Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөлд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс санал, дүгнэлт гаргасан байна. АН-ын зөвлөлөөс 2020 оны төсвийг сонгуульд зориулсан төсөв болсныг шүүмжилсэн байлаа. Үүнд:
НЭГ: МАН-д 2016 оны сонгуулийн амлалтыг сануулъя.
“Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг” гэж МАН тодорхойлсон байдаг.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран хийсэн судалгаагаар хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байв. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Ногоон эдийн засгийн холбооноос хамтран гаргасан Ногоон эдийн засгийн барометр тайланд тусгаснаар Монгол улсын ядуурлын хамрах хүрээ 29,6 хувьд хүрч 907,5 мянган хүн ядуу байна гэжээ.З сая гаруй ард түмний гурван хүн тутмын нэг нь ядуурсан байна.Хот суурин газарт амьдарч буй ядуусын эзлэх хувь 2016 онд 62.1 байснаа 2018 онд 63.5 болж өссөн. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуусын 41.8 хувь нь амьдарч байна. Тэгэхээр Та бүхний “иргэдээ ядуурлаас аврах” амлалт лав хэрэгжсэнгүй.
Та бүхэн амлахдаа:
-Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна.
-Өндөр хүүтэй зээл эх үүсвэр ашиглахаас татгалзана. Өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно.
-Татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.
-Хувийн хэвшил болон Жижиг, дунд үйлдвэр, бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлнэ.
-Баян, ядуугийн ялгааг арилгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлнэ гэсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 3 жил дараалан 2 их наядаас давлаа. 2020 оныг оруулаад Та бүхний засаглаж байх хугацаанд нийтдээ 9 их наяд давсан төсвийн алдагдал учрах нь. Энэ жилийн алдагдлыг гэхэд 2 их наяд 74 тэрбум гэж төсөөлсөн байх юм. Түүхэн дээд амжилт тогтоож байгаа ийм хэмжээний архагшсан алдагдал бол зөвхөн дайны хөлд нэрвэгдсэн улсуудын төсөвт байдаг үзэгдэл юм. Та бүхэн төсвийн алдагдлыг архагшуулан, ужигруулах замаар иргэдийн нуруун дээр асар их өрийн дарамт авчирлаа.
Нэг ч татвар нэмж гаргахгүй гэж амласан хирнээ 9 төрлийн татварыг шинээр бий болгожээ. Үүний дотор дотоодын үйлдвэрлэлд дарамт учруулах замаар хаалгыг нь барихад хүргэсэн хорлонтой татвар ч бий. Ашигт малтмалын нөөц ашиглалтын татварыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч л төлөх ёстой. Гэтэл хавтгайруулж, ашигт малтмал боловсруулж байгаа үйлдвэрүүд энэ татварыг төлдөг болгосноор дотоодын 53 үйлдвэр хаагдахад хүрсэн байна.
Татварын бодлого чинь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхах шинж, агуулгатай, зөрүүтэй тогтоогдсоноос зөвхөн тамхины импортоос гэхэд 50 тэрбум төгрөг төсөвт орох боломжийг өнгөрсөн жилүүдэд алджээ. Энэ бол уршигт “60 тэрбумын хэргийн” үр дагавар төсөвт хүртэл тусгалаа олж байгаагийн, татварын бодлогод нөлөөлсөөр байгаагийн тод шинж тэмдэг юм.
Та бүхний - Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ зэрэг гоё амлалт чинь хоосон агаарт замхран оджээ.
Та бүхэн эрх мэдлийг хүлээн авснаасаа хойш мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж чадсангүй, мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлэх, үр дүн гаргах чиглэлээр юу ч хийсэнгүй гэдэг дүгнэлтийг л хөндлөнгөөс өглөө. Үүнийг улс төржүүлэлгүй яаралтай шийдвэрлэж, улсаа Саарал жагсаалтаас гаргах нь эрх баригч Та бүхний улс эх орон, ард түмний өмнө хүлээсэн хойшлуулшгүй үүрэг мөн.
Хамгийн ойлгомжгүй зүйл нь ДНБ байнга өсөлттэй гарч байхад ядуурлын түвшин нэмэгдсээр байгаа явдал. Энэ бол эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байна. Төсөв санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлэхгүй байна, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгааг илтгэх дохио.
Ядуурлын суурь бол ажилгүйдэл юм. Ажилгүйдлийн түвшин эдийн засгийн өсөлттэй гэгдэх жилүүдэд 9.7 хувьд хүрч, өссөн байх юм. Монголын хүн амын олонхыг буюу 64,7 хувийг нь ид хөдөлмөрийн насны иргэд эзэлдэг ч хөдөлмөрийн захын үзүүлэлтүүд эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн жилүүдэд огт сэргэсэнгүй.
2016 оноос хойш Хэрэглээний зээлийн хэмжээ жил бүр 37 хувиар өсчээ. Энэ бол өрхийн орлого нь зарлагаасаа бага байгааг илтгэх үзүүлэлт. Энэ нь иргэдийн өрийн дарамт эрс нэмэгдсэн гэсэн үг. МАН иргэдээ, улсаа өрийн дарамтаас чөлөөлөх бус улам бүр өрийн намагт шигтгэн, засаж залруулахад нэн түвэгтэй нөхцөл рүү, хямралын ангал руу улсынхаа эдийн засгийг түлхэж байна.
ХОЁР: Төсвийн орлогыг тооцоо судалгаагүйгээр нэмсэн байна.
Асар их үрэлгэн зардлаа зөвтгөхийн тулд төсвийн орлогыг бодит байдлаас зөрүүтэй зориуд өөдрөгөөр төлөвлөсөн байна. Үнэндээ бол өнгөрсөн жилүүдэд экспортын орлого 2 дахин өссөн нь Засгийн газрын мэргэн бодлогын үр дүн биш уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг таарсны л үр дагавар байсан юм. Үүнийг Олон улсын валютын сан маш тодорхой хэлж, анхааруулж байгаа.
Сангийн яам ирэх жилийн төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн нь бодитой биш байна. Жишээ нь: орлогын албан татварыг 2019 оныхоос 37.1 хувиар өсөж 2,764.7 тэрбум төгрөг төсөвт орно гэж ээ. Татварын дарамт 8-аар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ямар ч бодлогогүй байхад хаанаас, хэнээс татвар нэмж авах гээд байгаа юм бол?
Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж 41.6 хувиар нэмэгдэж 2,402.7 тэрбум төгрөг төсөвт орно зэрэг нь бодитой бус. Ажлын байр 41 хувиар нэмэгдээгүй байхад Нийгмийн даатгалын шимтгэл төдий хувиар өсөх үү?
Түүнчлэн Гаалийн албан татварыг 17.7 хувиар, Онцгой албан татварыг 13,8 хувиар, тусгай зориулалтын орлогыг 30.3 хувь, Хөрөнгийн албан татварыг 19.3 хувиар тус тус нэмэгднэ гэж тооцож байгаа нь нэг бол ядарсан ард түмнийхээ шүүсийг шавхахаар шийджээ.
Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн үр дүнд 2019 онд экспортын орлого 13.9 тэрбум ам.доллар болсон. Энэ нь ирэх жил экспортын орлого 14.5 тэрбум ам.доллар болж өсөх баталгаа огт биш. Учир нь ашигт малтмалын үнийн өсөлтийн мөчлөг уруудах үе ирж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Гэтэл зориудаар экспортын орлогыг өндрөөр төсөөлж, төсөвт суулгаж байгаа нь эдийн засагт маш хорлонтой тусах болно. Сангийн яам уул уурхайгаас төсөвт 3 их наяд 194,5 тэрбум төгрөгийн орлого төсөвт орно гээд хэт өөдрөг төсөөлжээ. Орлогыг хэт өндөр тавиад, хөрөнгө оруулалтын хэмжээг дагуулж нэмснээр ирэх жилийн төсөв үндсэндээ импортыг дэмжих төсөв болон хувирч байна.
ГУРАВ: Төсвийн зарлага асар их хэмжээгээр данхайлаа
Төсвийн зарлагын огцом өсөлт нь хамгийн түрүүнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нийт эрэлтийг огцом өсгөж, улмаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хуримтлалыг шахаж, зээлийн эх үүсвэрийг хумих, зээлийн хүүг нэмэгдүүлэх замаар инфляцийг шууд хөөрөгддөг зүй тогтолтой. Инфляцийн нэмэлт зардлыг халааснаасаа төлөх замаар төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршигыг зөвхөн иргэд л нуруун дээрээ үүрдэг “хууль”-тай.
Ирэх оны улсын их хурал болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай уялдсан Төсвийн зарлагын хэт тэлэлт буюу энэ тэлсэн төсвийн бодлого нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох инфляц, төсвийн алдагдал, гадаад, дотоод өрийн хэмжээг нэмэгдүүлэх нь тодорхой боллоо.
