Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ. Гэтэл тус сангаас VI дахь санхүүжилтээ түр хугацаанд зогсоогоод байна. Учир нь, ОУВС-гийн зүгээс манай арилжааны банкуудад хийж байгаа хяналт, шалгалтын дараа санхүүжилтээ үргэлжлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар Сангийн сайд Ц.Хүрэлбаатараас тодруулсан юм.
Тэрбээр "Эдийн засаг тэлэх хэмжээгээр арилжааны банкуудын гүйцэтгэх үүрэг дагаад нэмэгддэг. Тэгэхээр арилжааны банкууд эрсдэлгүй байхын тулд эдийн засаг нэмэгдэж байгааг дагаад өөрсдийн капиталаа нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Тэр ч утгаараа Монголын арилжааны банкуудад капиталаа нэмэгдүүлэх шаардлагыг ОУВС-гаас өгсөн. Хоёр тал тохиролцсон. Энэ бол зүй ёсны шаардлага гэж бодож байна. Энэ хүрээнд 2018 оны төгсгөлд арилжааны банкуудын активын чанарын үнэлгээ хийгдэж дууссан. Тодорхой тооны банкуудад капиталаа нэмэгдүүлэх үүргийг өгсөн. Энэхүү үүргийн дагуу зарим банк хөрөнгөө нэмэгдүүлсэн. Харин хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгах шаардлагатай гэж үзсэн. Аудитын компани оруулж шалгахаар болж гэрээг нь байгуулаад явж байна. ОУВС-гийнхан энэ долоо хоногт ирнэ. Ирээд урьд нь яригдаж, хийгдэж байсан ажлуудаа яриад явна гэж бодож байна" гэх тайлбарыг өгсөн юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Шалгалтын дүнгээс шалтгаалж ОУВС-гийн VI дахь ээлжийн санхүүжилт орох эсэх асуудал яригдах юм уу?
-Ер нь бол түр түдгэлзчихээд байгаа. Шалтгаан нь, арилжааны банкуудын эх үүсвэрээ нэмсэн шалтгааныг нь тодруулах шаардлага тавьсан. Энэ ажил тодорхой хугацаанд үргэлжилж байна. Гурван сар яригдаж байна. Эцэслэгдээд явна гэж бодож байна.
-"Жаст"-ын Ш.Батхүүгийн өрийг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн. "Стандарт" банкнаас 40 сая ам.долларыг хүлээж авлаа гэх баримт, бичиг нь ирсэн үү?
-Мэдэхгүй. "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Засгийн газарт огт хамаагүй асуудал.
-"Капитал" банктай холбоотой асуудал ямар шатандаа явна вэ?
-Банкны эрх хүлээн авагчдаас нь асуух хэрэгтэй. Сангийн яамны хувьд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн сан зэрэг төсөвтэй харьцаж байдаг газрын мөнгийг гаргаж авах тал дээр анхаарч байна. Хүсэлтээ гаргасан хүмүүст заавар, зөвлөгөө өгөх түвшинд ажиллаж байна.
-"Капитал" банкны дампуурал олон хохирогчтой. Энд төр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу?
-Миний хувьд банк дампуураал багагүй хугацаа алдчихсан л гэж ойлгож байна. Тухайн үед шийдвэр нь 2014, 2015 онд гаргачихсан байх ёстой гэж бодож байна. Тэр банк дампууруулах шийдвэр гаргасан хүмүүс нь л хариуцлага хүлээх ёстой байх даа.
-Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой юу?
-Өмнөх Ерөнхийлөгч нь ажлаа өгсөн. Одоо энэ асуудлаа юу гэж тайлбарлаж байгааг мэдэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )