ОЛОН ӨНГӨ | Аав, архи хоёр

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Энэ нэршил яг хэзээнээс аавыг минь дагадаг болсныг би мэддэггүй юм. Лав ухаан орсон цагаас минь архи, аав хоёр байнга цуг байсан. Хорооллын гудамжийг өгсөж уруудан эрүүл, согтуу өнгөрөөсөн тэр өдрүүд нэг бодлын хэнд ч хэлэхгүй тас нуумаар, нэг бол би ийм амьдрал үзсэн юм аа гээд хашхирмаар байдагсан.

Ах, бид хоёрын хүүхэд насны дурсамжид архи салшгүй холбоотой. Анхандаа бид ийм л амьдралтай байх ёстой юм шиг эвлэрч амьдардаг байв. Харин ухаан орсон даруйдаа бусад хүүхдийн амьдралыг сонсоод ийм амьдрал байдаггүй гэж мэдсэн. Баяр наадмаар ээжтэйгээ, аавтайгаа эрхлэлдэн баярлах хүүхдүүдийг харж атаархдаг болов. Жилийн турш үргэлжилдэг олон баяр наадмыг сүүлдээ үзэн ядан, хараадаг байлаа. Хүүхдийн баяраар хүүхдүүд ээж, аавын хамт гадуур гарч баярлах нь атаархмаар байлаа. Харин бид бахь байдгаараа архичин аавын согтуу царай, ээжийн ууртай царайг харж өдөр хоногийг өнгөрөөдөг байсан юм. Миний хувьд аавыгаа эрүүл байхад нь эрхлэх их дуртай. Аавын ах, дүү нар том нар, жижиг нар гэж хочилдог. Би ч тэр хочиндоо хайртай. Аавыг үнсэхэд хатгадаг сахал, содон тамхины үнэр одоо ч хамарт ханх хийнэ. Сэтгэлд үлдсэн тэр л дүр төрх нь одоог хүртэл нүдэнд бууна. Тэр “эрүүл” төрх нь.

Зүрхэнд минь үлдсэн аавын “эрүүл” төрх миний хувьд аавын тухай гэгээлэг дурсамж. Харамсалтай нь, эрүүл байх нь ховор миний аавын амьдрал мөнхийн хөлчүүгээрээ байсан юм. Амьдралд цагаан өнгө байдаг бол аавын минь эрүүл төрх Цагаан. Харин хар өнгө байдаг бол согтуу өдөр хоногууд Хар... Хар, цагааныг хослуулж өсгөсөн эцгийн минь алдааг ахин хэн ч бүү давтаасай. Хайр, халамжийг ханаж цадтал минь мэдрүүлээгүй ч хат суулгасан сархад чамд "баярлалаа".  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Top