Энхийг дэмжих сургуулилт энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран 2006, 2007, 2016 онуудад хамтран зохион байгуулсан түүхтэй.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй цэргүүдийн бэлтгэл сургуулилттай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга энэ сарын 15-нд болсон нээлтийн үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ “Энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, энгийн ард иргэдийг хамгаалах, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, сэргээн босгох ажиллагаануудыг явуулахад чухал хэрэгслүүдийн нэг хэвээр байсаар байна. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ. Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилалт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил юм аа. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талт ач холбогдолтой юм" гэж хэлсэн.

Тус сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршино. Түүнчлэн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулах юм.

Энэ удаагийн олон улсын сургуульд оролцож буй улсаас Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс, зэрэг 7 улс анх удаагаа тус олон улсын сургуульд оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top