"Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний II их хурал 2019.08.16-18-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж, олонд танилцуулж байдаг Н.К.Рерихийн зурж 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн талаарх химийн шинжилгээний танилцуулга илтгэлийг тавьсан юм. Н.К. Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, Монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг. Улмаар уг зургийн нэрээр нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өгсөн ч гэж зарим эрдэмтэд нотлон тайлбарладаг байна.
Хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Улаан хөлөгт баатар” зургийн эх хуулбарыг ОХУ-ын “Шамбала” музейн удирдлагад гардуулан өгсөн бөгөөд “Монголчууд бэлгэдэгч сэтгэлгээтэй дорно дахины ард түмэн болох хувьдаа Н.К. Рерихийн “Улаан хөлөгт баатар” бүтээлийн агуулгыг сайшаан хүндэтгэдэг. Тус бүтээл Монгол орон, Монголчуудын ирээдүйг өөдрөгөөр дүрсэлсэн хамгийн сайхан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орно. Монгол орноо энхжин, жаргалангийн орон болгон хөгжүүлэх нь монгол хүний чин эрмэлзэл мөн бөгөөд түүнийг монголчуудын соёлын амьдралын 2000 жилийн түүхтэй холбоотой Буддын соёлын агуулгаар баяжуулан бүтээсэн энэ бүтээл манай монгол музейн сан хөмрөгт байгаа хосгүй үнэт соёлын өвийн тоонд ордог юм. Манай нийслэл “Улаанбаатар” хотын нэрийг энэ бүтээлтэй холбох нь бий. Ингэж үзвэл Рерих авгайг монголчууд, манай нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй бөгөөд агуу судлаачийг, зураачийг мэддэг байх нь зүй ёсны хэрэг болно” хэмээн үг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )