ОЛОН ӨНГӨ: Нутаг усаа санах цагаар

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Баяр наадмын уухай сэтгэлийн хаалга тогшиж буй энэ цаг дор ус нутгаа санах нь улам бүр ихэснэ. Арга ч үгүй сайхан нутаг, их бичгийн гүүш Анги Шагдар, алдарт дууч Чогдон хун тайж гээд олон суутнуудыг өлгийдсөн өөжин шүү дээ.  

Өдийд Баастын тал, Туулайн талд борлог зэрэглээ сульдаж, босуул салхин үе үехэн гэгэлзэж, дөнгөж төрсөн нойтон унага долоон сэвэлзэж байгаа даа. Хавар дундын наран тойрогт янзага эхийгээ даган цахилж, бут бүхнээс бүжин дэгдэж, хөл тэнцсэн унага ч ертөнцөд төрөөд харсан анхныхаа сонин хачнаас цочин зогсоо биз ээ гэхээр өөрийн эрхгүй гараад гүймээр. Ийм л гэрэлт цагаар олон ч эрмэг хүлэг тэнгэрийн дор босоо төрж, хожмоо нутаг усаа халхын дэвжээнд “Алтанширээ” хэмээн цоллуулаа даа гэж бодохоор өөрийн эрхгүй самсаа шахирна. Эгэлхэн, тийм айдасгүй Туулайн хэмээх нэртэй талаас зүүн тийш Тоосгоны хяр цайрч харагдана. Зунтай жил бол цэнхэр зэрэглээнд номин өнгөөр цайвалзаж байдаг нь өдгөө сэтгэлийн уудамд цалгилан буй.

Жаахан наашлахаар Зараагийн хад, баруун тийшээ Баянбуурал хайрхан талд завилсан бурхан шиг дүрээрээ цайрч харагдана. Алтанширээ хэмээх энэ л тэнгэрийн доорхи эх орон бол миний хорвоогоос өмчилж авсан өөжин. Сумын өмнө тал, хур бороо элбэг жил бол машин бүү хэл морьтой хүн ч амар гатлахгүй Говийн тасархай гэж бий. Дэрсэнэ-Усны Цагаан чулуу, алдарт Хондогийн хийдийн туурь ч эртний түүхийг агуулан энэ говийн хойморт заларч буй. Энд л ингэ ботгоо долоож, ороо нь хэдийнээ гарсан буур ертөнцөд ирж байгаа энэ хөөрхөн амьтныг үл ажран, залхуутайхан Хаяагийн ус руу сүргээ дагуулан алхаж байгаа даа, өдийд. Жаахан баруун тийшээ хараачлахаар Булангийн ширээ, Хаяагийн ширээ, Цагаан хаяа гээд мөн л номин өнгөөр цайвалзаж байх.

Би ийм л нутгаа биширдэг, бас дотроо өмөөрч, заримдаа уйлж явдаг эгэл нэгэн уран бүтээлч. Өдийд ёстой л зун дундын наран тал хөдөөгүй хөлбөрч, эх нутгаасаа зарагдсан хүлэг морин газар шороогоо нэхэн ирж байгаа даа. Ийм л нутгаа санах гэрэлт цагаар энэ л ертөнцөөс өмчилж авсан ус нутгаадаа яг л хүлэг морин шиг гүймээр санагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top