Өдөр хоног бол ганцаардлын хаалга тогшиход гайхан баярлах агшин, бахархлын үүдээр багтаж ядахад гэрэвшин ухрах ичингүйрэл
* * *
Өдөр хоног бол цаг хугацаагаар нэхсэн эгэл болоод эрхэмсэг тор юм. Торонд юу байх нь чухал биш, тор нь л чухал
* * *
Өдөр хоног бол цайны дээж тэнгэрт одож, цацлын халбага гарт үлдэх, сүсэг бишрэл тунарч, сүү ээж хоёр уулзах агшин
* * *
Өдөр хоног бол дуулж яваа хүнд богинохон, уйлж яваа хүнд уртхан харахад ижил ч ханилахад ялгаатай орон зай
* * *
Өдөр хоног бол чи бид хоёр юм. Хүний амьдралын гал тогоо гэдэг хамгийн удаан амьдардаг урлан юм
* * *
Өдөр хоног бол өргөс, цэцэг хоёрт адилхан хандах өрөвч сэтгэл, өчигдөр маргааш хоёрын дундах халамжит хайр юм
* * *
Өдөр хоног бол зөөлөн нь хатуугаа ялах тэмцлийн гэрч нь ч бас нотолгоо нь ч юм. Тийм болохоор барагшин цоолоод ногоо ургадаг
* * *
Өдөр хоног бол өөхөнд өлгийдсөн бөөр шиг юм. Хал нь гаднаа, хайр нь дотроо аав шиг юм. Нүдээ аниад бодолхийлээрэй
* * *
Өдөр хоног бол зараа бөөдий хоёр юм. Үнсэх газар олдохгүй хүүдээ өргөсөөрөө алим шорлож зүтгэх эхийн сэтгэл юм.
* * *
Өдөр хоног бол тэнгэрийн санаа газарт биелэх оршихуй...Оршихуйгаас амилах орчлонгийн хүрд буюу...
* * *
Өдөр хоног бол дэвэрсэн хүслээ аргамжиж, дотогшоо бодолдоо татагдсан ухаарал юм
* * *
Өдөр хоног бол хярсан янзаганд бут нь нөмөр, цахилсан гөрөөсөнд туур нь нэмэр агшин юм
* * *
Өдөр хоног бол санамсаргүйг тээж явдаг залуургүй завь юм. Хүссэн ч хүсээгүй ч тэр завинд бүгдээрээ суудаг
* * *
Өдөр хоног бол балт зөгий юм. Хэн их хураасан нь ялдаг ч, хэтэрхий их хураавал бялуурдаг.
Яруу найрагч, сэтгүүлч Л.Мөнхтөр
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )