Монгол-БНХАУ-ын худалдаа 10 тэрбум ам.долларт хүрэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч, хатагтай Бу Шяолин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2019.06.27/ хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Шадар сайд илэрхийлээд 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийн хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхэд ӨМӨЗО чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ дурдав. Мөн энэ оны зургаадугаар сард гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аар батлуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж байгааг болон Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг бууруулахгүй байх, нэмүү өртөг шингэсэн нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх санал гаргав. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ боомтоор жилд 25-30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдсэн учир боомтуудын хүчин чадлыг дээд зэргээр ашиглах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв. 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшин, бүх салбарт амжилттай хөгжиж байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Бу Шяолин тэмдэглэв. Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг үлгэр жишээ бүтээн байгуулалт болгохын төлөө ӨМӨЗО өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (202.21.124.18) 2019 оны 06 сарын 28

ӨМӨЗО-ны тэргүүлэгч энэ хужаа авгай хэлсэндээ хүрч Эрээн-Замын-Үүдийг худалдаа, эдийн засгийн тэргүүлэх бүс болгохын тулд Өвөр Монголоос ахиухан хөрөнгө оруулалт хийлгэчихвэл ядуу дорой улсын маань хөгжилд тун ч нэмэртэй юмсан даа.

0  |  0
Top