Та гэртээ мэнд очих ёстой, ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг. Харамсалтай нь, хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат, хариуцлагагүйгээс болж орон нутаг дахь зам тээврийн ослын тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаа юм. Өнгөрсөн онд зам тээврийн осолд 5323 хүн өртөж, 4761 хүн гэмтэж, 562 хүн амиа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгийн замд амиа алджээ. Үүний 45 нь хүүхэд аж.

Орон  нутгийн авто замд үйлдэгддэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох, хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  Монгол Улсын хэмжээнд “Яараад яах вэ дээ” аяныг зохион байгуулж байгаа юм.

Гэр рүүгээ биш үхэл рүүгээ яарсан уу гэлтэй хүмүүсийн тэвчээргүй, хүлээцгүй байдал өөрийнх нь төдийгүй гэмгүй зорчиж буй бусдын аминд хүрэхэд нөлөөлж байгааг ганцхан цагийн дотор Төв аймгаас Налайхын зам дагуу явж байгаа иргэдийг шалгахад л харагдаж байлаа.

Энд согтуугаар машин барьсан, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүй, хүний тоо хэтрүүлж тээвэрлэсэн гээд тоочоод байвал барамгүй алдаа дутагдлууд гарч байсан юм. Тээврийн цагдаагийн газрын албан хаагчид урлаг соёлынхонтой хамтран орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд ухуулга, сурталчилгаа тарааж байлаа. Мөн нийслэл хотоос гарах зүүн чиглэлд Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сумдын нутагт, баруун чиглэлд Төв аймгийн Баянчандмань сумын нутгийн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулсан байна.

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Жилд 60 биш 600 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. 2018 онд 29474 ослын дуудлага ирснээс 562 хүн нас барж, 3548 хүн гэмтсэн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. Өөрт тохиолдоогүй бол хол байдаг мэт санах энэ аюул бидний хэнд ч тохиолдох аюултай учир бүх автын ослыг хүндрүүлэгч хурдыг багасгаж яаралгүй явахыг анхааруулж байна. Иргэд, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд гарцаараа гараад, жолооч нар дүрмээ дагаад яваад байвал хайс хашлаганы хэрэг байхгүй. Жилд 600 хүн нас барж, 4000 хүн зам тээврийн ослын золиос болж 3000 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 134 тохиолдлын 92 хувь нь гарц гарамгүй газраар гарснаас болж осол хэрэгт өртсөн байна” хэмээн аяны үеэр хэлж байлаа.

Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг ажээ. Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар болсон байна. Ийнхүү тэд ард иргэдийнхээ амь насны төлөө нойр, хоолгүй ажиллаж байхад жолооч нар харин өөрсдийнхөө болоод гэр бүлийнхээ амь насыг гартаа атгаж яваа гэдгээ санаж яаралгүй явахыг албаныхан сануулж байв.

Ихэнх осол яарч зорьсон газраа хүрэхийг зорьдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, хурд хэтрүүлж давхидаг нь өөрийгөө төдийгүй гэр бүлийнхнийхээ амь насыг эрсдэлд оруулдаг байна. Мөн осолд өртсөн нийт авто машины 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Наад зах нь дугуй нь халцарсан байдаг нь тоормос гишгэхэд тэр даруй зогсдоггүй зэрэг эрсдэл үүсгэдэг аж. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлэхгүй, яаралгүй явах нь өөрийнхөө төдийгүй хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга юм гэдгийг сурталчилж, ойлгуулахад энэхүү аяны зорилго оршиж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид хэлж байлаа. Аян ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ААХР(64.119.20.178) 2019 оны 06 сарын 26

ЗАМЫН ЦАГДААГААС БОЛЖ ЖОЛООЧ НАР АМЬ НАСАА АЛДДАГ ЗАМЫН ЦАГАА ЖОЛООЧ НАРЫГ АЙЛАГДАГ ГАЗАР ДЭЭР НЬ ЭРҮҮДЭН ШҮҮЖ БУРУУТГААД ШУДРАГА БУСЫН ХОНГИЛООР ОРУУЛЖ ТОРГОДОГ АВИЛГАЛ АВДАГ ЗАМЫН ЦАГДАА ШИГ АВИЛГАЛД ЯЛЗАРСАН НИЙГМИЙН ХОГ ШААР МОНГОЛ УЛСД ХЭРЭГГҮЙ ЧАНАРГҮЙ ЗАМААС БОЛЖ ОСОЛ АВААР ГАРДАГ БОЛХООС АРД ТҮМНЭЭС ХҮНЭЭС БОЛЖ АВААР ОСОЛ ГАРДАГГҮЙ ЮМ ЦАГААНХАДАНД БАЙГАА ЗАМЫН ЦАГДАА НАР САР БОЛХОД БАЙРНЫ МӨНГӨ ӨЛХӨН ХИЙДЭГ ГЭНЭ АТГ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ ТЭЭВРИЙН ЦАГДААГ ТЭР ЧИГТ НЬ ШАЛГААЧЭЭ ШАР ХАШАА ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ШКОЛ ПОЛИЦЬ ЦААНА НЬ АСАР ИХ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ БАЙГАА Ш ДЭ

0  |  0
Top