Арав гаруй жил төсвөөс мөнгө зарж байгаа ЛҮНГИЙН ЗАМ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Улаанбаатар, Лүн чиглэлийн автозам бол олон жилийн өмнөөс алдартай, монголчуудын сайн мэдэх болсон зам. Тэр хэрээр Лүнгийн замын маргаан тасрахгүй өнөөдөртэй золгоход “Лүнгийн там”, “Там-Очир” гэх зэрэг хэлц үг ч гарсан нь цаанаа эзэнтэй. Энэ тухайд хойш дурдах болно.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүчтэй аадар орж, Улаанбаатар-Лүн чиглэлийн зам усанд автсан. Тус нутагт буусан үерийн улмаас 20 гаруй  метр зам  тасарсан, зарим газарт замын далан нь нурсан, газрын гадаргуутайгаа ижил түвшинд очсон зэрэг эвдрэл бий болжээ. Ядсан төсөвтэй улсад бол том хохирол мөн. Үүнээс гадна тус зам эвдэрснээс үүдэж, 1300 орчим зорчигч, 28 автобус боогдсон учраас  Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албаныхан хамтран ажиллаж байна. Ингэхдээ  Төв аймгийн Баянхангай сумаар тойрч явах замаар үерт боогдсон  зорчигчдыг  жижиг тэрэг болон автобусаар зөөсөн,  үерийн голомтоос 19 автобусыг гаргах зэргээр ажиллаж байгаагийн цаана мөн л төсөв мөнгө байгаа. Замын салбарын мэргэжилтнүүдийн өгч байгаа мэдээллээс харахад Лүнгийн замыг өнөө маргааш засах боломжгүй аж. Ус татарч хуурай болсон цагт туслах замаа гаргаж, улмаар үндсэн замыг засахад 20 хоног  шаардлагатайг дуулгалаа.

Энэ хэрээр зорчигчдын явах суух нөхцөлд хүндрэл гарч байна гээд олон сөрөг зүйл үүснэ. Гэтэл Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Үүнээс харахад туслах зам засагдах боломж бүдгэрч хугацаа сунана гэсэн үг. Ийм тохиолдолд зорчигчид Лүн сумаас шууд хойд чиглэл буюу Булганы Дашинчилэн сумаар тойруулан Булган, Эрдэнэт, Дархан чиглэлд явна гээд бас нэгэн том хүндрэл бий болж байна. Ингээд тавигдаж эхэлсэн цагаасаа эхлээд төсвөөс мөнгө зарцуулсан Лүнгийн замын эртний түүхээс сөхөх нь зүйн хэрэг байх.

Өдгөөгөөс 10 гаруй жилийн өмнө буюу 2006 онд Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 172 километр замын тендерт өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компаниуд ялсан байдаг.  Үүнээс 106.2 километр замыг “Очир төв” компани өөрийн хөрөнгөөр барихаар болж байжээ. Ингэхдээ “Очир төв” компани нь тус замын өртөг болох 21 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөс гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээлсэн ч улсын төсвөөс байнга мөнгө сааж байсныг баримтаар өгүүлсэн нь олон бий.

Ийнхүү тендер авсан компани Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж, шинээр зам барих юм болж байсныг ч зорчигч олон санаж байгаа байх. Тэд тендерт ялж, Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон “Очир төв” компанийн хооронд “2007-АБЗ-16” дугаартай гэрээ байгуулан, уг замын ажлыг 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтанд оруулахаар тохиролцсон ч ашиглалтад орох хугацаа сунасаар байгаад 2009 онтой золгожээ. Энэ хугацаанд замын ч өртөг өссөн, эдийн засагт ч өөр нөхцөл үүссэн зэрэг шалтгаанаар дахин дахин төсвөөс мөнгө авсан, жолооч нарын хараал зүхэл зэрэг дуулиан дунд Лүнгийн зам сүүлийн хэдэн жил болсон. Хамгийн ойрын жишээ гэхэд 2009 оны төсвөөс “Очир төв”-д 7.5 тэрбум, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанид 4.4 тэрбум төгрөгийн үнэт цаас олгохоор шийдвэрлэсэн ч замын ажилд хүрэлцэхгүй эвдрэл ихтэй хэмээн ахин төсөв нэмснээр 22 тэрбум төгрөг болгож байсан түүхтэй.