ДӨРӨВ: Бодлогогүй, тооцоогүй хөрөнгө оруулалтын талаар,
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд батлагдсан төсөл арга хэмжээний гүйцэтгэл одоогоор дөнгөж 36.9 хувьтай хэрэгжиж байна. Та бүхэн өнгөрсөн жил хөрөнгө оруулалт нэрээр 2,6 их наяд төгрөгийг 76 тойрогт цацаж, шамшигдуулснаа энэ жил ахиулан тойрог бүр дээр 3,6 их наяд төгрөгийг цацахаар төлөвлөжээ. Энэ чинь хөрөнгө оруулалт биш, шамшигдуулалт, үрэлгэн зан юм. Сумдын багууд дээр хурлын байр барих, багийн даргад мотоцикл авч өгөх гэх мэт зүйлд энэ их мөнгө хийсэх гэж байна. Энэ нь эргээд төсвийн зардлыг ихэсгэх, хүндрүүлэх болно. Төсвийн хөрөнгөөр баригдсан байрны халаалт, арчилгаа, багийн даргын унаа мотоциклын түлш шатахуун, засвар үйлчилгээ гээд төсвийн зардал огцом өснө.
Гадны зээлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг тооцоо судалгаагүй хийж байгаа нэг жишээ бол Улаанбаатар-Дарханы зам. Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сард хүлээн авна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн нь худал болж таарлаа. Тус замын засвар шинэчлэлтийн ажил эхэлснээс хойших гурван сарын хугацаанд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтжээ. Мөн иргэд машин тэргээ эвдэж, эд хөрөнгөөрөө асар их хохирол хүлээж байна.
Иргэнээ хөдөлмөрлөх боломжоор ханган, бизнес эрхлэх, өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах чиглэлд нэг төгрөг ч тавигдсангүй. Хөрөнгө оруулалтын асар их хэмжээний хөрөнгийг орлогын шинэ эх үүсвэр бий болгох салбар, импортыг орлох үйлдвэрүүд, иргэдийнхээ амьдралд нэн чухал шаардлагатай дэд бүтцийг шинээр байгуулахад зориулах ёстой юм.
ТАВ: Улсын хөгжлийг ухраах хэмжээнд хүрсэн төсвийн алдагдал
2017-2019 оны улсын төсөв нийтдээ 7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. 2020 оны төсөв 2 их наядын алдагдалтай байхаар төлөвлөж байна. Алдагдал гэдэг чинь өр! Энэ өрийг хэн төлөх юм, мэдээж хэрэг ард түмэн, сонгогчид.
Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлж эхэллээ.
ЗУРГАА: Монгол Улсын өр аюулын харанга дэлдэж байна
Өнөөдөр Засгийн газрын нийт өр 2016 оны 2 улиралд 4,785.8 сая ам.доллар байсан бол 2019 оны 2 улиралд 7,246.4 сая ам.долларт хүрч даруй 2,460.6 сая ам.доллараар нэмэгдсэн нь бараг 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.
Гадаад өрийн өсөлт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч эхэллээ. Энэ нь үндэсний валютын ханшаар илэрч байна. Монгол банк тэрбум тэрбум ам.долларын интервенц хийсэн ч ханшаа алдаж эхэлсэн нь гадаад өрийн хэмжээ болон төсвийн алдагдалтай шууд холбоотой юм. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш өссөн энэ үед хуримтлал үүсгэн дотоод нөөц бололцоогоо ашиглан өрнөөс гарах бүрэн боломж Монгол улсад байсан юм.
Та бүхэн өрөөр айлгаж, өрийн дарамтаас гаргах амлалт өгч сонгогдсон. Гэтэл өнгөрсөн жилүүдэд улам их өрийг илүү өндөр хүүтэйгээр тавьж, сонгогдохдоо ашиглаж байсан “Монгол улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэдэг үг, тоо чинь одоо “иргэн бүрт 25 сая төгрөгийн ногдох” болон өслөө. Зөвхөн төсвийн алдагдлаас гэхэд улс орондоо Та бүхэн 9 их наядын өр үйлдвэрлэлээ.
