“Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын материал алдаатай байсан талаар шалгалт өгсөн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ.
Тус сургуулийн шалгалтын материалд бодлого алдаатай, тестийн хариу зөрсөн гэхчлэн нийт дөрвөн алдаа гарсны улмаас 1250 хүүхдийн эрх ашиг зөрчигдөөд байна гэж эцэг, эхчүүд ярив. Мөн шалгалтын бүртгэлийн хураамж гэж нэг хүүхдээс 25 мянган төгрөг хураан авсан нь нийт 31 сая төгрөг болсон гэх мэдээллийг өглөө.
Энэ талаар эцэг, эхчүүдийн төлөөлөл болох н.Энхбаяр “Хоёр жилийн турш шалгалтдаа бэлтгэсэн хүүхэд маань хоёр өдөр уйлж суулаа. Учир нь сургуулийнх нь шалгалтын материал алдаатай байсан. Шалгалт өгөөд гарч ирсэн хүүхдүүд материал алдаатай байсныг хэлснээр эцэг, эхчүүд энэ асуудлыг нягтлан шалгаж, сургуулийн захиргаанд хандахад ийм алдаа гаргаснаа мэдээгүй байсан. Сургуулийн сургалтын менежертэй уулзаж, “Та өргөдөл бичээд өг” гэхээр нь бичиж өгсөн. Харин захиралтай нь уулзахад “Манай сургууль өнгөрсөн долоон жилийн хугацаанд элсэлтийн шалгалт зохион байгуулж байна. Алдаа гарах ёсгүй. Шалгалтын тест зөв гэдэгт 99.9 хувийн итгэлтэй байна” гэдэг хариултыг өгсөн. Эцэг, эхчүүд бид мэргэжлийн хүнээр, математикийн багшаар шалгуулахад шалгалтын материалын А вариантын 28, 40 дүгээр бодлого алдаатай гарсан. Тодруулбал, 40 дүгээр бодлогын зөв хариулт сонголтод байгаагүй. Мөн Б вариантын 40 дүгээр бодлогын хариулт байгаагүй. Ингээд нийт дөрвөн бодлого алдаатай байж таарсан. Сургуулийн захиргаанд дахин өргөдөл, гомдол гаргахад алдаатай бодлогууд буюу 3 онооны даалгаврыг хасаж, дүгнэхээр болсон. Ингээд нэг вариант нь 39, нөгөө вариант нь 38 бодлоготой болсон. Үүнээс улбаалан шалгалтын оноонд зөрүү гарсан. Энэ зөрүүний улмаас шалгалтад тэнцсэн хүүхэд тэнцээгүй болсон учраас алдаагүй бодлогоор дахин шалгалт авахыг л бид хүсэж, шаардаж байна” гэсэн юм.
Эцэг, эхчүүдийн зүгээс өнгөрсөн даваа гаригт сургуулийн захиргаанд "Шалгалтын материал алдаатай байсан талаар олон нийтэд танилцуулаач" гэж хандсан боловч ямар ч хариу өгөөгүй аж. Одоогийн байдлаар 61 эцэг, эх гарын үсэг зурж, гомдол гаргаад байгаа юм байна.
“Шинэ эрин” сургууль нь Кембриджийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн анхны сургууль юм. Хүүхдүүд тус сургуульд дунд ангиасаа буюу зургаадугаар ангиасаа элсэн ордог байна.
Эцэг, эхчүүдийн төлөөллийн зүгээс “31 сая төгрөгийн төсвөөр боловсролын салбарт тэргүүлж буй мундаг доктор, профессоруудаар шалгалтын материалыг хянуулсан гэж ойлгож байгаа. Гэтэл тэр тусгай баг, комисс нь тавдугаар ангийн хүүхдийн хэмжээнд бодож чадахаа байчихсан юм уу. Эсвэл энэ алдааг санаатайгаар гаргав уу. Бидний зүгээс тус сургуулийн удирдлагыг “Шударгаар шалгалтаа дахин зохион байгуулаач ээ” гэж шаардаж байна. Тэгэхгүй бол эцсээ хүртэл тэмцэх болно” гэдгийг сануулж байв.
БСШУСЯамны Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Батцэцэгээс болсон явдлын талаар тодрууллаа. Тэрбээр "Сургуульд элсэхээр шалгалт өгсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс гомдол ирсэн. Гэсэн хэдий ч манай яамны зүгээс тухайн гомдлыг шийдвэрлэх боломжгүй. Анх Боловсролын үнэлгээний төвөөс тус сургуульд хамаарах шалгалтын материалыг боловсруулдаг байсан ч өнгөрсөн жилээс эхэлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас "Шинэ эрин" сургуулийн захиргаанд шалгалтын материалыг өөрсдөө боловсруулж, шалгалтыг бие даан зохион байгуулах эрх олгосон" гэсэн тайлбар өглөө.
Харин "Шинэ эрин" сургуультай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Одоогоор тус сургуулийн зүгээс ямар нэгэн байдлаар олон нийтэд болон хэвлэлд байр суурь илэрхийлээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: