Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хамтаар өргөтгөсөн хурал хийлээ. Хурлаар АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Иргэд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа талаар ямар ч ойлголтгүй байна. Мэдээлэлгүй байгаа учраас ямар санал өгөхөө ч мэдэхгүй байна. Тиймээс эцэг хуульд хариуцлагагүй хандаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Мөн иргэд энэ парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн байр суурьтай байна" гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАН-ын нэг гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон, 40 орчим гишүүн нь ЖДҮХС-гийн зээлд холбогдсон энэ нөхцөлд хуулийг батлах нь ёс зүйгүй гэдгийг иргэд хэлж байгаа. Энэ парламент мажоритар системээр явсан учраас нийт саналын 70 орчим хувь нь гадаа байгаа. Хэлэлцүүлэх ёстой асуудлаа тусгаагүй байна гэдгийг иргэд хэлж байна. Тухайлбал, "давхар дээл"-ийг 100 хувь хориглоно гэж байсан ч чадсангүй. Батлах гэж байгаа хүмүүс нь ёс зүйгүй хүмүүс байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийг эд хүчээр хийнэ. Хүчээр хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт нь МАН-ын л өөрчлөлт болно" гэлээ.
Ийнхүү АН-ын зөвлөл байр сууриа нэгтгэн Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүссэн албан хүсэлт хүргүүлсэн байна. Тус хүсэлтэд "Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдахаар завдаж, нийгмийн гэрээ болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран сандран хууль зөрчин өргөн мэдүүлж, мордохын хазгай болсон төслийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, иргэдийн хүсэл зориг, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, уг асуудлаар улс төрийн бүхий л намуудын зөвшилцөлд хүргэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг Ерөнхийлөгч танаас хүсье" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
АН ын хэдэн тэнэгүүд байхгүй байсан нь дээр муусайн ажлын садаанууд