ДОЛОО: Тусгай сангууд улс төрчдийн халаас зузаатгах сан болсон байна
Засгийн газар тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод болгон олон нийтийн оролцоог ханган, эдийн засгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх амлалт авсан. Харамсалтай нь Мал хамгаалах сан, Тариалан дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг улс төрчдийн халаас зузаатгах сан болгон хувиргасан. Ийнхүү иргэдийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэдэг, төр засгаас хараат бусаар үйл ажиллагаа эрхлэх боломжийг олгодог сангууд хаагдаж, өөр хоорондоо нэгтгэгдэж байна. Харин оронд нь кино урлагийг дэмжих сан гэгч байгуулагдаж иргэдийн тархийг угаахад чиглэсэн байна. 2020 онд тусгай сангуудаар 4 их наяд 295.9 тэрбум төгрөг санхүүжүүлэх мөртөө Эрүүл мэндийг дэмжих санд ердөө 3 тэрбум төгрөг, Шинжлэх ухаан, технологийн сан 13.5 тэрбум, үйлдвэрлэлийн санд 84.9 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ бүхэн эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэнд болон, шинжлэх ухааны салбарт ямар их тоомжиргүй хандаж байгааг тодорхой илтгэн харуулж байна. Мөн иргэдээ ажлын байраар хангах, хийж бүтээн төр засагтаа татвар төлөх бололцоог үгүйсгэж байгаа дүр зургийг харж болохоор байна.
“Төрийн дампуурлыг засна” гэх амлалтыг чинь ахин сануулъя.
Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн мөчлөгөөс эдийн засаг нь шууд хамаардаг улс орнууд төсвийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Төсвийн мөчлөг сөрсөн бодлого нь эдийн засаг өсөлттэй үед хангалттай хуримтлал үүсгээд, эдийн засаг хумигдах үед гадаад, дотоодын зээл авч, өрөө нэмэхгүйгээр хуримтлалаа ашиглаж эдийн засгаа тэлдэг. Энэ туршлагыг дэлхийн олон улс орон амжилттай хэрэгжүүлж эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлж байгаа билээ.
Манай улс төрчид 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан талаар ам булаалдан ярьдаг боловч, тэр үед Засгийн газрын гаргасан том алдаа бол олсон орлогоо хавтгайруулсан халамж болгон тарааж улс орныхоо эдийн засгийг хорлосон явдал байдаг. 2020 оны төсөв МАН-ын өмнөх гашуун туршлагыг дахин давтаж байна.
Төсвийг боловсруулах мэргэжлийн судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого үгүйлэгдэж байна. Төсвийн бодлогыг ялсан намын популист амлалтыг санхүүжүүлэхэд зарцуулах байдал даамжирсаар байна. Шийдвэр гаргагчдын хувийн рейтинг өсгөх зорилготой тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн нуруун дээр ирдэг дарамт юм.
Төсвийн захиран зарцуулалт хяналтгүй, хариуцлагагүй байна. Эдийн засгийн наад захын мэдлэггүй хирнээ “улс төрч” хэмээх өргөмжлөлтэй хүмүүсийн балгаар Монгол улсын Төсвийн бодлого үндсэн чиг шугамаасаа үндсэндээ хазайгаад байгаа билээ. Гэтэл Ардчилсан намын зөвлөлийн гаргасан санал, санаачлагууд УИХ дэмжлэг авахгүй байхын зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын хуулиар хатуу хязгаар тавьсан төсвийн тусгай шаардлагуудыг УИХ хүч түрэмгийлэн өөрчилж, төсвийн алдагдал, өрийн таазыг нэмэгдүүлэх, УИХ баталсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх зэргээр дураараа дургиж байгаа нь Төсвийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх утга санааг бүрэн алдагдуулахад хүргэжээ.
2020 оны монгол улсын төсвийг бүхэлд нь дүгнэж үзвэл татвар төлөгчид болон уул уурхайн орлогод хэт эрдсэн, томоохон бүтээн байгуулалтгүй хирнээ уул уурхайн өсөн нэмэгдэж буй орлогоос хуримтлал үүсгэх эрмэлзэлгүй, олсныхоо хэрээр үргүй зарцуулж, улсын өр, зээллэгийн хэмжээг ноцтой байдалд хүргэсэн үрэлгэн, үр ашиг муутай сонгуулийн популист амлалтуудаа хэтэрхий ач холбогдол өгсөн, Монгол улсын нийтлэг эрх ашиг, ирээдүйн хөгжил дэвшлийг огоорсон төсөл болсон гэж дүгнэж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж Төрийн буюу эрх барьж байгаа хүчний хүлээх үүргийг тов тодорхой зааж өгсөн гэдгийг дахин сануулж байна.
Сэтгэгдэл ( 0 )