Өнөөдөр нийслэлд 5-6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Тэдний 3500 нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг гэх албан бус судалгаа бий. Тэгвэл “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран жил бүр “Хамтдаа Инээмсэглэе” өдөрлөгийг зохион байгуулдаг. Тэд энэхүү өдөрлөгийг энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулсан юм. Жилд нэг удаа зохион байгуулж байгаа нь чамлалттай ч бяцхан үрсийг хараад сэтгэлд нар мандах шиг л болж байлаа.
Би эмч болно. Гэхдээ хүн бүр л над шиг хараагүй хүнд боломжгүй гэж хэлдэг. Би хараагүй ч орчлон хорвоогийн бүх зүйлийг яг л харж байгаа юм шиг мэдэрдэг. Дүүгээ өвдөх болгонд түүнийг мэдэрч, түүнд туслахыг хичээдэг... хэмээн төрөлхийн харааны бэрхшээлтэй Д.Сундуйжав гэх хүү инээмсэглэн ярьж байна. Хүн бүхэнд чин сэтгэлээсээ туслахыг хичээдэг цагаахан зан нь түүнд эмч болох хүсэл, мөрөөдлийг авч иржээ.
“Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Түүний дунд хүү хөгжлийн бэрхшээлтэй болсноос олон асуудал, бэрхшээл тулгарчээ. Тиймээс өөртэйгөө адилхан асуудалтай эцэг эхчүүдийг нэгтгэж “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Эдгээр эцэг эх төрийн бус байгууллага байгуулаад бусдын адил тусламж гуйхыг хүссэнгүй. Өөрийн хийж чадах бүхий л зүйлээ дайчлан зөөлөн тоглоом оёж эхэлжээ. Ийн асран хамгаалагчдын ажлын байр бий болгосон нь манай улсын хувьд хамгийн анхны тохиолдол юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эцэг эх нь 20-30 жилийн хугацаанд тасралтгүй асардаг. Тухайн гэр бүлээс маш их тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ гарч байдаг. Тэд “Үнэрлэх үртэй байх сайхан юм даа” гэж амьдралд бууж өгөлгүй зүтгэсээр явна. Хамгийн гол зорилго нь хүүхдүүдээ халамж хүртэгч биш татвар төлөгч болоосой гэж хүсдэг аж.
Энэ үеэр “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргалын сэтгэгдлийг сонсох боломж олдсон юм. Тэрбээр “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2000 орчим хүүхдийг баярлуулаад байна. Энэ жилийн хувьд 300 хүүхдэд урилга явуулж, өдөрлөгөө зохион байгууллаа. Манай хүүхдүүдэд тулгарч байгаа олон асуудал бий. Хамгийн гол тэдэнд нийгэмших боломж хязгаарлагдмал байдаг. Нэг өдөр ч гэсэн хүүхдүүдээ эрхээ эдэлж тоглоомын газарт энгийн хүүхдүүдтэй адилхан тоглоосой гэж хүсдэг. Гэхдээ ажил амьдралаа залгуулж байгаа бидний хувьд энэ нь боломжгүй юм” хэмээн ярилаа.
Түүнчлэн “Ээж ээ, миний энд өвдөөд байна... Та хүүхдээсээ ийм үг сонсоод зовиур шаналалыг нь мэдэж, тэр дагуу эмчид хандан үзүүлдэг. Харин байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай үрс ийм үгийг өөрөө хэлж чаддаггүй. Тиймээс өвдөж байгаа газрыг нь нарийн оношилж илрүүлэх нь улсын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг юм” гэв.
“Хөгжлийн бэрхшээл” гэх хашилтад буй энэ үгийг хорвоод хүн болохоор ирсэн бяцхан үрсээс хэдэн цаг ч гэсэн хол байлгаж, хамтдаа хэсэгхэн хугацааг ч атугай өнгөрүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )