ОЛОН ӨНГӨ: Миний хот

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Бороо ороход үерт автах дөхдөг ч борооны дараа далай тэнгис мэт ус нь цэлэлздэг миний хот. Салхи босоход чихрийн цаас, амны алчуур нь ам хамарт орох нь халаг эргэлдэн хуйларч сандаргадаг эгэл даруухан миний хот. Үүр цүүрээр боргох ноход, баарны хаалга саван гарах хөлчүү залуустай хөгжлийн замдаа хөгжмийн хэмнэлээр тэнтэр тунтар алхаж л яваа миний хот. Үдэш нь автобусны зогсоол нь шорлогны цэг болдог, шонгийн модны гэрэл нь диксо мэт сэтгэгдэл төрүүлдэг шоуны хот. Өвөлдөө утаандаа ужгирч, зундаа налайсаар униараа ч мартдаг сэхүүн хот. Үзэсгэлэнт охид нь загварын тайзнаа алхаж буй мэт дэгжин ч, “үрчгэр” хөх өвгөд нь салхинд суух газаргүй гансарч суудаг түвэгтэй хот.

Азийн цээжинд арслан мэт архилах араншинт хот. Аавын захиасыг цэнгээний газарт такс болгон төлчихдөг залуустай хүйтэн хот. С.Амарсайханыг Хотын дарга байхад авсан хятадын хулхи төмөр хашаа нь Монголын салхинд ялагдсан миний хот. Туулын бургасаа хуйгаар нь хядаад байшин барьчихдаг хуульгүй хот. Хавар, зун, намар цэвэрлэх байгууламжийнхаа үнэрт нь бачуурсан өмхий хот. Уулын модыг зам дагуу суулгачихаад ургахгүй байна гээд дахин уулнаас мод буулгадаг мулгуй даргатай миний хот. Гэр хороолол нь алаг шагай шиг харагддаг бидний хот. Гэр хорооллоо төвийн шугаманд холбоно гэж сонгууль бүрт худал хошгоруулдаг тарвага шиг хэдэн улстөрчтэй миний хот.

Гэрэл гэгээтэй бүхэн сац мэт сүндэрлэх болтугай, миний хотод. Сайн сайхан бүхэн асгаран орох бороо шигээ аадарлах болтугай, миний хотод. Болох зүйл ихтэй, болохгүй зүйл ч ихтэй бидний хот.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top