр саалийн зэлнээ хувингаа үлдээгээд гэр рүүгээ гүйж ордог гэгэлгэн охин байжээ. Урангоо. Энэ нэр дуу бүхэнд дурдагдаж, дурлал бүхэнд дуурсагдаж байдгийн учир арай энэ Урангоо бүсгүйгээс болсон юм биш байгаа даа. Хануй голынхоо урсгал шиг хархан гэзэг, алаг мэлмэрээ нүд, дугариг цагаан царайтай, гуниг үргэм тас тас инээдэг, гудиггүй найрагч бүсгүй зүрх бүхнийг булгилуулж, зүүд бүхнийг булаасан юм биш байгаа. Түүний шүлгүүд болоод шүүрс алдалт дундуур хамтдаа туучсу.
-Та 10 жилийн сургуулиа төгсөөд хөдөө мал дээр найман жил саальчин байжээ. Тэр тухай яриагаа эхлэе?
-Архангай аймгийн Эрдэнэмандал сумандаа 25 нас хүртэл малчин, саальчин явлаа. 1992 онд аравдугаар анги төгсөх жил ээжийн бие тааруу байсан тул их дээд сургуульд сурах, хот хүрээ явах тухай бодол байсангүй. Угтаа бол сэтгэлийн мухарт сургуульд соёлд явах маш их хүсэлтэй байсан ч ээж минь хүнд хагалгаанд ороод арай гэж амь эргэтэл, аав минь зөрөөд гэнэт бурхан болчихсон. Энэ л хүнд үед ээжийнхээ хажууд хань бараа болж үлдсэн дээ. Ээж минь тэнхэрч, 1997 онд таван жил үерхсэн нутгийн хархүүтэйгээ суугаад, би айлын бэр болоод явсан. 1999 онд анхны охиноо төрүүлж, найман сартай байхад нь охиноо алдчихаад дэн дунтай ухаангүй уйлж явахад минь яруу найрагч С.Батмөнх “Шүлэг найргаа бичиж байна уу? Намар сургуульд сур. Би чамд урилга явуулна. Одоо юугаа хийж энд ингэж гиюүрч суухав” гээд загнах зэмлэх өнгө аястай хэлсэн. Манай эгчийн найз нь байсан учраас намайг захисан юм шиг байгаа юм.
-Саальчин бүсгүй маань оюутан болоод гэрээ их санадаг байв уу?
-Тэгээд тавдугаар сард “Их Монгол Дээд Сургууль”-ийн Монгол хэл, уран зохиолын багш, судлаач мэргэжлээр суралцахаар болсон доо. Бага гэр худалдаж аваад, айлын хашаанд барьж сууж байв. Нутаг ус, ээж, ах дүү нараа их санана аа. Гэр орон нь энд байхад гэрээ санаад уйлж л суудаг. Тийм л борог амьдрал, хатуу хөтүүдээ дасчихсан амьтан байв. /инээв/ Ямартаа л...
Бор борхон толгод минь надаар дутахдаа уйддаг юм гэнэ
Бойтогтой хонхны минь дууг одоо хэрнээ хадгалдаг юм гэнэ
Ээвэр нарны цацраг надад дээр тусах гэж хүлээдэг юм гэнэ
Ээжий минь тэнд охиноороо гоёдог юм гэнэ / “Надаар дутах нутаг”/ гэж бичин санааширч байхав дээ.
-Ер нь та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?
-Гуравдугаар ангид байхдаа л шүлэг бичиж байсан. Наймдугаар ангидаа анх удаа шүлгийн уралдаанд орж, тэмдэглэлийн дэвтэр, бал, таван төгрөгөөр шагнуулж байсан. Сургуулийн дотуур байранд сууна, ихэнхдээ ном уншиж, гэрэл унтарвал гадаа, сүү шиг сарны гэрэлд номоо уншдаг байлаа. Хөдөө гэртээ хүж асааж, хөнжил доогуураа орж уншиж байгаад, аав, ээж хоёртоо гэр орон шатаах нь гээд зэмлүүлж л байлаа. Хаврын шөнөөр бие засна гэж номоо авч гараад, гэрийн хаяаны манаас дээр сууж уншиж байгаад, ээждээ үхрийн хөлдүүсээр шидүүлж, гэрээ тойроод гүйж л байлаа. Ингэж л уран зохиолд дурладаг байж дээ. Дараа нь оюутан болоход ихэнх номыг уншсан байсан болохоор сурахад харьцангуй амар байсан. Ер нь арван жилд байхдаа чөлөөтэй байхыг эрмэлздэг, хэлэх үгээ шууд хэлчихдэг, хэтэрхий шударга зантай, аман хичээлүүдэд сайн учраас “ам” Урангоо гэсэн хочтой байв. /инээв/
-Оюутан болоод өөрөөсөө дүү хүүхдүүдтэй нэг ангид ямар байв даа?
-Дөнгөж аравдугаар анги төгсөөд орж ирсэн хүүхдүүдийн дэргэд хал үзэж, халуун чулуу долоосон хүн гэдэг шал ондоо юм. Аль хэдийн төлөвшөөд, зорилгоо тодорхойлчихсон. Сургуулиа төгсөөд, дипломоо гардаж авахдаа захирлаас сургуульдаа багшлах санал сонсоод маш их баярлаж байлаа. Оюутан байхад багш нар хичээл, лекцээ хүртэл надад даатгаад өгдөг байсан нь надад дадлага туршлага болсон гэж боддог.
-Амьдрал яруу найраг хэрнээ, яруу найраг амьдрал биш гэж нэгэн нэрт яруу найрагч дуу алдсан байдг. Та ер нь яруу найргийг юу гэж боддог вэ? Таны анхны ном ямар ном байсан бэ?
-Шүлгийг их гэгээн хөг аялгуу мэт мэдэрдэг. Хаанаас ч юм, юу ч юм ирээд, сэтгэл тогшоод байгаа юм шиг. Яруу найраг гэдэг бол үргэлж залуу байх мөнхийн дурсгал. 2004 онд оюутан байхдаа анхныхаа ном “Бурхны шувуу”-г өлгийдөн авч байлаа. 2007 онд “Хааяахан...” яруу найргийн ном, “Эгэл амьдрал эгэлээрээ агуу” Монгол улсын аварга малчин, цэргийн заан Д.Самбуугийн түүх, дурсамжийн номыг бичсэн. Миний хамгийн их шаналж, тарчилж бичсэн номууд бол 2011 онд хэвлүүлсэн “Сэтгэлийн өргөс”, “Тэнгэр урвах цаг” яруу найргийн ном, “Охиноо хайсан намар” өгүүллэгийн ном юм. Ер нь бодоод байхад шүлэг, зохиол гэдэг өөрөө зовж, өвдөж, үхэж, сэхэж үзэж байж л бичигддэг тарчилгаантай юм шиг санагддаг. 2013 онд охин минь наддаа эргэн төрж, зангирсан сэтгэлийг минь зөөллөсөн.
-Хүүхэд гэдэг энэ орчлонгийн нар юм даа. Тэр нарханууддаа зориулж гаргасан таны номууд багагүй байдаг шүү?
-Анзаараад байхад сүүлийн үед хүүхдийн зохиол ховордсон биш хүүхдүүд ном уншихгүй байна уу даа. Бидний үед багаасаа сонсож өссөн үлгэрээ уншина гэдэг хамгийн гоё зүйл байсан. Хүүхэд багаасаа ном үлгэртэй найзалвал сэтгэн бодох чадвар, үгийн баялаг нэмэгдэнэ шүү дээ. 2016 онд “Миний дүү хөлд, хэлд, сургуульд орлоо” хүүхдийн шүлгийн ном, “Хулгана хатагтайн цай” хүүхдийн өгүүллэгийн ном гаргасан маань хүүхдүүдэд маш их таалагдсан шүү.
-Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг та магистрын зэрэг аль хэдийн хамгаалчихсан, одоо доктор болох гэж байгаа байх аа. Ажил мэргэжлийн тухайд сонирхвол?
-2006 онд МУБИС-ийн Уран зохиолын магистарт суралцаж төгссөн. 2008 оноос МУБИС-ийн докторантурт элсэн суралцаж, энэ жил хамгаална. 2017 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежментээр суралцаж төгссөн. 2006-2010 он хүртэл “Идэр” дээд сургуульд багш, Монгол хэл, Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, 2012-2016 он хүртэл СУИС-ийн ТУС-ийн утга зохиол, урлаг судлалын тэнхимд уран зохиолын багшаар ажиллаж байгаад, доктор хамгаалахаар чөлөө авч гараад, эргэн ажилдаа ороогүй явна.
-Та Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойгоор Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн. Уран бүтээлийн ургац хэр арвин байна вэ?
-Одоо илүү сайн шүлэг бичих хүсэлтэй байгаа. Аль эрт гурван ном гаргах байснаа маш сайн боловсруулж гаргая гээд далд хийчихсэн. 2007 онд анх Монголын Зохиолчдын Эвлэл хэмээх энэ өндөр босготой өргөөний өргөн үүдээр орж, гишүүний батлахаа авч байсан минь хамгийн мартагдашгүй том шагнал юм. Залуу зохиолч нартайгаа мөр зэрэгцэн алхаж, уралдаан наадамд шүлгээ дуудан, Болор цомын алтан тайзан дээр ч гарч явлаа. Энэ хугацаанд дуучин Л.Нарантуяагийн “Хоёр хээр”, “Аргамжаатай саран”, Б.Бямбачулууны “Даанч хол байна даа”, Д.Нямдаваагийн “Нүдэн”, Гавъяат Ж.Уранчимэгийн “Гэгээн хурим”, П.Хатанбаатарын “Уйдах завгүй залуу нас” гээд тоочвол олон дуу байна. 2016 онд “Даанч хол байна даа” дууны шүлгийн ном хэвлүүлсэн. Хамгийн сүүлд “Азтай юмаа, миний хайр” шүлэгт маань МУСГЗ Б.Бямбабаяр ая хийж, дуучин МУСТА Т.Амина дуулж, дүрсжүүлснээр үзэгчдийн хүртээл болсон.
-Бүсгүй хүний нандин, эрхэмсэг чанар, бардам омог, хээнцэр төрхийг бүсгүй найргаас л мэдэрч болохоор, таны шүлгээс хараад байхад залуусыг “хуйлруулдаг” байсан байх, тийм үү?
-/инээв/ Бүсгүй бүхэн л сайхан хөөрхөн шүү дээ. Бүгдээрээ л хайрлуулж, дурлуулж явах заяатай хүмүүс юм даа. Дурлаагүй өнгөрсөн зүрх байдаггүй, дурлуулаагүй үлдсэн бүсгүй ч гэж байдаггүй. Бараг арван жилийн хүүхдүүд байхаасаа л ханьтайгаа үерхэж байгаад ханилан суусан. Олны унагаасан нүд бүхэн дээр бүдрээд явбал амьдрал яах билээ. Хүний сайхан үрсийг олон гомдоосон байх.
Залуу минь чи таарсан юм шиг зам тосоод яахав
Залуурдуулахгүйгээр он цаг хурдалж явна, цаана чинь
Замбуулингийн амьдрал урсаад өнгөрлөө
Захаас нь шүүрэхгүй бол чи хожимдох нь ээ
Сэтгэлээс илүү сайхан амьдралд бас байдаг
Сэмхэн хэн нэгнийг зүрхэндээ нууж болдог
Алдрай чинь болохгүй намайг сэтгэлдээ хадгал
Амраг чинь болж чадахгүй ч, алдаа чинь би болог ээ гээд л заримыг нь шүлэг, сэтгэл хоёртоо сийлэн үлдээх үе байдаг.
-Та боловсролын салбарт ажиллаж өөрийн гэсэн гарын шавь олон болсон байх?
Боловсролын салбарт 15 жил багшилжээ. Оюутнууд маань ихэнх нь багш, сэтгүүлч, жүжигчин, дуучид, судлаач, зохиолч болцгоожээ. Энд тэнд таараад багш аа гээд их сүйд болдог нь миний хувьд хамгийн сайхан аз жаргал юм даа. Энэ их хүндлэлээр боловсролын тэргүүний ажилтан болсон гэж бэлгэшээдэг. Ер нь тэгээд хүнийг хүн байхад нь илүү хөтөлж дагуулах юмсан гэж одоо хэрнээ хичээдэг. Багш хүний л зан араншин юм даа.
-Та бол “Шинэ мянган” яруу найргийн нэгдлийн нэгэн төлөөлөл. Тэрхүү нэгдлээс Болор цомын эзэд олон төрсөн дөө? Сүүлийн үед энэ наадмын талаар шүүмжлэл их гарах болсон?
-Тэгэлгүй яахав. Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатар, Б.Батсайхан, М.Отгонбаяр гээд гэгээн тунгалаг, монгол шүлэгтэй сайхан найрагчид. Бусдын шүлэг, зохиолыг шүүмжлэх бодол хэзээ ч надад төрж байгаагүй. Шүүмжлэх ч хэмжээний хүн гэж өөрийгөө бас бодохгүй байгаа. Байгалийн шалгарлаар гэдэг шиг цаг хугацааны хэмжүүр нь хүн төрөлхтөнд юугаа авч үлдээхээ өөрөө шийдэх байх. Ном уншдаг хүн муу зүйл бодохгүй, хийхгүй гэж найддаг. Тэр тусмаа манай төрийн сайд, дарга, түшмэдүүд ном уншдаггүй байх аа. Ер нь уран зохиолын боловсрол эзэмшээгүй бол дарга сайдын суудалд суулгамааргүй санагддаг. Төрийн хүний нэг шалгуур үзүүлэлтийн нэг баймаар ч юм шиг.
-Хоёулаа эргээд айраг үнэртсэн хөдөөдөө очоод яриагаа өндөрлөе?
-Хөдөө мөн ч сайхан шүү. Тэнд байхдаа л намар буцах шувуудын ганганааг зүрхэн дундуураа туучуулаад, хавар ирэх шувуудыг тосож сэмхэн догдлоод, өдрийн нарыг гэзгэндээ зангидаж, оддын шаргианд, нуурын мандал тольдон суухын жаргал юутай сайхан. Үеийнхэн бүгд сургууль соёлд явахад саалийн хувингаа тохойлдчихоод, гүүн зэл рүүгээ ардын дуу гунигтайхан аялаад алхаж байхдаа хэзээ ч хотын хүн болчихно гэж бодож байгаагүй. Нуурын зэгс шилээ даран шаргихыг хараад, сэтгэл минь хачин их хөдөлж, шүлэг бичихээр, саалийн зэлнээ хувингаа үлдээгээд гэр рүүгээ гүйдэг сэн. Энэ хотод тийм намрыг, тийм хаврыг, ийм догдлолыг мэдрэхгүй хорин жил болчихжээ. Нутагтаа л очихгүй бол сэтгэл хөглөгдөхгүй гунигтай байдаг. Сургууль, цэцэрлэг амарчихлаа, хамгийн түрүүнд нутгийн зүг хүлгийн жолоогоо зална даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Bayr hurgie egchtei amjilt husie ania❤❤
миний монголын байгал, гоо үзэмж, газар шороо гайхалтай. Тэр дундаа хүний төрсөн нутаг дэндүү сайхан даа.