Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн түүхэн ойн өдөр тохиож байна.
2003 оны 06-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан байдаг. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг, зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй юм.
Энэ түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо.
Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгааг зарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонордууллаа.
“Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн Хүндэтгэлийн хуралд оролцогчдод
Эрхэм генерал, офицер, ахлагчид болон хүндэт ахмадууд Та бүхэнд эх орон, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн Гал түймэртэй тэмцэх байгууллага, Иргэний хамгаалалтын байгууллага, Улсын нөөцийн байгууллагууд гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжиж, Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Монголчуудын хэлдгээр гамшиг осол бол хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэнэтийн зүйл. Онцгой байдлынхан маань гамшгаас хамгаалах байнгын бэлэн байдалд байж, тухтай унтаж амрах, хооллож ундлахыг умартан ажилладаг онцгой үүрэгтэй хүмүүс билээ. Олон гамшиг ослын үеэр ажилласан “Онцгойгийнхон”-ыхоо гавьяа зүтгэл, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр тэвчээрээр ямагт бахархан талархаж явдгаа энэ завшаанаар илэрхийлье.
Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаадаа баяртай байна.
Үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа ч алдахад ойрхон хүнд нөхцөлд ажилладаг албан хаагчдын маань ажлын орчин нөхцөл, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж зарим үед үнэхээр дутагдалтай, аргагүй эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч сэтгэлээр гамшиг осолтой улаан гараараа тэмцэж байгаа тохиолдол ч олон байна. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах болон техник хэрэгслийн зардал нь гамшгаас учирсан хохирлыг арилгах зардлаас ямагт хямд төсөр тусдаг гэдгийг санах хэрэгтэй.
Иймд бид тусгай албан хаагчдынхаа өргөсөн тангарагт дулдуйдан аюул гамшгийн өмнөөс гар нүцгэн явуулдаг байдлаа зогсоож, хүн нэг бүрээ хамгаалах хэрэгсэл, шаардлагатай багаж техник, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлаар нь бүрэн хангах, олон улсын жишигт ойртуулах, төсөв хөрөнгийг шийдвэрлэх талаар ойн баярын энэ өдөр Засгийн газар, Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар онцгой анхааралдаа авахыг чиглэл болгож байна.
Гамшиг ослоос хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсны төлөө төрөөс албан хаагчдаа шагнаж урамшуулах нь зүй ёсны хэрэг боловч тэдний ажлын нөхцөлийг сайжруулж, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих нь суурь шаардлага, онц чухал хэрэгцээ юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор өнгөрсөн 3 дугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан зөвлөмжийн хүрээнд гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг боловсруулж, санал авахаар хүргүүлээд байгааг дуулгая. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хариу өгнө гэж найдаж байна.
Мөн зөвлөмжид дурдсан Онцгой байдлын байгууллагын аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болон Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа ирэх жил дуусаж байгаа тул энэ ондоо багтаан дараагийн шатны хөтөлбөрийг боловсруулах, 2020 онд батлах учиртайг эрх бүхий албан тушаалтнуудад сануулъя.
Болзошгүй аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг бууруулахад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үүрэг оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагаа онцгой чухал. Онцгой байдлын албаны ажлыг дэмжин туслах ёстой, гамшиг ослын эрсдэлээс сэргийлэхэд нэг чухал ажил бол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлт нөхцөл байдал үүсгэсэн байгууллагын зөрчил дутагдлыг арилгуулах, шаардлагатай бол үйл ажиллагааг зогсоох тал дээр манай мэргэжлийн хяналтын байгууллага зайлшгүй давхар хяналт тавьж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хамтран ажиллах явдал юм. Энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад зөвлөж байна.
Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа гал түймрийн ихэнх нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдэлтэй холбоотой байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас урган гарч буй эрсдэлийг бууруулахад бүх нийтийн оролцоог хангах, болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах, хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох зэрэг цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, шийдлийг бүх түвшинд хариуцлагатай хэрэгжүүлж ажиллана гэж найдаж байна.
Гамшиг осолгүй, аюулгүй Монгол Улсын төлөө бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, энэ үйл хэрэгт идэвхтэй оролцохыг нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
Онцгой байдлын албан хаагчид Та бүхэнд болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөж, ажлын их амжилт хүсье.
Мөнх тэнгэр монгол түмнийг өнөд ивээх болтугай” гэжээ.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Сэтгэгдэл ( 0 )