Үсчин, гоо сайхны газрууд чанаргүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг болох нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ өнөөдөр /2019.06.27/ үсчин, гоо сайхны газруудад хийсэн хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 21 үсчний газар, 15 гоо сайхны газарт хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлөөс дурдвал:

  • Зориулалтын бус байр буюу орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг,
  • Шалгалтад хамрагдсан нийт газруудын 33.3 хувь нь өдөр тутмын болон их цэвэрлэгээ хийдэггүй,
  • Үсчний газруудын 76.1 хувь, гоо сайхны газруудын 46.6 хувь нь үйлчилгээндээ эрүүл мэндийн шинжилгээний бүртгэлгүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг,
  • Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар, аюулгүй байдалд хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байжээ.

Энэ талаар Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч М. Мөнхгэрэл “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд туссаны дагуу Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуул байгаа үсчин, гоо сайхны газруудад энэ оны тавдугаар сарын 1-30-ны хооронд хяналт шалгалт хийгдсэн байгаа. Үсчин, гоо сайхны газруудад ажиллаж байгаа ажилчид мэргэжлийн ур чадвар, мэдлэг дутуугаас сэтгэлд ханамжгүй үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр үсчин, гоо сайхны чиглэлээр сургалт явуулж байгаа сургалтын төвүүдийн хөтөлбөрийн чанартай шууд хамааралтай. Сургалтын төвүүд онолын хичээл заах цаг бага, дадлагажуулах суурь баазгүйгээр сургалт явуулаад, шууд мэргэжлийн үнэмлэх олгодог учраас мэргэжлийн ур чадвар сул үсчин, гоо сайханч ихээр нэмэгдэж байна. Үүнээс үүдээд иргэдээс маш олон гомдол ирдэг” гэлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Мөн зөрчил гаргасан иргэд аж ахуй нэгж байгууллагад торгууль ногдуулсан байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.20) 2019 оны 06 сарын 27

Мэргэжлийн хяналт ил тод нээлттэй ажиллаж бгаа нь үнэхээр мундаг бусад төрийн байгууллагууд нээлттэй болоосой

0  |  0
Zochin(202.4.248.86) 2019 оны 06 сарын 27

Орон сууцны 1-р давхрыг орон сууц аар нь ашиглах хэрэгтэй байна.

1  |  0
Top