Тэгэхээр Лүнгийн замыг хэрхэн барьж байгуулж байсан талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайлангаас нэхэн харъя. Тус компани нь замын ажлаа 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан боловч 45 километр авто замын асфальт бетон хучилт хийж, нийт төсөвт өртгийн 58.5 хувь буюу 12.4 тэрбум төгрөгийн ажлыг дуусган, 61.1 километр авто замын суурь, хучилтын ажил хийгдээгүй дутуу. Ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутагдаж байгаа ба хийсэн ажлын гүйцэтгэлээр барьцаалж арилжааны банкнаас зээл авах, эсвэл хийгдсэн ажлын гүйцэтгэлээс 3-4 тэрбум төгрөгийг төсвөөс олгуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг харгалзан, хугацааг 113 хоногоор буюу 2009 оны наймдугаар сарын 21-ны өдрийг хүртэл сунгасан хэмээн тайланд дурджээ.

Тэгвэл 2009 онд тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарт ашиглалтад оруулаагүй ажлын 12 гэрээнд тухайн цагт баригдсан зам, гүүрний ажлын талаар гэрээ дүгнэж, сайдын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Тэгэхэд Очир төв” компанийн Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр автозамын явцын хяналт, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгч байжээ. 

Манай ихэс дээдэс ийм л аргаар төсвөөс мөнгө “идэж” байдгийн нэгээхэн жишээ бол энэ. Нөгөө талаар эрхэлж буй ажилдаа мэргэшсэн, туршлагатай компаниудыг тендерт шалгаруулахын оронд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрсдийн компанидаа тендер авдгийн нэгэн жишээ бас мөн. Тэдний мөнгө “идэх” арга нь ердөө л энэ. Одоо энэхүү гүйцэтгэл дутуу замд ахин хэдэн тэрбум төгрөгөөр засвар хийж шинэчлэх нь дамжиггүй. Нимгэн зузаан гээд бат бөхөөс нь “идсэн” замаас үүдсэн осол аваар, эд хөрөнгийн хохирол гээд юу эсийг үзэх билээ. Дээрх баримтаас харахад 2006 оноос хойш 13 жилийн турш балаг тарьж буй “Очир төв”, “Монроуд” компаниудад хариуцлага тооцож, эздээр нь тус замд зарсан мөнгийг төлүүлэх юм биш үү. Анхнаасаа чанарын стандарт хангасан, үер усны хамгаалалттай зам барьсан бол ийн аюул тулгарч төсвөөс дахин дахин мөнгө зарахгүй л байв.

Гэрэл зургийг Paparazzi+Traffic Mongolia цахим хуудаснаас ашиглав

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(66.181.180.198) 2019 оны 06 сарын 19

Ердөө л доогуур ус урсах хэд хэдэх хоолойны мөнгөн дээр гар татсанаас болсон нь харагдаж байна. Хогийн муу новшнууд юмаа.

0  |  0
Бат(202.9.43.234) 2019 оны 06 сарын 19

Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

0  |  0
Зочин(66.181.185.18) 2019 оны 06 сарын 19

Энэ чинь алдарт Дамба-Очир буюу хулхи Очирын зам байх Тэр үеийн Парламентад 3 Очир байсан гэдэг сэн Хулхи Очир-Дамба-Очир, Нудрага Очир-Мөнх-Очир , Мал Очир-Балдан-Очир

1  |  0
Лүнгийн ард түмэн(111.90.90.127) 2019 оны 06 сарын 18

Энэ Дамба Очир гэж ТамОчир болсон хүн бна аа. Зам барих нэрээр, ЖДҮ нэрээр хичнээн ч олон удаа мөнгө хусдаг новш вэ? Нүгэл нь нүдээрээ гарна гэдэг нэг л өдөр ирнэ дээ

0  |  0
zochin(202.179.31.63) 2019 оны 06 сарын 18

Garamgaibaatariig barij shalgaj chanargui zam barisan asuudlaar hariutslaga huleelgeh heregtei.

0  |  0
zochin(202.179.31.63) 2019 оны 06 сарын 18

Garamgaibaatariig barij shalgaj chanargui zam barisan asuudlaar hariutslaga huleelgeh heregtei.

0  |  0
Хаана бна(64.119.21.84) 2019 оны 06 сарын 18

УИХ-ын Дамба-Очир мөнгийг нь идсэн зам шүү дээ. Түүнийг шоронд хийж шонд өлгөөч дээ, Батзандан, Болдчууд минь.

0  |  0
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top